Ц.Батчулуун: Монголын урлагт ингэж хандсан тэр хүмүүст гомдоод барахгүй юм

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун: Монголын урлагт ингэж хандсан тэр хүмүүст гомдоод барахгүй юм

 Түгшүүр,
айдаст автуулсан энэ хэдэн өдрийн турш ардын жүжигчин Ц.Батчулууны
нулимс унаган, хоолой зангируулан ярьж байсан нь санаанаас гарсангүй.
Эгээ л дайны хөлд сүйдсэн мэт өрөө тасалгаа, эвдэлж хэмхлээд хэрэглэх
аргагүй болгосон хөгжим, шалаар нэг хөглөрөх ноотнуудаас илүү түүний
сэтгэлийг эмтэлж байсан зүйл нь үргэлж инээд хөөрөөр цалгиж явдаг шавь
нар нь даль жигүүрээ хугалуулсан мэт урвайн зогсохыг харах байжээ.
Чингисийн Монголын нэрийн хуудас болсон Морин хуурын чуулгынхныг дэмжиж
явдаг сэтгэлээ илэрхийлж, “Улаанбаатарын сонин”-ы хамт олны зүгээс өгч
буй бяцхан хандивыг гардуулах давхар давхар үүрэг хүлээн өнгөрөгч бямба
гаригт Морин хуурын чуулгыг зорив. Чуулгын уран сайхны удирдаач, ардын
жүжигчин Ц.Батчулуунтай уулзлаа.

 

-Таныг
Филармонийн жижүүрээс сураглатал сургууль хийж байгаа гэхээр нь үнэхээр
их баярлалаа. Хуурын чуулгагүй болчихвол яана гэж бодсон хүн ганц би
биш.

-Үнэндээ манай
хүүхдүүдэд Монголын ард түмэн хайртай юм. Морин хуурын чуулга хадлагад
өртөж гэж дуулсан олон хүн энд тэндээс ярьж, ирж уулзаж байгаа. Тэд
“Монгол наадамд Морин хуурын чуулга эгшиглэх ёстой шүү” л гэж хэлдэг.
Тийм болохоор бид наадмаар тоглох бүтээлийнхээ сургуулийг хийж байна.


-Хохирлыхоо хэмжээг гаргаж амжсан уу?

-Хамгийн
муухай нь хөгжмүүдийг минь эвдэлж хэмхлээд хаячихсан биш бүр хулгайлаад
аваад явчихсан. Нийтдээ 26 хөгжмийн зэмсгээ алдчихаад байна. 15 морин
хуур, гурван ятга, гурван дунд хуур, нэг ёочин бусад нь цохиур хөгжмийн
зэмсгүүд. Морин хуур гэхээр жирийн хуур биш шүү дээ. 15-16 жил
тоглосон, мастер хуурнууд. Доод тал нь 500 мянгын үнэтэй. Манай Хосбаяр
л гэхэд хоёр сая төгрөгөөр хийлгэсэн шинэ хуураа хоёр сар ч барилгүй
алдчихлаа. Симфони оркестрын ч олон хөгжмийг эвдэж хэмхэлсэн. Зөвхөн
хөгжмийн хохирол 100-гаад сая төгрөг хүрнэ.

Дээр нь манай чуулгынхны тоглолтын хувцас, бүс, малгай, гутал гээд 126 зүйл алга болсон.


-Морин хуурын чуулгыг тоносон хүмүүсийг барьсан тухай хэвлэлд мэдээлж байсан. Хөгжимнүүдийн хагас хугас олдоогүй юу?

-Ганц
нэг ятга олдсон ч маарууд нь байхгүй гэх зэргээр шууд ашиглах аргагүй
болгочихсон байна лээ. Би энд зориуд нэг зүйлийг онцолмоор байна.
Магадгүй манай энд дандаа хулгайч нар орж ирээгүй байх. Тэдний дунд
сайн санаатай хүн байгаад зарим нэг хөгжмийг минь халдлагаас хамгаалах
гээд аваад явсан байж магадгүй. Хэрэг явдлын дараа авчирч өгөх гэтэл
хулгайлсан гээд зарлачихаар яаж ч чадахаа больсон байж мэднэ шүү дээ.
Хэрэв тийм хүмүүс байгаа бол бидэнд хандаарай. Бид ойлгоно.


-Хөгжимгүйгээр бэлтгэл сургуулилалтаа яаж хийж байгаа юм бэ?

-Хүмүүс
их тусалж байгаа. “Спирт бал бурам”, “Цайрт минерал”, Орифлейм Монгол,
“Асашёорүю” сан гээд олон байгууллага, хувь хүмүүс бидэнд харамгүй
туслаж байна. Хүмүүс гэрийнхээ морин хуурыг хүртэл авчирч өгсөн.
Өчигдөр тэтгэврийн хоёр хөгшин ирээд “За хүүхдүүд минь, та нар ямар ч
байсан наадмаар босох ёстой” гэж захиад хорь хорин мянган төгрөг
хандивлаад явсан гээд бод доо. Манай хүүхдүүд гарт дадаагүй хөгжимтэй
их хэцүү байна. Энд тэнд нь зураад л нэгдүгээр ангийн хүүхдүүд шиг
сууцгаах тэднийгээ хараад өрөвдөөд байх юм. Бид ер нь хэнд ч муу зүйл
хийгээгүй. Эх орноо сурталчилж, урлагийнхаа төлөө нойр хоолоо умартан
ажилладаг уран бүтээлчид. Тэгтэл бидэнд, Монголын урлагт ингэж хандсан
тэр хүмүүст гомдоод барахгүй юм.


-Үймээн самуун болдог шөнө та ажил дээрээ ирсэн үү?

-Шөнө
нэг цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд манай Филармонийн дарга
Даваасүрэн, Зоригт багш, виолончелийн Дөлгөөн эд нар ирсэн. Юу харсан
гэж санана аа. Аймшиг. Энд тэндгүй эвдэрч хэмхэрсэн зүйл, шалаар нэг
хөглөрсөн ноотны цаас.


-Хулгай дээрэм хийж байсан хүмүүс нь явчихсан байхад таараа юу?

-Эхний
хэсэг нь явчихаад үлдсэн дээр нь юмыг яаж мэдэх вэ гэсэн хорь гаруй улс
байсан юм билээ. Ноот хадгалдаг сейфнүүдийг юу ч үгүй эвдээд хаячихсан.
Яг намайг орж ирсэн чинь хоёр нь манай нэг сейфийг өргөөд явж байна. Би
тэдэнд “Наана чинь юу ч байхгүй. Яг л эдэн шиг дан цаас байгаа” гэж
байж орхиулсан. Улайрсан улс юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ.
Норовбанзад багшийн минь CD-нүүд, Жамъян багшийн тухай миний хийсэн ном
гээд өөрөөсөө ч илүүтэй хайрлаж явдаг эрхэм хүмүүсийн минь дурсгалыг
шалаар нэг хөглөрүүлж, урж тастаж хаячихаад дээгүүр нь хэнэг ч үгүй
алхаад явж байхыг хараад зүрх шимширсэн. Бурхан болсон тэд өнөөгийн
залуусын өмнө ямар буруутай юм бэ. Үнэндээ үг олдохгүй юм, бухимдаад.


-Жагсаал гэж эхэлсэн зүйлийг сүүлдээ тийм аймшгийн улайрсан гэмт хэрэг болно гэж хэний ч санаанд орох билээ дээ?

-Харин
тийм. Бид тэр өдөр хэчнээн өндөр сэтгэгдэлтэй байсан гээч. Үдээс өмнө
нь Германы баримтат кинонд зургаа авахуулаад. “Ингэн нулимс” гэж кино
хийгээд барууныг шуугиулсан монгол найруулагч Бямбасүрэн германчуудтай
хамтраад “Эзэн Богдын хоёр загал” гэж баримтат кино хийж байгаа юм
билээ. Түүнд нь Египетэд амьдардаг Өвөр Монголын алдартай дуучин Урнаа
манай чуулгатай хамтарч дуулсан юм. Тэр зургийн дараа Америкийн Хан Шин
гэж солонгос гаралтай удирдаачид тоглолтоо үзүүлээд. Дараа нь Хан Шин
удирдаач манай симфони оркестрыг дохисон тоглолт ҮДБЭЧ-д болсон юм.
Түүнийг үзээд, ер нь завгүй хэрнээ их сайхан өдөр өнгөрсөн. Маргааш
өглөө эрт цуглаж, “Учиртай гурван толгой”-г CD-д бичүүлэхээр товлоод
тарсан. Хэчнээн урам зоригтой, юм хийнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан
гээч, манай хүүхдүүд.


-Жагсаалын тухай хэдийд нь мэдээ вэ?

-Биднийг
явж байхад жагсаал болж  байсан. Өмнө нь ч тиймэрхүү жагсаал болдог
болохоор огт тоогоогүй л дээ. Хариад телевиз үзээд МАХН-ыг балаллаа даа
гэж бодоод харж байсан чинь сүүлдээ тавьсан гал нь Уран зургйин
галерей, Архитекторуудын нэгдсэн эвлэл гээд манай хажуугийн
байгууллагууд руу орсон мэдээлэл явахаар нь үнэндээ гэртээ сууж
тэсээгүй. Хүрээд иртэл ийм аймшгийн зүйл угтсан. Энэ бол зүгээр нэг
тохиолдлын зүйл биш. Зориуд зохион байгуулсан, санаатай үйлдэл.


-Телевизээр харахад тэр үймээнд оролцогчдын дунд хүүхдүүд олон байна лээ?

-Хүүхдүүд,
хүүхнүүд гээч. Намайг ажил дээрээ ирэхэд ч илүү дутуу юм хайсан, улайрч
хашгирсан хүүхнүүд явж л байсан. Гэрийнхээ юмыг зөөж байгаа аятай
хулгайн зүйлээ хэнэг ч үгүй авч явааг нь хараа биз дээ. Бас мэргэжлийн
хулгайч нар ч олон байсан байх. Түлхүүрийг нь гээчихээд дотроос нь
ноотоо авч чадахгүй хоёул гурвуул оролдоод хүчирдэггүй байсан  Морин
хуурын төвийн минь сейфийг зүгээр л хумхисан цаас шиг болгоод хаячихсан
байгаа юм даа.


-Наадмаар танайх хэр олон тоглолттой вэ?

-9-нд Монгол шилтгээнд, 11-нд Дуурийн театрт тоглолттой. Бас наадмын  концертод оролцоно.


-Ямар бүтээл тоглох юм бэ?

-Бямбабаярын нэг бүтээл байгаа. Сая чамайг орж ирэхэд манайхан уншиж байсан даа, анзаарсан бол.


-Огт сонсоогүй юм шиг санагдсан.

-Шинэ бүтээл юм. Одоо л дуугарах гэж байгаа.


-Тоглож дадаагүй хөгжимтэй, шинэ бүтээл сургуулилна гэдэг амаргүй байх даа?

-Мэдээж
хөгжмийн зэмсгээс их зүйл шалтгаална. Гэхдээ биднийг бос, муу хүмүүсийн
бахыг хангаж чимээгүй сууж болохгүй гэж олон түмэн захиж байхад
чадлаараа мэрийнэ. Хөгжим л гэхээс миний шавь нарын гар хөл, толгой
тархийг аваад явчихсан биш. Морин хуурын чуулга урьдныхаараа л
дуугарна.


-Яаж тоглож чаддагаа харуулахын тулд урын сан дахь алдартай бүтээлүүдээсээ ганц нэгийг нь ч гэсэн сонсговол  илүү биш үү?

-Би
Жанцанноровт бас хэлээд байгаа юм. “Мандухай”-н хэсгээс тоглоё гэж. Энэ
хүнд нөхцөлийн дараа хүмүүст хүрсэн, хамгийн сайн мэддэг бүтээл илүү
байна. Тийм учраас өмнө тоглож байснаас хөгжмийн найруулгыг нь арай
өөрчлөөд арваад хөөмийтэй бүр илүү сүрлэг болгож хиймээр санагдаад
байгаа. Төрийн концертыг найруулж байгаа Жааяа маань нэгийг бодох биз
ээ.


-Морин
хуурын чуулга байнга л гадаадад тоглох урилга, заллагатай байдаг. Энэ
болсон явдал та нарын дараагийн төлөвлөсөн тоглолтуудад ямар нэг
хэмжээгээр нөлөөлөх юм биш биз дээ?

-Тийм
зүйл болохгүй ээ. Засгийн газрын хуралдаанаар хөгжмийн зэмсэг авахад
200 сая төгрөгийн төсөв баталлаа. Монголын төр ямар ч үед урлагийг
анхаарч чаддагаа харуулсан арга хэмжээ энэ мөн биз дээ. Манай
Филармонийнхон зарим нэг хөгжмөө авахаар Хятад руу явсан. Энэ сарын 9
гэхэд бүх хөгжим бэлэн болсон байх ёстой. Бид ч гэсэн энэ хугацаанд
багтааж дутуугаа нөхөж авна. Манай нэртэй хөгжмийн мастерууд их сэтгэл
тавьж байгаа. Түвшинтөр, Байгальжав, Уламбаяр нар өөрсдөө хийхээс гадна
дэлгүүртээ байгаа хөгжмүүдийг авчирч өгсөн. Тийм болохоор бидний
цаашдын тоглолтууд хуваарийн дагуу явна. Үүнд санаа зовох хэрэггүй.


-Хэр олон тоглолт төлөвлөсөн бэ?

-”Хулан”
хамтлагийн найман эмэгтэй хөгжимчин Италид 45 хоногийн аялан тоглолтын
урилгатай. Наймдугаар сарын 16-наас эхэлнэ. Үүний дараа манайхан бүрэн
бүрэлдэхүүнээрээ Итали, Испанид тоглох асуудал шийдэгдэнэ. Есдүгээр
сарын сүүл, аравдугаар сарын эхээр Сөүлд тоглолттой. Бусаны ардын
найрал хөгжимтэй хамтарч тоглох юм.


-Энэ жил шинээр хөгжимчин авсан уу?

-Гурван
шинэ хүнтэй. Нэг нь энэ жил ХБК төгссөн. Морин хуурын чуулгын уран
бүтээлч 33 хүн байна. Бас нэг баяртай мэдээ дуулгахад энэ жил
манайхнаас 15 хүн ХБК, СУИС, МУИС-ийг бакалавр, магистраар төгссөн.

 

Биднийг
ярилцаж суутал гаднаас “Найз нь Тэрэлжид зурагтай яваад өчигдөр л
ирлээ. Ийм айхавтар зүйл болсныг сониноос уншаад. Бие чинь гайгүй юу.
Зүрх чинь зүгээр биз” гэсээр гавьяат жүжигчин Г.Равдан орж ирлээ. 
Тэрбээр “Өвгөн минь, бид чинь ямар ирээдүй бэлтгэж орхио вэ. Чи биднийг
энүүгээр явахад таардаг траншейныхан, энэ урд цэцэрлэгийн хэд гээд
хэцүүхэн улсад Монголынхоо ирээдүйг өгч байгаа юм биш үү. Тэр эвдэж
сүйтгэснийг харахад бүр мэргэжлийнхэн болчихож. Яана даа” хэмээж
байсан. 

 Л.НОМИНГЭРЭЛ  /2008 оны 7 сарын 8/                                                                                               

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж