БНАСАУ тусгай ажиллагаа явуулахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

БНАСАУ тусгай ажиллагаа явуулахад бэлэн

Хойд Солонгосын цэргийн удирдлагын төлөөлөгчид ойрын хугацаанд БНАСАУ-ын талийгаач ерөнхийлөгч нарыг доромжилсон гэх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн эсрэг “тусгай ажиллагаа” явуулна гэж мэдэгдсэн тухай Sydney Morning Herald сонинд өгүүлсэн байна.

“Ойрын үед манай хувьсгалч арми дайсагнасан хүчийг зогсоохын эсрэг чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна” гэж  БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдсэн гэж Австралийн сонинд бичжээ.  Мэдэгдлийн дагуу  тусгай ажиллагааны гол бай нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак ба түүний талынхан болон консерватив хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болох ажээ. Цэргийнхэнд яг ямар ажиллагаа явуулах талаар мэдээлэл байхгүй байгаа юм.

Хойд Солонгос Ли Мен Бакийн мэдэгдлүүдэд ихээхэн эмзэглэлтэй хандаж байгаа  учраас тэд талийгаач лидерүүдийг доромжилсон хэмээн үзэж байгаа ажээ.  Тэд  “ариун дайн” хийнэ гэж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Пхеньянд болсон өргөн олон нийтийн цуглаанд оролцогсод Ли Мен Бакийн үхлийг шаардаж байсан гэнэ.

Өмнөд Солонгос өөрийн ээлжид ерөнхийлөг­чийнхөө эсрэг хийгдэж буй доромжлолыг зогсоохыг шаардаж байна. “Хойд Солонгос Өмнөд Солонгосын эсрэг дайралтаа нэмэгдүүлсэнд бид их зовинож байна. Тэр нь хоёр орнуудын харилцаанд хурцатмал байдлыг гарган өдөөж байгаа учраас бид гүтгэлгээ нэн даруй зогсоохыг  шаардаж байна” гэж өмнөдийн төлөөлөгч хэлжээ.

Энэ сарын 13-нд хөөргөсөн хиймэл дагуултай пуужингийн нислэг амжилттай болоогүй ч тэр нь өмнөдийн зүгээс шүүмжлэл гаргасан юм. Өмнөд Солонгосын  ерөнхийлөгч Ли Мен Бак мэдэгдэхдээ, 850 сая долларыг пуужин хөөргөхөд зориулснаас өөрсдийн иргэдийн хоол хүнсэнд зарцуулах хэрэгтэй гэсэн юм.

БНАСАУ өөрийн сансарын хөтөлбөрийг энх тайвны зориулалттай гэж зүтгэж байгаа юм. Гэсэн ч олон улс орнууд уг хөөргөлтийг цөмийн цэнэг зөөх баллистик пуужингийн туршилт гэж үзсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж