Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн банцүкэ гарчээ. Энэ удаагийн башё сүмогийн түүхэнд анх удаа зургаан оозэки цолтонтой болж буйгаараа онцлог юм. Уламжлал ёсоороо 69 дэх аварга Хакүхо зүүн жигүүрийг тэргүүлж байна. Мөн өнгөрсөн башёд амжилттай барилдсан Харүмафүжи оозэки цолтнуудаас зүүн жигүүрийг, харин Барүто барууныг манлайлж байна. Какирюү оозэки, Гоэйдо, Тоёоношима нар сэкивакэ, Хомашо, Аминишики нар комүсүби цолтойгоор аки башёд барилдах юм. Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо маэгаширагийн долоо, Токитэнкү ес, Шотэнрү 11, Асасэкирюү 14, Тамаваши 15-т эрэмбэлэгджээ. Харин жюүрёд ганцхан Кёкүшюхо барилдах юм байна. Сүмогийн банцүкэ зарласны дараа шинэ оозэки Японы хэвлэлд товч ярилцлага өгчээ. Тэрээр “Энэ цаг үеийн зургаа дахь оозэки болсондоо баяртай байна. Тавдугаар сарын башёд оозэки цолоо баталж, цаашлаад түрүүлэхийн төлөө зүтгэх болно. Намайг дэмжсэн бүх хүний итгэлийг би ялалтаар хариулахыг хүсч байна. Сүмогийн хамгийн дээд цолыг авахын төлөө тасралтгүй бэлтгэл хийнэ. Миний одоогийн бэлтгэл маш сайн байгаа. Бүгдэд нь баярлалаа” гэжээ.
“Спортын шуудан”