Ямартай ч нийслэлийн төвийн дүүргийн зарим хороодоор энэ ажил ямархуу шатандаа явж байгаа талаар хорооны ажилтнууд, үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс тодруулав. Сүхбаатар дүүргийн VII хороон дээр үдээс хойш очиход ачаалал багатай байлаа. Хорооны Засаг даргын тамгын газрын байраар мэр сэр хүн орж гарна. Энэ үеэр тус хорооны Халамжийн мэргэжилтэн Т.Должингоос зарим зүйлийг тодруулав.
-“Хүний хөгжил сан”-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад нэг сая төгрөгийг бэлнээр нь олгохоор болсон. Танай хороон дээр энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Манай хороо хотын төвийн хороодын нэг. Энд ахмад настан 700 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 300 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 12 байдаг. Энэ сарын 12-ноос хүмүүсийн бичиг баримтыг авч эхэлсэн. Ачаалал нь одоохондоо гайгүй байна. Эхний хоёр өдөр л хамгийн их байсан. Тэр үед ганц өдөрт 300 гаруй өргөдөл хүлээн авч байлаа.
-Та сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 12 байдаг гэлээ. Тэгэхээр ийм хүүхдүүдэд ямар шалгуураар мөнгө олгох юм?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болгон авахгүй шүү дээ. Хүний асаргаанд байдаг, эмчийн шийдвэрээр тогтоосон хүүхдүүд хамрагдана.
-Тийм хүүхдүүдийг яаж таньж баталгаажуулдаг вэ. Таньдаг эмчээрээ дамжуулж тодорхойлолт гаргуулах явдал гарч байна уу?
-Манай өрхийн эмч хорооны бүх өвчтөнтэйгээ харьцдаг. Тийм болохоор бидэнд тийм ч их асуудал тулгарахгүй гэж бодож байна. Тэгээд ч нөхцөлт асаргааны мөнгө гэж зайлшгүй асаргаатай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 30 мянга, асрагч нь 24 мянган төгрөг авдаг байсан. Харин одоо 48 мянган төгрөг болж нэмэгдсэн байгаа.
Тэрбээр ийн ярьсан юм. Тус хороон дээр нэг сая төгрөг авах өргөдлөө өгөхөөр ирсэн долоодугаар хорооны өндөр настан Д.Чойдорж “Би Архангай аймгийн Төвширөх сумаас шилжиж ирлээ. Шилжүүлэг хийлгэх гэж жаахан удсан. Харин энд ирсэн чинь ажил овоо бүтчихлээ. Ачаалал ч бага байна” хэмээсэн. Журмын дагуу тэдгээр иргэд хувьцаа, бэлэн мөнгө хоёрын аль нэгийг сонгох хувилбар бий. Д.Чойдоржоос нэг сая төгрөгөөрөө юу хийх гэж байгаа талаар нь сонирхоход “Би бол бэлэн мөнгөө авна гэж бодож байгаа. Харин тэр мөнгөөрөө үр хүүхдүүддээ өвлөж үлдээхүйц нэг сайхан хөөрөг худалдаж авах санаатай байна. Одоохондоо тэтгэврийн хэдэн төгрөг маань амьдралд хүрэлцэж байна” гэлээ. Түүнчлэн хотын захын хороодоор очсон юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд очиход ачаалал нэлээд их байв. Гэхдээ ирж буй хүмүүийн ихэнх нь “Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ” гэх зэрэг мэдээлэл лавлах зорилготой байв. Яагаад тэд ийн хорооны ажилтнуудад ачаалал үүсгэж байгааг асуухад тус хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Хорлоо “Хаалган дээрээ биднийг юу юу бүрдүүлж ирэх вэ гэдгийг тодорхой бичсэн заавар тавьчихвал зүгээр байна” гэсэн. Харин энэ талаар хорооны халамжийн мэргэжилтнээс асуух гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзсан юм. Тэнд байсан хүмүүс хэлэхдээ “Уг нь зар тавьдаг. Хүүхдүүд ч юм уу хэн нэг нь хуулаад авчихдаг” хэмээсэн.
Зарим иргэдийн тодруулахаар ирсэн зүйл нь энэ он гараад нас барсан хүмүүс сая төгрөг авч болох уу, бас хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд өөрсдөө ирж чадахгүй болохоор асран хамгаалагчаараа маягтыг нь бөглүүлж болох эсэх талаар асууж байсан. Энэ талаар хорооны халамжийн мэргэжилтнүүд “Хэрэв гэрээс гарах чадваргүй тохиолдолд төлөөлөл нь ирж материалыг бүрдүүлэх боломжтой” гэсэн. Түүнлэн энэ онд нас барсан хүмүүсийн өмнөөс нэг сая төгрөгийг авах бүрэн боломжтой аж. Гэхдээ өв залгамжлагчаар буюу хоёр талын бичиг баримтыг наториатаар баталгаажуулсан хуулбараар мөнгө олгох юм байна.
Дашрам дурьдахад, иргэн та ямар бичиг баримт бүрдүүлж нэг сая төгрөгөө авч болох талаар хүргэе.
Ахмад настан:
• Иргэний үнэмлэх
• Хүний хөгжил сангийн дэвтэр
Хөнгжлийн бэрхшээлтэй иргэн:
• Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар
• Группын дэвтэр
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Хүний хөгжил сангийн дэвтэр
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
• Хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон дүүргийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн хуулбар
• Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
• Эх, эцгийн иргэний үнэмлэхийн хуулбар
• Хүний хөгжил сангийн дэвтэр зэргийг бүрдүүлж ирэх юм байна.
"Улс төрийн тойм" сонин