Чингисийн хөшөө Английн парламентад маргаан үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөө Английн парламентад маргаан үүсгэжээ

Лондонгийн олимпийн өмнөхөн тус  хотын хамгийн үзэсгэлэнт газрын нэг Гайд паркийн Марбле нуман хаалганы дэргэд буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны сүрлэг хүрэл хөшөө саяхнаас сүндэрлэх болсон билээ. Хөшөөний нээлтэд Боловрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон Англи дахь монголчууд оролцсон юм. Тэнгэрээс Британийн нэгдсэн вант улсад буун ирж байгаагаар дүрслэгдсэн их эзэн хааны хүрэл хөшөө Английн парламентын төвшинд маргаан үүсгэжээ. Английн Ажилчдын намын тэргүүн Паул Димолденберг “Олон зуун хүнийг үхэлд хүргэж, геноцид үйлдсэн эзлэн түрэмгийлэгчийн хөшөөг яагаад Лондон хотын зүрхэнд байрлуулж байгаа юм бэ” гэж шүүмжилсэн тухай thisislondon.co.uk сайтад бичжээ. Тэрбээр парламентийн танхимд “Марблийн нуман хаалганы урд Чингис хааны хөшөөг байрлуулна гэдэг маш буруу шийдвэр болсон. Дараа нь Сталин, Пол Пот, Саддам Хуссений хөшөөг авчрах уу” гэж ихэд бухимдсан байна.

 Харин Английн парламентийн дарга Роберт Дэвис “Урлагийн бүтээл ямар нэг санааг илэрхийлж, тэр нь хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнөх сэдэв болох үедээ алдартай болдог. Чингис хааны хөшөө бол сайн бүтээл” гээд Чингис хааныг түүхэнд бүтээсэн гавьяаг дурдсан байна. Чингис хааны хөшөөг ад үзэж байгааг дуулсан Лондонгийн  монголчууд ихэд бухимдаж байгаа гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж