Руби Берлусконигаас таван сая евро шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Руби Берлусконигаас таван сая евро шаарджээ

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн эсрэг насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэхэд хүргэсэн гэх эрүүгийн хэргийн гол хүний нэг болох мароккан бүсгүй Карима эль-Маруг бүсгүй улстөрчөөс таван сая евро  нэхсэн нь утасны ярианы бичлэг зэргээр илчлэгдэж байна. Руби нэрээр алдартай тэрбээр  хэрвээ дээрх мөнгийг өгвөл дуугай байхаа амласан аж. Бичлэгийн дууны файлуудыг  La Repubblica  сонин даваа гаригийн дугаартаа нийтэлжээ.

Ерөнхий сайд асныг шүүмжилж ирснээрээ алдартай уг сонинд 2010 оны аравдугаар сарын 26 ба 28-ны өдөр Италийн хууль хяналтынхны хийсэн утасны ярианы таван бичлэгийг шүүхийн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн байна.

Үүнээс өмнөхөн 2010 оны аравдугаар сараас Буерлускони насанд хүрээгүй мароккан бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл гарсаныг улстөрч өөрөө “хэвлэлийн хог” хэмээн нэрлэсэн байв.

Эдгээр бичлэгт тэр үед 18 нас хүрээгүй байсан Руби өөрийн эцэг, найз бүсгүйчүүд ба сүйт хархүү байсан залуутайгаа Берлускони ба өөрийн холбоо сүлбээний талаар гарсан мэдээг хэлэлцэн мөн телевиз түүнээс ярилцлага авахаар болж байгаа тухай ярьсан байв.

“Сильвио өчигдөр надад утасдан “Руби би чамд хүссэн мөнгийг  чинь өгнө. Чамайг алт мөнгөнд умбуулна. Гэхдээ хамгийн гол нь бүгдийг нууж, хэнд ч юу ч битгий хэл” гэсэн хэмээн тэр найз бүсгүйдээ утсаар хэлсэн байв.

Ингэж хэлж байхдаа тэр Берлусконитай жил орчим найзалж байгаа, долоо хоног бүр Берлускони надад 47 мянган евро өгдөг гэжээ. Гэхдээ Руби тэр мөнгийг сексийн төлөө биш надад ”ухаангүй сайн” байгаа учраас л өгдөг гэсэн байв. Руби өөрийн сүйт хархүү байсан  Сержо Корсаротай ярихдаа юу ч ярихгүй галзуу юм шиг байна гээд Берлусконигоос таван сая евро нэхсэн гэжээ. “Өмгөөлөгчийнхөө хамт бид таван сая евро нэхэхэд тэр зөвшөөрсөн” хэмээн Руби ярьжээ.

Утасны яриа нийтлэгдэхээс хэд хоногийн өмнө Берлускони Милан хотын шүүхээр тэр дуулиантай хэргийг сонсоход оролцсон байв. Одоо 75 настай улстөрчийг шүүх насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэлтэд уруу татсан мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллаж байгаа юм. Экс ерөнхий сайд тэр дуулиантай үдэшлэгүүдэд оролцож байсан эмэгтэйчүүдэд дэмжлэг тусламж үзүүлж байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэдний амьдрал энэ дуулианаар  сүйтгэгдсэн хэмээн тэр тайлбарласан байв. “Тэдний ганц буруу нь ерөнхий сайдын өргөөнд оройн зоогт уригдсаныгаа хүлээн авсан явдал. Гэхдээ үүний хариуцлагыг би өөрөө хүлээнэ” хэмээн баасан гаригт болсон шүүх хуралдааны завсарлагаар Берлускони сэтгүүлчдэд ярьсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж