“Katya.Zol” монгол брэнд дэлхийд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Katya.Zol” монгол брэнд дэлхийд өрсөлдөнө

Малайз улсын нийслэл Куала Лампур хотод бүтээлээ туурвиж буй Монголын авьяаслаг залуу дизайнер Г.Золцэцэг өчигдөр өөрийн нэрийн "Katya.Zol " брэндийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Брэндийн нэрний тухайд, дизайнер Г.Золцэцэгийг ойр дотныхон нь Катя хэмээн дуудаг бөгөөд өөрийн нэрийн товчлолоор шинэ брэндээ нэрлэх болсон гэнэ. Өчигдөр зарласан түүний хэвлэлийн бага хуралд "Katya.Zol "  брэндийн албан ёсны нүүр царай болж буй олон улсын топ модель Карл оролцсон юм. Тэрбээр загвар өмсөгч төдийгүй “Roll Model” агентлагийн захирлын алба хашдаг бөгөөд дизайнер Г.Золцэцэгийн шинэ брэндийн маркетингийн ажлыг хариуцан ажиллах гэнэ. Тэд энэхүү шинэ брэндээ дан Монголд биш дэлхийн брэнд болгохын тулд Малайзын нийслэл Каула Лампур хотод ирэх тавдугаар сарын 31-нд  анхныхаа нээлтийн шоу үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ. Түүний шинээр гаргаж буй “Katya.Zol” брэнд нь өндөр зэрэглэлийн гар урлал бүхий тансаг брэнд аж.

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг нь загвар зохион бүтээгчийн чиглэлээр Малайзын нийслэл Каула Лампур хотод хоёр жил суралцан төгссөн бөгөөд энэ хугацаандаа өөрийн нэрийн “KAT” нэртэй брэндийг бий болгон гурван  ч удаа хамтарсан шоу хийгээд амжжээ. Мөн тэрбээр өмнө нь онлайн худалдаа эрхэлдэг байсан нь өнөөдөр ийнхүү өөрийн бие даасан брэнд үүсгэхэд нөлөөлсөн гэнэ. Тиймээс хоёр сарын өмнөөс “Roll Model” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэрхүү гэрээ нь удаан хугацааны, олон талт ажлын гэрээ гэдгийг онцлон дуулгасан юм.

Тэрбээр “Katya.Zol” брэндийг албан ёсоор нээн танилцуулах бие даасан шоуг Каула Лампурт хийх гэнэ. Шоунд Малайзын нэртэй моделиудаас гадна Монголын загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл, Х.Бадамгэрэл, “Алтай кашмер”-ийн нүүр царай болсон загвар өмсөгч Б.Буджаргал нар оролцох бөгөөд Монголын урлагийн салбарын төлөөлөл болж, “Киви”, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох ажээ. Сонирхолтой нь, уг шоуг “Fashion TV” телевизээр гаргах юм байна.

“Katya.Zol” брэндийн багийнхан энэ жил загварын ертөнцөд нөлөө бүхий маш олон арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, аравдугаар сард Куала Лампурын анхны загварын долоо хоногийн сурталчилгаа болон уран бүтээлийн хэсгийг хариуцан ажиллах гэнэ. Уг шоуг “Glam”, “Bazaar”, “Tatler”, “360 Celsius”, “Fashion TV” Mag зэрэг бүхий л нэр хүндтэй, дээд зэрэглэлийн томоохон сэтгүүлийнхэн сурвалжлах аж. Мөн  www.katyazol.com вэб сайт бэлэн болж байгаа гэнэ.

Дизайнер Г.Золцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Нээлтийн шоуныхаа талаар танилцуулахгүй юү?

-Малайзын нийслэл Куала Лампур хотод ирэх тавдугаар сарын 31-нд “Katya.Zol” брэндийг танилцуулах шоу болно. Гурван коллекц толилуулах юм.  250 VIP зочин оролцоно, үүнд  Малайз, Хонконг, Сингапур, Англиас сэтгүүлчид урилгаар ирнэ.

-“Katya.Zol” брэндэд ямар загварууд багтаж байгаа вэ?

-Эхний ээлжинд бид нар “Katya.Zol” нэрээрээ гаргаж байгаа брэндээ ердөө цор ганц загварын хувцас хийнэ. Хэрвээ тухайн загварыг захиалагч хүсэх юм бол үнэт эдлэлүүдийг жинхэнэ утгаар нь суулгаж, хийж өгнө гэж бодож байгаа. Тиймдээ ч зарим материалыг тусгайлан захиалж, загваруудаа хийнэ. Ер нь бол тоондоо биш, гол нь чанартай ганц ширхэг бүтээлийг таашаан ойлгож, өмсч, хэрэглэж мэддэг хүмүүст хүргэхээр брэнд ажиллах болно. Харин дараагийн ээлжинд “KZ” хэмээх товчилсон нэрээр өдөр тутмын хувцасны дэлгүүр нээхээр дараагийн ажилдаа орчихоод байна.

-“Katya.Zol” брэндийг монголчуудадаа хэзээ толилуулах вэ?

-Би монгол хүн. Монголоороо бахархдаг. Өөрийнхөө хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байгаадаа баяртай байгаа. Энэ бүхэн ерөөсөө л Монголын төлөө. Миний бүтээлүүд монгол гэдэг өнцөг, монгол хүн гэдэг утгаар бүх үйлчлүүлэгчдэд маань хүрэх болно. Тиймээс эхний ээлжинд Азид брэндээ танилцуулахаар ажиллаж байна.

-Хэтийн зорилго?

-Миний бодож байгаа зүйл өнөө, маргаашийн тав, зургаан жил биш. Урт удаан настай брэнд байгаасай гэж хүсч байна. Тийм болохоор маш олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа.

“Katya.Zol” монгол брэнд дэлхийд өрсөлдөнө

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж