Монголын мал сүрэг 50 саяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Монголын мал сүрэг 50 саяд хүрнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ жил Монгол Улсад 15 сая толгой төл хүлээн авна гэсэн тооцоог гаргажээ. Улсын хэмжээнд малчид шинэ төлийнхөө 70 гаруй хувийг хүлээн авсан бөгөөд нялх төлийн хорогдол урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Сүүлийн жилүүдэд малчид өвөл, хаврын бэлтгэлээ маш сайн базаадаг болсон болохоор төлийн хорогдол бага гарах болсон гэв. Гэхдээ  зарим аймгуудад цаг агаар эрс хүйтэрч, цас орж +20 хэмээс -3 хэм рүү орох төлөвтэй байгаа учир малчид аль болохоор бэлтгэл сайтай байхыг анхааруулсан. Зарим аймгуудад хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас Засгийн газар хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл малчдад хүргэж өгөх ажлыг зохион байгуулж буй. Гэхдээ гарсан төлийн 93 орчим хувь нь эсэн мэнд бойжиж байгаа гэнэ. Энэ жил зүүн бүсийн аймгуудийн мал нэлээд оройтож төллөсөн аж. Энэ жил манай улс 15 саяас доошгүй төл хүлээн авсаар малын тоо толгой 50 саяд хүрэх юм байна. Харин малчид малаа тэр болгон нядлахаа больсон, ноос ноолуур, түүхий эдийн үнэ ханш өссөн зэрэг нь малын тоо толгойн өсөлтөд сайнаар нөлөөлжээ. Хэдийгээр жилээс жилд Монгол малын тоо өсч байгаа ч дотоодын зах зээлд зарагдаж буй махны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Үүнийгээ махны худалдаачид нийлүүлэлтийн хомсдолтой холбон тайлбарлаж байгаа ч цагаан сараас хойш хотод зарах махны нийлүүлэлт багассан байна. Махны нийлүүлэлт буурсан шалтгааныг малчид малаа зарах сонирхол буурсан, шаардлага багассантай холбон тайлбарлаж байгаа. Үнэндээ ч сүүлийн жилүүдэд малчдад малаа нядалж зарах ямар ч шаардлагагүй болсон, хөдөөд ядуурал эрс буурсныг судалгаагаар гаргажээ.

Б.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж