Далан давхрыг нүүлгэнэ энэ тэр гэсэн янз бүрийн яриа гардаг ч хэрэгжсэн
юм алга. Тэгээд тэр хавь чулуун "төгөл" үүсч, хадаг хийссэн газар болж.
Дээрээс нь хүмүүс очиж сүү цагаа өргөж байгаа нь тэр гээд орчноо утгаар
нь бохирдуулж байгаа юм.
Үүнийг буруутгах аргагүй л дээ. Өнгөрөгсдийнхөө төлөө зул асааж, сүүгээ
өргөдөг нь бидний ёс. Гэхдээ хүмүүст ч, байгаль орчинд ч хэрэгтэй нэг
хувилбар байна. Ерөөсөө л өөд бологсдоо нутаглуулаад чулуун хөшөө босгох
биш мод тарьж байвал яасан юм. Энэ ажлыг хийхэд ядаад байх зүйл огт
байхгүй.
Одоо ч чулуун хөшөөнүүдийг нь буулгаад, оронд нь газар дээр нь мод тарьж
болно шүү дээ. Уг санаа нь чулуугаар хөшөө хийдгийг л огт болино гэсэн
үг. Тэгээд нэг хамгаалагчтай, тэр нь моддоо арчилдаг байя. Хэн нэгнийгээ
нутаглуулахдаа мод тарьсан хүмүүс нь тэр хавийг арчилж, моддыг нь
тордож байгаа хүнээ санхүүжүүлж болно.
Гэхдээ сардаа ердөө 1000 төгрөг ч юм уу өгөхөд л хангалттай. Тэртээ
тэргүй далан давхарт олон мянган хүн мөнх нойрсож байгаа. Тэр олон хүний
үр хүүхэд, ар гэрийнхэн гээд тийм хэмжээний хүмүүс байгаа. Тэгэхээр нэг
айлаас сард 1000-хан төгрөг гарахад л тарьсан модоо арчлаад, услаад
байж болно. Тэгээд дээрээс ажил хийсэн цалингаа авчихна гэж байгаа.
Мөн тэр санхүүжилтээрээ модоо хамгаалах хашаа барьж болно. Гэх мэтээр
нэг хэсэг газрыг том төгөл болгох боломж байна. Тэгээд ч манай нийслэлд
өдөрт 5-6 хүн нас барж байгаа гэсэн албан бус тоо баримт байдаг. Дайны
байдалтай байгаа улсуудын төвшинд хүрчихсэн гэсэн үг. Тиймээс моддын
төгөл үүсч ядаад байх юм байхгүй. Тэр бүх хүмүүс хамгийн гол нь 1000
төгрөгөө л хэл амгүй өгчихдөг байхад болно шүү дээ. Яах вэ, банкинд нэг
данс нээгээд, мөнгөө хийчихнэ биз.
Тэгээд ч хэн нэгнийхээ газрыг эргэж очихдоо чулуун дээр сүү өргөж, элдэв
идээ будаа цацаж, орчноо бохирдуулаад байхгүй модыг нь арчлаад, услаад
байж болно. Хэрвээ мод нь сайхан ургавал сэтгэл өег биз дээ. Тэнд хэн
нойрсож байгааг мэдэх хэрэгтэй, газрыг нь олохгүй гэвэл модныхаа хажууд
жижиг пайз хийж тавиадл боллоо. Сүүлдээ мод сайхан ургаад ирвэл пайзаа
модондоо хадчихна биз.
Ингэсэн байхад агаарын бохирдол ихтэй манай хотод багагүй хэрэг болох
вий. Тэр хавиар явсан ч гэсэн чулуу биш мод яриагаад, намартаа
шаргалтаж, өвөлдөө цагаараад, хавар зундаа ногоор ч харагдаад сайхан
байна биз дээ. Юун оршуулгын газар шүү гэж сэтгэл тавтай байх. Тэгээд ч
нүүлгэнэ энэ тэр гэж хөрөнгө мөнгө үрээд байх шаардлага байхгүй. Төрөөс
багахан дэмжээд, хүмүүс сэтгэл гаргахад болно. Зөвхөн далан давхар
гэлтгүй энд тэнд байгаа бүхий л оршуулгын газрыг ингэж моддын төгөл
болгож болно.
Одоо далан давхар ч газар олдохгүй байгаа гэсэн. Тэгэхээр хотоос гадагш
газар өгч таарна. Бүр больё гэхэд шинээр хүн нутаглуулж байгаа газраа
моддын төгөлтэй болж болно шүү дээ. Эхнээсээ л хүмүүс сэтгэлтэй хандаж,
мод тарих хэрэгтэй байна. Тэгж байж бид цөлжилт, усгүйдэх, агаарын
бохирдол гээд олон аюулаас гэтэлнэ. Ийм маягаар төгөл байгуулбал хүмүүс
илүү сэтгэлтэй хандаж, арчилж тордоод ургуулах нь арай илүү байх болов
уу. Ямар ч байсан чулуун хөшөө барьсанаас мод тарих нь дээр байх аа.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин