Бодлогын хүүг нэмсэн нь халгаатай болж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг нэмсэн нь халгаатай болж эхлэв

Эдийн засгийн аймшигтай дайсныг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд “инфляци” гэж хэн хүнгүй хэлнэ. Он гарснаас хойш инфляци агсам морь шиг хадуурч эхэлсэнд Монголбанк хамгийн сонгодог аргаа хоёр ч удаа хэрэглэв. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сар, мөн энэ сарын 17-нд бодлогын хүүгээ 13.25 хувьд хүргэсэн явдал. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг нэг нэгжээр өсгөн 12 хувьд хүргэх шийдвэрийг тус тус гаргасан. Гэвч энэ шийдвэр сайн, муу хоёр асуудлыг үр дагаврыг бий болгов. Нэг талаараа бодлогын хүүгээ ийнхүү нэмсэн нь Монголын нийт ард иргэдэд сайнаар нөлөөлж, иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг танж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна. Харин нөгөө талаараа жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжихээр хэрэгжүүлж буй төрөөс бодлоготой харшилж байна.  Ямартай ч энэ талаар талуудын байр суурийг сонирхлоо.

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэнгээс бодлогын хүүг нэмж байгаа талаар лавлахад тэрбээр “Манай улсын эдийн засагт үнийн өсөлтийг эрчимжүүлэх нийлүүлэлтийн сөрөг хүчин зүйлсийн нөлөө хэвээр байна. Инфляцийн өсөлтөд нөлөөлсөн гол бүтээгдэхүүн бол мах гэдгийг түрүүн хэлсэн. Бодлогын хүүг нэмж нөхцөл байдлыг намжаах нь олон улсад шалгарсан гол арга. Түүнчлэн төсөвтэй адилтгах зардал энэ улирлуудад нэмэгдэнэ. Тийм болохоор тэдгээрээс урдчилан сэргийлэх бас нэгэн хамгаалалт болж байна. Мөн гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт нэмэгдэх учраас цаашид эрэлт ихсэх хандлагатай байгаа. Харин арилжааны банкуудад ямар ч сөрөг нөлөө байхгүй. Бүр ч их ашиг олох боломжтой. Банкуудын бэлэн мөнгөний нөөц сайн байгаа. Бизнес эрхлэгчид тухайн банк хоёр харилцан тохиролцож чадвал зээлээ аваад явах боломжтой” гэлээ. Зарим эдийн засагчид “Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг барих аргаар инфляцийн өсөлтийг хязгаарлаж болно” гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, 1200-1250 төгрөгт барих асуудал юм. Энэ талаар Монголбанкны Валют, эдийн газрын захирал Д.Дэлгэрсайхан “Хэрэв тэгж үзэж байгаа бол буруу. Ханшийн бодлого маш уян хатан байж гэмээнэ мөнгөний бодлого ач холбогдлоо олно шүү дээ. Ингэж бодлогын хүүгээ нэмсэн нь төгрөгийн ханшид ашигтай” хэмээж байсан.

Монголбанкныхны зүгээс дээрх тайлбарыг өглөө. Харин бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын байр суурийг хүргэе.

Ч.Нэргүй: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ӨСГӨЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ БООЖ БАЙНА


Тус тамхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүйтэй инфляцийн өсөлт болон төв банк бодлогын хүүгээ нэмсэн зэрэг нь бизнес эрхлэгчдэд ямраар туссан талаар ярилцлаа.

-Монголбанк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 13.25 хувь болгож өсгөсөн. Он гарснаас хойш хоёр ч удаа ийнхүү нэмж байна. Энэ асуудал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

-Манай Худалдаа аж үйлдвэрийн танхим бодлогын хүүг нэмж байгаад шүүмжилсээр ирсэн. Төв банк бодлогын хүүгээ ингэж нэмж байгаа нь арилжааны банкуудын зээлийн хүүг өсгөж, бизнес эрхлэгчдийн хөрвөх чадварыг боож байна гэсэн үг. Бизнесийн идэвхижлийг сааруулаад байна. Түүнчлэн эдийн засагт маш сөрөг нөлөөтэй. Энэ талаар манай байгууллагын зүгээс Монголбанкинд өчнөөн хэлдэг. Хамгийн гол нь инфляцид нөлөөлж байгаа бусад хүчин зүйлийг сайтар судлах хэрэгтэй. Гэтэл эдийн засаг өсөхөд чухал нөлөө үзүүлдэг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хаачихаар ямар сайн бодлого байх билээ дээ.

-Тэгвэл бодлогын хүүг нэмсэний эерэг тал нь юу вэ?

-Төв банк инфляцийг барьж, төгрөгийн ханшийн тотвортой байдлыг хангахад мөнгөний бодлогыг барих биш харин эдийн засаг хэрхэх вэ гэдэгт анхаарах ёстой. Гэхдээ дан ганц Монголбанкийг муулах биш төрөөс явуулж байгаа бодлогын зөрүүтэй байдлаас болж инфляци хөөрөх нэг шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын зөрүүтэй байдал гэсэн үг. Тэгэхээр төрийн байгууллагууд хоорондын бодлогын уялдаа холбоо энэ цаг үед маш чухал байна. Тус банкнаас мөнгөний бодлогоо чангаруулж инфляцийг бууруулах ажил хийж эхэлтэл эргээд засгаас иргэдэд баахан бэлэн мөнгө тарааж, өнөөх инфляцийг улам хөөрөгддөг. Энэ нь нэг ёсондоо төр бодлогынхоо эсрэг бодлого явуулж байна гэсэн үг.

-Мөнгөний бодлого нэмэх нь олон улсад шалгарсан арга хэмээн төв банкныхан хэлж байгаа. Тэгвэл инфляцийг бууруулах өөр ямар арга зам байдаг вэ?

-Тэдний энэ хийгээд байгаа ажил бол өнөөх Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын заавар юм. Гэтэл мөнгөний бодлого чангаруулах арга нь манай улсад сайн таарах үгүй нь тодорхойгүй. Үнэхээр тэдний зөвлөмж сайн байсан юм бол 20 гаруй жил дээрх байгууллагуудын заавраар явахдаа Монгол Улс эдийн засгийн ардчилалд шилжиж чадах л байсан. Гэвч тийм зүйл огт алга. Инфляцийг бууруулахад нөлөөлөх олон арга байна шүү дээ. Тухайлбал, манай орныг валютын чөлөөт урсгалтай орон гэдэг.  Тиймээс төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг бууруулж, дээд доод хязгаар тогтоож өгөх хэрэгтэй.

Тэрбээр ийн хариулсан. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар инфляцийн нийт өсөлтийн 68.2 хувийг мах махан бүтээгдэхүүн эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тэрбээр цааш нь хэлэхдээ “Махны үнэ өссөн нь төр хэтэрхий оролцсоноос болсон. Өдгөө дэлхий даяар махны дундаж үнэ 10-15 ам.доллар байна. Харин манай улсад энэ тоо дөрөв дахин бага. Төр асуудлыг зохицуулах гэж байгаад улам хурцдуулах болсон. Үнэхээр зах зээлийн эдийн засагтай орон юм бол эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа үнэ нь аяандаа өөрөө зохицуулагдаад явах ёстой” хэмээсэн. Түүний энэ хэлж байгаа саналыг мэргэжлийн байгууллагууд болон, эдийн засагчид ч онцолдог. Зах зээлийн эдийн засгийн үндсэн гурван арга байдаг байна. Эхлээд зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах. Харин болохгүй бол харъяа холбоод, Төрийн бус байгууллагууд хуралдаж яах ингэхээ ярилцаж шийднэ. Хэрэв тэд үнэ зэргийг зохьцуулах боломжгүй бол төр оролцдог аж. Гэтэл энэ зарчим манай улсад эсрэгээрээ байгааг эдийн засагчид хэлж буй. Монголбанк инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогоо нэмэхийн оронд хүнээсээ 20 дахин их малтай атлаа эдийн засгаа тоглуулж байгаа махны үнэд бодлого явуулах нь чухал болжээ гэдгийг тэрбээр хэлж байв.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж