“Хохирлоо барагдуулах хүртэл суултаа үргэлжлүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Хохирлоо барагдуулах хүртэл суултаа үргэлжлүүлнэ”

Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл өнөөдөр “Улс төр” мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд төр засгаас 50 хувийн хохирлоо барагдуулахыг шаардан, тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Ингэхдээ төр хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж хохирсон 8000 гаруй хүний хохирлыг сонгуулиас өмнө яаралтай барагдуулахыг шаардаж буйгаа хэлэв.

“2006 онд  ажиллаж байсан 840 Хадгаламж зээлийн хоршооноос 15-аас бусдынх нь үйл ажиллагааг зогсоон, эд хөрөнгийг нь битүүмжлэн хурааж авсны улмаас 8300 хүн, тэдний ар гэр, төрөл төрөгсдийг нийлүүлээд бум орчим хүн хохирсны хариуцлагыг төр хүлээх учиртай. Төрийн хууль хяналт, зохицуулах газрынхан бүгд хохирогчдыг авч хэлэлцэхгүй байгаагаар үл барам нүүр нүүрээ хараад бидэнтэй ярилцаж ч чадахгүй байна” хэмээн ХЗХ-ны хохирогчдын түр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг мэдээлэл өгөх үеэр хэлж байсан.  Хохирогчид өөрсдийнх нь хохирлыг барагдуулах улс төрийн нам, хүчин, хүнийг сонгох тухайгаа мөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Түүнчлэн ХЗХ-ны хохирогчдын зүгээс хохирлыг нь барагдуулах хүртэл Тусгаар тогтнолын ордны гадна суулт зарлан, гурван долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлээ цаашид ч үргэлжлүүлэх тухайгаа мэдэгдэв. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж