Жирэмсэн үедээ архи уувал аюултай

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Жирэмсэн үедээ архи уувал аюултай

Жирэмсэн эмэгтэй хүн согтууруулах төрлийн /алкогольтой/ ундаанаас зайлсхийх өөр нэг шалтгааныг эрдэмтэд тодрууллаа. Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа согтууруулах ундаа уухад хүүхэд нь маш ховор тохиолддог цусны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж Францын эрдэмтэд мэдэгдлээ. Францын эрдэмтдийн хийсэн судалгаагаар эх нь жирэмсэн байх үедээ согтууруулах төрлийн ундаа уусан хүүхдүүд ихэнхдээ үхэлд хүргэдэг цусны хорт хавдар “myeloid leukemia”-гын хурц хэлбэрээр өвчилөх магадлал 56 хүртэл хувиар нэмэгддэг гэж үзэж байна. Тиймээс жирэмсэн буюу жирэмслэх гэж байгаа эмэгтэйчүүдэд согтууруулах төрлийн ундаанаас зайлсхийхийг эмч нар маш сайн анхааруулах хэрэгтэй гэж бид судалгаандаа зөвлөсөн. Жирэмсэн үедээ алкогольтой ундаа хэрэглэх нь эрсдэлтэй гэдгийг эмч нар мэддэг. Харин ямар эрсдэл нэмэгдэж байгааг бид нэмж тодрууллаа гэж Парисын их сургуулийн “Nutrirional Epidemiology” чиглэлээр судалгаа хийж байгаа хэлтсийн захирал Paule Latino-Martel “Yahoo News”-д ярьсан байна.

Хэдийгээр жирэмсэн үедээ согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг эмч нар хориглодог ч багагүй хэмжээний эмэгтэйчүүд хэрэглэсээр байна. АНУ-д хийсэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 12 хувь нь алкогольтой ундаа хэрэглэж байна гэсэн дүн гарсан бол Францын жирэмсэн эмэгтэйчүүдийн 52 хувь нь, Орост 60 хувь нь жирэмсэн байхдаа согтууруулах төрлийн ундаа хэрэглэдэг байна. АНУ-д жил бүр хурц “myeloid leukemia”–гын тохиолдол 700 бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ сайжирсантай холбоотойгоор ийм өвчнөөр өвдсөн 14 хүртэл насны хүүхдүүдэд дахиад таван жил амьдрах магадлал 60 хүртэл хувиар нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.

Уг судалгаанд эрсдэлтэй бүлэгт жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн 8,000 эмэгтэй, хяналтын бүлэгт согтууруулах ундаа хэрэглээгүй 10,000 эмэгтэйг хамруулж шинжилгээ, судалгааны ажил хийсэн байна. Есөн дэд судалгааны хүрээнд судлаачид хурц “myeloid leukemia”-ын 731 тохиолдол илрүүлжээ. Жирэмслэлтийн аль үед алкоголь хэрэглэсэн бэ гэдгээс илүүтэйгээр хэр их хэмжээний алкоголь хэрэглэсэн бэ гэдэг нь эрсдэлд илүү нөлөө үзүүлснийг эрдэмтэд тодруулсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж