Аун Сан Су Ки цэргийн дэглэм нураахыг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Ки цэргийн дэглэм нураахыг хичээж байна

Мьянмар улсад цэргийн дэглэм тогтоод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Бирмийн ард тү­мэн хөгжил дэвшил гэдэг үгийг мартсан юм. Үүнийг түүх гэрчилнэ. Харин одоо олон жил цэргийн  дарангуйлалд байсан ард түмэн Аун Сан Су Кид бүрэн итгэж, өөрчлөлтийг хийх боломж олгож байна. Саяхан болж өнгөрсөн Мьянмар улсын парламентын нөхөн сонгуульд  17 намын 176 нэр дэвшигч 44 суудлын төлөөөрсөлдсөн. Ардчилалын тө­лөөүндэсний лиг намынхан 44 суудлаас 43-ийг нь авч дэлхийд өөрсдийн дуу хоолойг хүргэсэн. Тус улсын парламентын доод танхимд 440 суудалтай, дээд тан­­химд 224 суудалтай. Ер нь Мьян­марын парламентын Нийт 664 суудлын дийлэнхийг нь эрх баригч цэрэг армийн удирдлагаас шууд томилдог.

Уг нь өнгөрсөн онд он удаан жил Мьянмарын Засгийн эрхийг атгаж байсан цэргийн дэглэмийнхэн албан ёсоор тарж буйгаа мэдэгдсэн. Гэвч өдгөө 78 настай Бирмийн цэргийн дарангуйлагч Тан Швег Засгийн эрхийг иргэний шинэ Засгийн газарт бүрэн шилжүүлэхийг хүсэхгүй байгаа билээ. Нөхөн сонгуульд 43 гишүүний парламентын эрх авсан Ардчилалын төлөө үндэсний лиг намынхан одоогийн Парламентын цэргийн эрх баригчдаас явуулж буй бодлогод өөрчлөлт оруулах хүсэлтэй талаар мэдэгдсэн юм. Тус нам нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч цэргийн хүч­нийхнийг ард түмний дунд парламентын сонгууль явуулж, шу­дарга сонгуулиар сонгогдон гарч ирэхийг шаардсан байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж, улмаар парламентын хурлыг орхисон аж.

Ардчиллын төлөө үндэсний лиг намын тэргүүн  Аун Сан Су Ки амьдралынхаа 20 гаруй жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн лидер. Нобелийн энх тайвны шагналтан ард түмэндээ хандан “Ард түм­нийг одоогийн эрх баригчид үл тоомсорлож байна. Манай улс ард­чилсан, чөлөөт зах зээлтэй нийг­мийг бүтээх цаг ирсэн. Тиймээс пар­ламентын дийлэнх гишүүдийг эрх баригч цэргийн хүчнээс томилохгүй байх ёстой гэдгийг ойлго. Өөрчлөлт ойртож байна. Хөгжил дэвшил хажууд байна. Одоо бид өөрсдөө хэнээр улс орноо удирдуулах вэ гэдгийг сонгох эрхтэй болсон. Түү­нээс биш хэн нэгний тушаал шийд­вэрт дөрөөлсөн увайгүй то­милгоо хийх ёсгүй. Ямартай ч манай нам үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Бид өөрчлөлтийг хүсэж байгаа болохоос биш хэн нэгнийг улс төрөөс зайлуулах гээгүй” хэмээн мэдэгдсэн. Аун Сан Су Ки нь 1945 онд Мьянмарын тусгаар тогтнолын цогтой тэмцэгч, генерал Аун Саны охин юм. Түүнийг хоёр настай байхад аав нь бусдын гарт амь үрэгдсэн боловч тэрбээр ээжийгээ даган Энэтхэгт амьдарч дээд боловсрол эзэмшсэн аж. Улмаар Оксфордын их сургуульд элсэн орж улс төр, эдийн засаг, философи судалсан байна. Оксфордод сурч байхдаа нөхөр Майкл Аристэй танилцан улмаар Александр, Ким хэмээн хоёр хүүтэй болжээ.

Ардчиллын төлөө үндэсний лиг нам 1990 онд бүх нийтийн сон­гуулиар томоохон ялалт байгуулсан хэдий ч цэргийн дэглэмийнхэн тус намыг засгийн эрхэнд гаргалгүй санал хураалтыг хүчингүйд тооцсон. Харин 1991 онд Аун Сан Су Кид Нобелийн энх тайвны шагнал өгсөн. Шагналыг бага хүү нь Норвегийн Осло хотод очиж гардан авч байсан түүхтэй. Түүний нөхөр Майкл Арис эхнэртэйгээ уулзахаа удаа дараа хүсэлт тавьсан ч Мьянмарын эрх баригчид зөвшөөрөөгүй, харин ч эсрэгээр нь Су Киг гадаадад байдаг гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг санал болгож байсан байна. Түүний нөхөр 1999 онд Лондонд элэгний хорт хавдраар нас барсан. Улмаар Аунг Сан Су Кид эх орноо орхин явбал эргэж орох боломжгүй болно гэдгээ ухаарч байсан гэдэг. 

Мьянмарын эрх баригч цэргийн хүчнийхэн парламентын байр сууриа алдахгүйн тулд амь тэмцэн эсэргүүцэж байгаа талаар CNN агентлаг онцолсон. Аунг Сан Су Ки сөрөг хүчнийг шүүмжлэн “Хэрвээ бид энэ хэвээр улс төрийн өөрчлөлт хийхгүй юм бол ард түмэн урьдын адил ой модонд, тосгонд өдөр хоногийг аргацаан байж амьдрах болно. Цэргийн хүчин ард түмнийг хүндэлж байгаа бол өөрсдөө зайгаа тавьж өг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Мьянмарын ард түмэн ардчиллын замыг сонгож Аунг Сан Су Ки болон түүний намыхныг дэмжсэнд баяртай байна. АНУ-ын зүгээс ардчиллын үүдийг нээлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Ардчилалын төлөө үндэсний лиг намд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэсэн юм. Ажиглагчидын үзэж буйгаар түүний энэ үг эрх баригч цэргийн хүчнийхнийг хөдөлгөөнд оруулсан. Учир нь НҮБ болон НАТО-аас ямар ч тохиолдолд дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой гэсэн утга агуулагдаж буй.

Мандалай хот нь Мьянмар улсын эдийн засгийн гол тулгуур бөгөөд хоёр дахь том хот юм. Хуучин Мьянмарын вангийн засаглалын үеийн сүүлчийн нийслэл аж. Нийслэл хотоос хойш 716 км зайд барлах бөгөөд сая гаруй оршин суугчтай. Мөн стратегийн хувьд газрын ховор элементээр дэлхийд алдартай. Тэр ч үүднээс одоогийн эрх баригч цэргийн хүчнийхэн амь тэмцэн Засгийн эрхээ алдахгүйг хичээж байгаа.  

 Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж