Д.Энхбат: Н.Энхбаяр хариуцлага хүлээх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Н.Энхбаяр хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн товыг зарлах хугацаа хэзээ мөдгүй болох гэж байдаг. Гэтэл УИХ дахь хоёр намын бүлэг хоёр сонгуулиа зэрэг явуулах уу, салгаж явуулах уу гэдгээ шийдэх гээд хэлэлцээр л хийгээд сууна. Бие биедээ болзол тавиад л?

-УИХ-ын сонгуулийн товыг хэзээ мөдгүй зарлах ёстой атал орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийн бэлтгэлийг аль алийг нь хангаагүй байна. Өнөөдрийн хуулиар бол хоёр сонгуулийг хамт явуулах ёстой. Гэвч Засгийн газар энэ ажлыг хийж чадахгүй гэж хэлсэн. Тэр байтугай Ерөнхий сайд С.Батболд “Сонгуулийн ажилд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Одоо сонгууль зарлах хугацаа тулж байдал тун хүнд болчихлоо. Ядахад орон нутгийн сонгуульд 10-20 мянган хүн нэр дэвшинэ. Тэдгээрийн нэрсийг хэвлээд тараагаад машинаар тоолно гэвэл техник бэлтгэлийг хангана. Гараар тоолно гэвэл бүх системийг дахиж янзлах хэрэгтэй. Дүгнээд хэлбэл муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг билүү, тийм л юм болж байна. Тийм учраас одоо нэгэнтээ цаг тулсан учраас хоёр сонгуулиа салгаж зохион байгуулахаас аргагүй. Харин УИХ-ын нэр бүхий 48 гишүүний санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар багтаагаад баталчих нь чухал.

-Энэ төсөл одоогийн УИХ-аар хэлэлцэж байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулиас юугаараа онцлог юм бэ?

-Гол агуулга нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд улстөрийн намууд орохыг хориглосон заалттай. Энэ нь Монголын ард түмнийг 20 жилийн турш намаар нь хувааж нэг муу жижиг сумыг хүртэл хооронд нь байлдуулж байдаг тогтолцоог өөрчилье гэж байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүнээс 48 нь дэмжиж гарын үсэг зурсан. Энэ нь хууль батлагдах боломжтойг харуулж байгаа. Гэтэл эл хуулийн төслийг хэлэлцэхийг нь УИХ-аар дэмжчихсэн атлаа одоо хүртэл хэлэлцэхгүй л байна л даа. Яагаад.

-Төслийг санаатайгаар дараад байгаа юм болов уу?

-Хэрвээ энэ хуулийг УИХ-аар баталбал сумын төвшинд иргэний сонгууль болно, улстөрийн сонгууль биш. ИЗНН-ын хувьд маш тодорхой энгийн байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, хариуцлага тооцъё. Хоёрдугаарт, хоёр сонгуулийг хамтад нь явуулах ажлыг нураачихлаа. Ийм үед УИХ-ын сонгуулийг будилаан болгож бужигнуулахгүйн тулд практик арга хэмжээ авъя. Тэгэхээр 48 гишүүнийхээ өргөн барьсан хуулийн төслийг баталъя. Бэлтгэлийг хангаж, бүх зүйлээ тооцож үзээд орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулъя гэж байгаа юм. Яагаад гэвэл хоёр сонгуулийг одоо давхцуулбал, УИХ-ын сонгууль хүртэл будилж мэдэхээр төвөгтэй байдалд орчихлоо. Тийм учраас өнөөдөр бид практик алхмыг нь ярьж байна.

-Ардчилсан намын хувьд нийслэл болоод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулаад, сум, дүүргийнхийг намар болгоё гэж байгаа?

-Энэ бол завхрал.

-Яагаад завхрал гэж?

-Монголын ард түмнийг намуудад хувааж 20 жил бужигнуулчихаад одоо тэр сонгуулиа хоёр удаа хийх нь. Нэгий нь хавар, нөгөөг нь намар гэж… Монголчууд орон нутгийн сонгуульд ирдэггүй хүмүүс, хоёр хуваахаар бүр ирэхгүй. Тийм учраас ингэж салгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өөрөө удирдах ёс, иргэний сонгуульд улстөрийн намууд ингэж халдаж болохгүй. Тэр бүү хэл, улстөрийн намуудыг сонгуулиас ангид байлгая гэж ярьж байхад одоо бүр хоёр хийдэг болъё гэж болохгүй байхгүй юу. Тийм учраас өмнө барьсан тулгуур зарчмуудаа дагаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд бэлтгэлээ хангаад тусад нь хийсэн нь дээр гэж л бодож байгаа. Энэ бол бидний бодол биш, тэгэхээс өөр аргагүй байдал руу орчихлоо.

-Олон нийтийн зүгээс бол УИХ-ыг шүүмжилж байна. “Хоёр сонгуулийг салгах уу, нэгтгэх үү” гэдэг энэ хэрүүлээ УИХ  жилийн өмнө хийгээд сууж байх ёстой атал сонгууль тулчихсан үед хийлээ гэж. Та энэ гишүүдийн нэг нь?

-Парламентад сууж байгаа УИХ-ын гишүүн З.Алтай, С.Оюун бид гурав бол энэ хуулийг батлаагүй. Ардчилсан нам болон Ардын нам л хоёр сонгуулийг хамтад нь хийе гээд хуулиа баталсан шүү дээ. Одоо тэгтэл “Хамт хийхгүй ээ” гээд хэрэлдээд байгаа байхгүй юу. Гурван жил гаруй хамтдаа засаг барьсан, одоо харин бүгдийг нь нураачихсан. Тийм байтлаа хэнтэй яриад байгаа юм. Тэгэхээр энэ хоёр намын хэрүүлийг хараад хэнийх нь ч зөв биш.  Энэ хэрүүл юу шийдэх юм, юу ч шийдэхгүй. Одоо тэгэхээр нэгдүгээрт, эл ажлыг унагасан нөхдүүдэд хариуцлага тооцох, хоёрдугаарт дараагийн ажлаа ярих. Ийм л зам үлдээд байна.

-Хариуцлага тооцох гэдгийг та яг ямар утгаар хэлээд байна вэ. Хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулж чадахгүй гэсэн Засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх гэдэг агуулгаар яриад байна уу?

-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улстөрийн намын гол улсууд нь сайд, УИХ-ын гишүүн гэсэн хоёр албыг хавсардаг болчихсон. Ингэснээр намын гол улсууд нь намын Удирдах зөвлөл бөгөөд намын бүлгийн дарга нь тэгээд бас УИХ-аа гартаа авчихсан. Хүн болгон ярьдаг, “Засгийн газар нь УИХ -ынхаа толгой дээр гарчихсан” гэж… Яг энэний үргэлжлэл байхгүй юу. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээг УИХ ын тогтоолын дагуу хийгээгүй, Тавантолгойг хийсэнгүй, урт нэртэй хуулийг огт биелүүлээгүй. Хариуцлага тооцно гэдэг наад захын тодорхой асуудлаас эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл,  энэ сонгуулийг санаатайгаар алхам алхмаар будилаантуулж байгаа үйл явдлыг дүгнэж одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн дараа ялагдсан тал нь асуудал гаргана. Сонгуулийн бэлтгэлээ хангаагүй, цахим үнэмлэхээр сонгууль зохион байгуулах байсныг болиулсан гээд л… Хэрвээ хариуцлагын асуудлыг сонгуулийн дараа яривал нэгдүгээрт эзэн нь олдохгүй бүр төвөгтэй болно. Тийм учраас МАН, АН хоёр үнэхээр өөрчлөгдөнө шинэчлэгдэнэ гэж ярьдаг юм бол түүнийгээ одоо харуулах ёстой. Энэ нь сонгуулийн бэлтгэлийг нураасан хүмүүстэй одоо л хариуцлага тооц гэж хэлж байгаа юм л даа.

-АН-ын дарга Н.Алтанхуяг “Сонгуулийг зориудаар будилаантуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийж байна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр та Ц.Нямдорж сайдад хариуцлага тооцох ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Би бол хэлээд байгаа шүү дээ, “Хоёр сар хагасын өмнө энэ хоёр нам нэг Засгийн газар байсан”. Тэгэхээр эдний дотоод асуудал байхгүй юу. Харин 2.7 сая монголчууд энэ хоёрын замбараагүй байдлаас болж хэлмэгдэх ёсгүй. Хариуцлага тооцох нь гарцаагүй, Ц.Нямдорж нь байх уу, Н.Алтанхуяг нь байх уу. Энэ бол дараагийн асуудал. Ер нь аливаа ажилд цаг цагт нь хариуцлага тооцдоггүйгээс болж замарч байгаа байхгүй юу. Миний болоод ИЗНН-ын байр суурь бол энгийн. Цагт хариуцлага тооцъё, Дөрвөн жилийн турш үлгэр ярилаа. Одоо дараагийн асуудлаа бодъё, ингэхгүй бол бид одоо том юмны ирмэг дээр ирчихээд байна. Аягүй бол сонгуулиа хийж чадахгүй бужигнавал яах юм. Бид бүгдээрээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй, сонгуулийн дараа том асуудал үүсгэхгүйн тулд одоо л хариуцлага тооцож, одоо л ажлаа ярих хэрэгтэй. Түүнээс бие биенээсээ сонгуулийн очков авахын тулд явбал дэндүүд эрсдэлтэй байдал руу шилжинэ.

-УИХ дахь МАН-ын бүлгийн найман ч гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьчихаад сууж байгаа. Чуулганаар эл асуудлыг хэлэлцвэл та дэмжих үү. Эсвэл огцруулах үндэслэл нь Н.Энхбаяр даргыг баривчлах процесстой холбогдсон учраас гээд татгалзах юм уу?

-Манай намын байр суурь бол энгийн. Ямар ч сайдтай хариуцлага тооцох асуудлыг анхааралтай авч үзнэ. Гэхдээ оруулж ирж байгаа үндэслэл нь бодитой байх ёстой. Ц.Нямдоржийг “Унтаж байсан” гээд оруулж ирвэл сонин болоод явчихна шүү дээ. Ер нь бол бид өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар хамгийн муу ажилласныг бүгд мэднэ. Монгол Улсын стратегийн хамгийн чухал асуудлуудыг шийдээгүй. Оюутолгойг буруу шийдлээ, Тавантолгойг буруу шийдлээ. Байгаль хамгаалах хамгийн том хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Сонгуулийн реформыг бараг хийж чадсангүй, өмнийн говийн асуудал байна. Стратегийн ордыг авах тогтоолын төсөл хоёр хавсралттай орж ирсэн. Нэг нь 15, нөгөө нь 39 дүгээр тогтоол гээд, хэрэгжсэнгүй. Ингээд бодохоор бид үнэхээр хариуцлага ярихгүй бол болохгүй байна. Сонгууль дөхөж байгаа учраас нэг үг хэлчихье. Үнэхээр Монголыг өөрчилье гэвэл Засгийн газар хийж чадахгүй гэдэг нь харагдлаа, энэ хоёр нам хийхгүй юм байна гэдэг нь харагдлаа. Ерөөсөө улстөрчид хийхгүй юм байна гэдэг нь харагдлаа.

-Тэгээд хэн хийнэ гэж?

-Үнэхээр энэ бүхнийг өөрчилье гэж байгаа бол Монголын сонгогч бүр одоо сонголтоороо зоригтой алхам хийх хэрэгтэй. Өөр зам байхгүй. Монголчууд бид сонгуулиар зоригтой өөрчлөлт хийхгүйгээр дараа нь хэн нэгэн хүнд найдах утгагүй. Өөрөөр хэлбэл, өөртөө байгаа боломжийг иргэд ашиглаад зоригтой өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр хэнийг сонгох юм бэ гэж асууж байгаа. Хамаагүй сэтгэл зүрхээрээ сонго. Парламентад аль болох олон хүчин орох хэрэгтэй. Бүгд ороод энэ дотроо хэрэлдээд учраа олох хэрэгтэй, тэр цагт монголчууд хожно. Тэгэхлээр одоо Монголд өөрчлөх үү, үгүй юу гэдгийг иргэд өөрсдөө шийдэх цаг нь боллоо. Бид бол гуравдагч хүчин, үнэхээр З.Алтай,С.Оюун бид гурав гурвуулаа яваад хэрвээ дөрөв, тав зургаа гэвэл Монгол Улс маш их цаг алдана, магадгүй түүхэн боломжоо алдана. Тийм учраас үнэхээр өөрчлөлтийг хүсч байгаа бол одоо л цаг үе нь ирлээ.

-Н.Энхбаяр дарга Төв аймгийн шоронгоос захидал бичсэн байсан. Түүнд таны яриад байгаа Оюутолгой, Тавантолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсныг өөрчлөх ёстой гэдэг шаардлага тавьсны төлөө, мөн долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор намайг хэргээр улстөрийн золиос болгож шоронд хорилоо гэж бичсэн байсан. Хэлээд байгаа үгэнд нь үнэнийн ор байгаа юу?

-Үүнийг Н.Энхбаяраар хэлүүлсэн хэлүүлээгүй бүгд мэдэж байгаа зүйл. Экс ерөнхийлөгч бол шинэ юм яриагүй. УИХ-ын гишүүдтэй би яг энэ асуудлаар маргасан. Цөөнх болчихсон, албан тушаалгүй болчихсон, сөрөг хүчний удирдагчийг шоронд хийх бол шударга ёс тогтоож байгаа алхам биш бас баталгаа биш. Тэгэхээр үнэхээр шударга ёсыг тогтоож байна уу гэдгийг дараагийн алхмууд харуулна. Тэр нь юу вэ гэвэл хүчтэй байгаа, олонхид байгаа өнөөдөр том алба хашиж байгаа дарга нарыг барь л даа. Тийм биз дээ. Хэрвээ үнэхээр ийм хүмүүсийг бариад авлигыг шалгаад эхэлбэл энэ үнэхээр том өөрчлөлтийн эхлэл юм байна гэж харна. Тэгэхгүй зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж байгаа бол энэ нь шударга ёс нэрийн дор тооцоо бодож байна гэж л харна. Ер нь Монголд шударга ёс тогтоох бол Н.Энхбаяр өнгөрсөн 15 жилд Монгол Улсыг, Монголын төрийг мөнгөний машин болгох, арилжааны төр байгуулахад шууд гардаж байсан хүн.  Би бол Н.Энхбаяр тэр байшинг авсан уу, үгүй юу гэдэг хамаагүй. Монгол Улсыг авлигад живүүлсний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж боддог.

Өнөөдрийн төр засгийн удирдлагад байгаа хүмүүс бол тухайн үедээ Н.Энхбаярт мөнгөө төлж гарч ирсэн улсууд. Тэгэхээр одоо асуулт, энэ хүмүүсийн хоорондын тооцоо яваад байна уу, үнэхээр шударга ёс тогтоох гээд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Одоо бол салаа замын уулзварт ирчихээд байна. Дэлхийн аль ч оронд гуравдагч хүчин, цөөнхөд шударга ёсыг хэрэглээд эрх мэдэлтэй байгаа албан тушаалтай байгаа эрх мэдэлтэд хэрэглэхгүй бол энэ шударга ёс биш гэж үздэг. Тийм учраас одоо дараагийн алхмууд л харуулна. Ер нь монголчууд шударга үнэний төлөө алхаасай гэж хүсч байна, энэ нь олон түмний итгэлийг ашигласан тоглоом битгий болоосой гэж бас хүсч байна.

-Хэвлэлүүд бол нэлээд бичиж байна, авлигын загалмайлсан эцгийг барилаа, одоо харин түүгээр дамжуулаад, “хүүхдүүдийг” нь барих хэрэгтэй гэж… Чадах болов уу?

-Н.Энхбаяр гэдэг хүн 15 жил төрийн толгойд байхдаа сайн үйлийг хийсэн бол үндэсний удирдагч болж болох байсан. Харамсалтай нь, Монгол Улсыг авлига арилжааны тогтолцоонд оруулаад, албан тушаалыг мөнгөөр авдаг энэ тогтолцоо руу явуулсан учраас Н.Энхбаяр төдийгүй өнөөдөр байж байгаа олон удирдагч хариуцлага хүлээх ёстой. Тэдний хариуцлагагүй энэ үйлдлээс болж Монгол Улсад газрын наймаа, лицензийн наймаа, байгаль орчны бохирдол,  ард түмний ядуурал, хямрал бүгд бий болсон.  Тийм учраас Н.Энхбаяр гэдэг хүн хариуцлага хүлээнэ гэдэгтэй 100 хувь санал нэгдэнэ. Гэхдээ шударга байх ёстой. Бидний шаардаж байгаа зүйл зөвхөн сөрөг хүчин цөөнхийг сонгуулийн өмнө дарах биш. Үнэхээр шударга юм бол одоо байгаа томчуудыг барь гэж хэлж байгаа. Адилхан л идэж уусан ш дээ, монголчууд бүгдээрээ л мэднэ. Тэгэхээр бидний байр суурь бол энэ сонгуулиар олон хүн солигдох ёстой, ингэж байж Монгол Улс цэвэршиж үндэсний эрх ашгаа хамгаална. Энэ хүмүүсээс салж байж Монгол Улс зөв замдаа орно. Өөр зам байхгүй гэж үзэж байгаа.  Саяхан дээд өрөөнд Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын алтан дээлтэй сууж байгаа зургийг үзүүлж байна лээ. Би бол бодсон, алтан дээлтэй сууж байгаа хүмүүс Н.Энхбаяраас өөр олон л байгаа шүү дээ. Одоо тэгэхээр хоёр дахь гурав дахь дөрөв дэх алхам яаж явах вэ гэдгээс л энэ үйл явц үнэхээр шударга ёсны төлөө юу, аль эсвэл хоорондын өс хонзонгийн процесс явж байна уу, аль эсвэл Монголд үнэхээр шинэ салхи ирж байна уу гэдэг л харагдана. Энийг л харъя.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж