Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, өчигдөр жагсаал хийлээ. Жагсаал болохын өмнө зохион байгуулагчид нь Сүхбаатарын талбайд цуглаж, дараа нь хүмүүсийг “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбайд дагуулан очсон юм. Цуглаанд оролцохоор ирсэн иргэд “Худлаа хэлж биднийг тараах гэж байна” хэмээн бухимдацгаасан ч цуглааныг зохион байгуулагчид иргэдэд тайлбарлаж хэлэхдээ” Улаанбаатар” зочид буудалд олон улсын байгууллагын төлөөлөгчид хуралдаж байгаа. Дарга нараас удирдамж иртэл эндээ бөөгнөрч, эсэргүүцлээ илэрхийлж байгаад зохион байгуулалттайгаар Сүхбаатарын талбай руу явъя. Ямар ч байсан төлөөлөгчид дотогш орсон. Монгол Улсад нөхцөл байдал ямархуу байгааг тэдэнд харуулъя” гэсэн юм. “Улаанбаатар” зочид буудалд НҮБ-ын бие төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон “Эрүүдэн шүүхийн эсрэг конвецийн нэмэлт протоколын хүрээнд Монгол Улсад Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага байгуулах тухай” семинар болж байсан юм. Тэдгээр төлөөлөгчдөд болж байгаа үйл явдлын талаар захидал өгөхөөр үүдэнд нь хүлээж байсан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэлэхдээ “Эрүүдэн шүүх хүнлэг бус, зэрлэгээр дарангуйлахын үүний эсрэг семинар болж байна. Энд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавихдаа Монголын талаар биш, харин Киргизстаны тухай ярьсан. Гэтэл Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүж хүнлэг бусаар нэр төрд нь халдаж мөрдөн байцааж баривчилах явдал байна. Харамсалтай нь Ерөнхийлөгч энэ талаар ярьсангүй. Өөр улсын талаар илтгэл тавьсныг үнэхээр ойлгохгүй байна. Олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэн учраас энэ хүмүүсийн сонорт болж байгаа үйл явдлын талаар хүргэж, мэдээлэл өгөхийн тулд иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Манай намын гүйцэтгэх товчоо хуралдаад ийм шийдвэр гаргасан” гэсэн юм. Мөн “Улаанбаатар” зочид буудал руу орох гэж байх үед нь МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Н.Энхбаярыг эргэж очсон нь үнэн эсэх талаар тодруулав. Тэрбээр “Ц.Нямдорж сайд тэнд очсон. Тэгэхдээ эргэх гэж биш. Н.Энхбаяр даргын хоригдож байгаа хорих ангийн захирагчийг “Хатуу чанга бай” хэмээн загнасан. Мөн даргын байгаа өрөөнд нэгжлэг хийж бал, цаас өгснөөс гадна эргэлтийн өрөөнд чагнах төхөөрөмж зэргийг суурилуулсан гэсэн” гэв.
Түүнчлэн өчигдөр Иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон хэдэн хөгшчүүл Ц.Нямдорж сайдад 14 инчийн зурагт бэлэглэнэ хэмээн хөл хөөрцөг болцгоосон юм. Энэ нь Н.Энхбаярын баривчилгааг зурагтаар харж чадаагүй гэж хэлсэнтэй нь холбоотой аж. Ямартай ч энэхүү жагсаалд оролцохоор ирсэн болон хажуугаар нь явж байсан иргэдийн байр суурийг сонирхсон юм. Хөдөлгөөнийхөн хэлэхдээ “Эх орноо гэж тэмцдэг бүх хөдөлгөөнүүд нэгдэн Сүхбаатарын талбайд цуглараад байна. Нөхцөл байдал биднээс ингэхийг шаардаж байна. Сонгууль бүрийн өмнө иймэрхүү зүйл гардаг. Монгол Улсад амьдрах үнэхээр хэцүү болж байна. Өмнө нь Ю.Цэдэнбал,Х.Чойбалсанг яг иймэрхүү байдлаар л үгүй хийсэн. Одоо Н.Энхбаярын ээлж ирж байна. Бид өнгөрснийг давтахгүйн тулд энд ирээд байна. Энд ихэвчлэн настай хүмүүс байна” гэсэн юм.
Харин Сүхбаатар дүүргийн иргэн н.Шаравхүү “Би цуглаан болох гэж байна гэдгийг сонсоод оролцохоор ирлээ. Ер нь энэ цуглааныг дэмжиж байгаа. Би энэ төрд 40 гаруй жил ажилласан хүн. Харин одоо улс төрийн байдал үнэхээр хэцүү болж байна. Сүүлийн 20 жил иймэрхүү байдалтай явлаа. Байгалийн баялгийг маань дарга нар худалдаад дууслаа. Гадны орнууд манайх руу шуурч байна. Гэтэл хүссэн бүхэнд нь баялгаа тарааж өгч байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсад хийдгээ хийсэн хүн” гэв.
Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаал болно гэх зар уржигдар тараад байсан. Гэхдээ өчигдрийн байдлаар төдий л олон хүн Сүхбаатарын талбай дээр цугласангүй. Тэнд ойролцоогоор 300 гаруй хүн очсны ихэнх нь хөгшид байв.
Ж.БАТТУУЛ"Улс төрийн тойм" сонин