Дундговь аймагт төрийн удирдах албан хаагчид сүрхий тогтвортой байсан нь хоёр жилийн өмнө энд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Чандмань хүний нөөцөд хөдөлгөөн хийхээсээ илүү ажил төрөлтэйгөө танилцаж, хэн юу чаддагийг сорьж, бие даалгаад үзье гэснийх бололтой.
Энд саяхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг өөрчилж Батсүхийн Үнэнцэцэгийг томилсон байна. Хуучин даргыг өөрчлөхдөө эрүүл мэндийн салбарын ажиллагсдын санал бодол, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт буурсныг харгалзжээ. Б.Үнэнцэцэг урьд нь мэргэжлийн хяналтын байгууллагад эрүүл мэнд, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг ажлыг 20 шахам жил хийсэн туршлагатай төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. Харин аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитор өөр ажилд шилжсэн тул түүний оронд Баясгалангийн Долгорсүрэнг Ерөнхий аудитороор тус аймагт томилон ирүүлжээ. Б.Долгорсүрэн тус аймгийн төрийн байгууллагуудад санхүүгийн ажил эрхэлж байгаад сүүлийн арваад жилд нийслэлийн аудитын газарт шат дараалан дэвшин ажилласан туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч ажээ.
Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Очирын Чулуунбат томилогдон ажилдаа орлоо. Тэрээр урьд нь аймгийн төрийн хяналтын хорооны дарга, ерөнхий аудитороор 16 жил ажилласан юм. Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар 16 жил, Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар дөрвөн жил ажилласан, “Төрийн захиргааны тэргүүний ажилтан” Л.Цэвээнравдан гавьяаны амралтдаа гарлаа. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Хүрэлчөдөрийн Жаргал томилогджээ.
С.ПҮРЭВСҮРЭН