Сири улсад ажилладаг Арабын Улаан хавирган сар нийгэмлэгээс НҮБ-ыг хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүссэн гэнэ. Одоо тус нийгэмлэг нь Сирид тусламж оруулах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд үүний дараа НҮБ-ын хүнсний хөтөлбөр тусламжаа илгээх юм байна.
Одоо Сирид үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн хамтрагч байгууллагаар дамжуулан илгээж байгаа юм. Сирийн 14 мужийн 11 мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр Ракке мужид тусламж өгөхөөр төлөвлөж байна гэж НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн хэвлэлийн төлөөлөгч Элизабет Бирс мэдэгдсэн юм.
НҮБ-ын захиргаанаас Сири улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар төлөвлөгөө боловсруулсан бөгөөд 180 сая ам.долларын санхүүжилтыг хагас жилийн хугацаанд үзүүлэх тусламжид зориулахаар төлөвлөсөн байна. Одоо Сирийн нэг сая орчим хүн ардад наад захын тусламж хэрэгтэй байгаа учир НҮБ-аас дээрх төлөвлөгөөг боловсруулсан юм. Түүнчлэн НҮБ өөрийн донор орнуудаас Сири улсад үзүүлэх тусламжийг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн хүссэн юм. Одоогоор 37,4 сая ам.долларын тусламж цугларсан бөгөөд тусламжийн тал орчмыг Сирид хүргээд байна.