А.Тамирын хувьд “Афин 2004”-ийн сэлэлтэд оролцож байсан туршлагатай тамирчин бол Г.Оюунгэрэл анх удаа олимпод хүч үзэх гэж байгаа юм. Харин тэднийг спортын мастер Б.Дөлгөөн дасгалжуулж байна. Түүнтэй ярилцлаа.
-Хоёр тамирчны хамт Лондоны олимпод оролцохоор боллоо. Бэлтгэл сургуулилт хэрхэн үргэлжилж байна вэ?
-Олимпод хоёр тамирчныхаа хамт урилгаар оролцохоо албан ёсоор мэдсэнээс хойш бэлтгэл сургуулилтаа нэг ч өдөр тасалдуулаагүй. Боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хийгээд явж байна. Манай улсын хэмжээнд хамгийн том гайгүй гэсэн 2-3 усан бассейнд бэлтгэлээ хийгээд явж байна.
-Хүндрэл гарч байна уу?
-Хөрөнгө мөнгөний хувьд бол асуудалгүй байгаа. Улсаас бүх талаар харж үзэж байгаа учраас бидний хувьд бэлтгэлээ сайн үлдсэн. Гэхдээ мэдээж манай улсад стандартын усан зам байхгүй болохоор тамирчдын амжилтад энэ нь сөргөөр нөлөөлж магадгүй юм. Удахгүй бид Улаан-Үд болон Казахстанд бэлтгэл хийхээр явна.
-Хэр удаан хугацаагаар юм бол?
-Ямар ч байсан нэг сар орчим болох байх. Олон улсын стандартад нийцсэн 50 метрийн урттай усан бассейнд бэлтгэл хийх учраас тамирчдын амжилтад бага ч гэсэн ахиц гарах болов уу. Манай улсын тамирчид анх удаа стандартын усан замд бэлтгэл хийж үзэх гэж байна. Тэгэхээр ийм боломжийг олгож, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байгаа БТСГ, шигшээ багийн албаныхандаа баярлалаа гэж хэлье. Өмнө нь ийм боломж манай тамирчдад бараг олддоггүй байсан шүү дээ. Тэгээд олон улсын тэмцээн уралдаанд оролцох нь бага. Тийм болохоор олон улсад өрсөлдөх туршлага нимгэн байдаг. Харин энэ удаа бол арай өөр төвшний амжилт үзүүлэх зорилготой.
-Өөр төвшний гэдгээ тодруулж болно биз дээ?
-Манай усан спортынхон 2008 оны олимпоос хойш хэд хэдэн тэмцээнд оролцож өөрсдийнхөө хэмжээнд боломжийн амжилт үзүүлсэн. Тэгэхээр Лондоны олимпод манай хоёр тамирчин олон улсын тэмцээний туршлагатай болсон. Гагцхүү стандартын бассейн байхгүй учраас л амжилт нь ахиж өгөхгүй байгаа юм. Лондоны олимпод ямар амжилт үзүүлэх нь Улаан-Үд, Казахстанд хийсэн бэлтгэлийн үр дүн харуулах ёстой юм.
-Хоёр тамирчныхаа талаар товч танилцуулбал?
-А.Тамирын хувьд 2004 оны Афины олимпод оролцож байсан нэлээд туршлагатай. Манай спорт сонирхогчид харьцангуй мэддэг болсон. Харин Г.Оюунгэрэл анх удаа олимпийн замд уралдах гэж байна. Гэхдээ сүүлийн үед амжилт нь өсч яваа залуу тамирчин. 50 метрийн сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байгаа юм. Энэ ч утгаараа Лондоны олимпод тэднээс арай илүү амжилт харж, хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, улсынхаа дээд амжилтыг олимпоор дахин шинэчлэх зорилготой.
-Ерөнхийлөгчтэй уулзах үеэр төрийн тэргүүн усан спортыг анхааралдаа авч хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж байсан?
-Тийм ээ. Энэ бол бидний хувьд маш сайхан мэдээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдож бол манай холбооны хүндэт гишүүн. Тэр ч утгаараа усан спортынхонд тусална гэсэн байх. Удахгүй бид олон улсын стандартад нийцсэн усан замтай болбол манай тамирчдын амжилт өсөх магадлал ихтэй. Ер нь бол усан спорт манай улсад өндөр төвшинд хөгжих боломжтой гэж үздэг.
-Яагаад?
-Усан спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй клубууд ачааллаа дийлэхээ больж өдөрт 4-5 ээлжээр хичээл, сургалтаа явуулж байна шүү дээ. Сонирхогч маш ихтэй мөртлөө бассейн нь багадаад байгаа юм. Зөвхөн хотод ч биш хөдөө, орон нутагт усан спортоор хичээллэхийг хүсдэг олон хүүхэд, залуучууд бий. Даанч бассейн байхгүй. Зарим аймгаас усан спортоор хичээллэхийн тулд хот руу зорьж ирэгсэд хүртэл байдаг юм. Тэгэхээр усан спорт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагаас дутахааргүй олон сонирхогчтой. Тийм болохоор стандартад нийцсэн бассейнтай болох нь бидний хувьд хамгийн чухал. Бас хамгийн том мөрөөдөл юм. Хэрвээ стандарт бассейнтай болж чадвал манай тамирчдын ур чадвар, олон улсын төвшинд үзүүлэх амжилт эрс ихэснэ гэж би хувьдаа боддог. Магадгүй 2020 оны олимпод шилдэг наймд манай тамирчид уралдаж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Юм бүхэн дээр болохгүй байна, бүтэхгүй байна гэж яриад байх утгагүй. Спорт өөрөө үргэлж сайн сайхныг бэлгэддэг учраас үүнийг харлуулах хэрэггүй байх. Ямар ч байсан удахгүй стандартын замтай шинэ усан бассейнтай болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Гэхдээ олон улсын тэмцээнд оролцож байгаа манай усчид байнга л сүүлийн хэдэн байрыг хувааж эзлэх юм байна шүү дээ?
-Өмнө нь тийм байсан. Одоо бол арай төвшинд очсон гэж хэлмээр байна. Манайд усан спортын тэмцээнд жилдээ хэдэн удаа болдог билээ. Гэтэл бидний хамгийн ойрын хөрш Хятад, ОХУ-д хэр их болдог вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Бас манай тамирчид жилд хэчнээн удаа олон улсын тэмцээнд оролцож байна вэ. Үсрээд л хоёр шүү дээ. Заримдаа гурван тэмцээнд оролцох тохиолдол байдаг. Гэтэл бокс, чөлөөт бөх, жүдогийнхон бараг сард 1-2 тэмцээнд явж байна. Энэ бол дэндүү харьцангуй байгаа биз дээ. Манай улс эхэндээ зөвхөн “топ дөрөв” гэж анхаарлаа хандуулж, бусдыг нь гаргуунд гаргаж алдсан. Түүнээс болж бокс, чөлөөт бөх, жүдо, буудлагаас бусад төрлийн спортын нэр хүнд унасан. Харин Бээжингийн олимпоос хойш дахин сэргэж байна. Хөнгөн атлетик, байт харваа, гимнастик, волейбол гээд л өмнө нь байнга цагаан хуудсаар оролцож байсан спортын төрлүүд суга дээшилж байна. Бид ч гэсэн удахгүй ингэж дээшлэхийг үгүйсгэхгүй. Олимпоос медаль авдаггүй юм аа гэхэд юун түрүүнд олимпод цагаан хуудсаар биш өөрсдийн чадлаар эрх авдаг болох хэрэгтэй. Өөрсдийн чадлаар эрх авч чадвал олимпоос медаль авна л гэсэн үг. Монголын усан спортын тамирчдын амжилтын эхлэл нь Лондоны олимп байгаасай гэж бид дотроо бодож байна. Ингэж хэллээ гээд том амжилт хүсээд байгаа юм биш. Өөрсдийнхөө боломжоор оролцож, Монголд усан спорт хөгжиж байгааг харуулах хэрэгтэй байна. Нэгэнт төр засаг спортод анхаарал хандуулаад эхэлсэн юм чинь удахгүй өөрчлөлт орох байх.
-Олимпоос наана тэмцээн уралдаанд оролцох уу?
-Боломж гарвал хоёр тэмцээнд оролцоно. Одоо бид Улаан-Үдэд бэлтгэл хийхээс гадна нээлттэй тэмцээнд ур чадвараа сорих юм.
-Усан спортынхонд сэтгэлзүйч хэрэгтэй юү?
-Маш их хэрэгтэй. Ер нь бүх спортын төрөлд сэтгэлзүйч чухал үүрэг гүйцэтгэдэг. Даанч манай улс энэ талаар жаахан дутагдалтай байдаг. Сэтгэлзүйч ямар хэрэгтэй вэ гэдгийг одооноос мэдэрч байх шиг байна.
-Тэгвэл олимпод оролцох манай усан спортын тамирчдад сэтгэлзүйч байна уу?
-Байгаа. Гэхдээ саяхнаас сэтгэлзүйчтэй болсон. Ядаж олон улсын тэмцээнд оролцохын өмнө тамирчдад сэтгэл санааны дэм, эрч хүч өгөхөд сэтгэлзүйч хэрэг болдог.
-Хамтарсан бэлтгэлд явах гээд зав муутай байгаа ч ярилцлага өгсөн танд баярлалаа. Лондонд хүссэн амжилтаа гаргаад ирэхэд тань дахин уулзахын ерөөл тавъя?
-Баярлалаа. Хамгийн гол нь бид залуу хүмүүс учраас эрч хүчтэй байх ёстой. Олимпоос медаль хүртэж топ-10 багтана гэж амлаж чадахгүй ч эх орныхоо нэрийг Лондонд гаргаад ирнэ. Монголын нэрийг гаргаж Лондонд уралдана гэдэг нь нэр төрийн хэрэг шүү.