NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь БНСУ-ын Консанбуг мужийн Похан хотод байдаг бөгөөд тус холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Жун Хагаар ахлуулсан ажлын хэсэг энэ удаад холбооныхоо IX Бүгд хурлын урилгыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаад гардуулаад, эдийн засаг, технологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус холбооноос бүтцийн хувьд чуулган буюу Бүгд хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд үүнийг гишүүн орнуудаас ээлжлэн зохион байгуулдаг аж. “Хятад, Монгол, Япон, Өмнөд ба Хойд Солонгос, Оросоос бүрдсэн Зүүн Хойд Азийн Бүс нь өдгөө хязгааргүй нөөц бололцоотой хэмээн тооцогдох болж дэлхийн эдийн засгийн гурав дахь тэнхлэг болоод байна. Мөн Зүүн Хойд Азийн Бүс хамтдаа хөгжих боломж улам бүр нэмэгдэх боллоо. Түүх, газарзүйн ойр дөт байдал дээр тулгуурлан хөгжсөн соёл, дээд боловсрол, эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа зэрэг бүх талын нөхцөлийг бүрдүүлж байна” гэдгийг NEAR холбооны төлөөлөгчид онцолж байв.
Энэ удаагийн Бүгд хурал БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө Засах Оронд болох юм байна. Энэ үеэр орон нутгуудын дарга, захирагч нарын дээд хэмжээний уулзалт, Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын семинарыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг газар дээр нь сурталчилан таниулж, гишүүн байгууллагуудын Засаг дарга нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албаны хүмүүс ийнхүү Монгол Улсад ажиллаж байгаа аж.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг нь Бүгд найрамдах Солонгос улс, БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО, ОХУ-ын Бурят улсын Кабанскийн район, Япон улсын Ойта мужтай уламжлалт хамтын ажиллагаатай билээ. 2011 онд Франц улстай, энэ онд БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө засах оронтой шинэ хамтын ажиллагаа тогтоосноор гадаад харилцаа эрчимтэй өргөжиж байна.
Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, хоёр удаагийн зохион байгуулсан бүгд хуралд оролцжээ. Энэ үеэрээ аймгийнхаа талаар болон Шаргалжуутын рашаан сувиллын ирээдүйн хөгжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, бүс нутгийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх талаар санал оруулсан байна.