О.Магнай
УИХ-ын 2008 оны сонгуулиар “Жанжин Сүхбаатар бид хоёр адилхан, 26 настайдаа Д.Сүхбаатар ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан бол би УИХ-ын сонгуульд оролцож байна” хэмээн Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшин өрсөлдөж байв. Харамсалтай нь тэрээр өвдөг шороодсон. Мөн 7 сарын нэгний үйл хэрэгтэй түүний нэрийг холбож ойлгох явдал байдаг. Энэ удаа АН-аас түүнд тойрог өгөх, 28-ын жагсаалтад оруулах нь одоо тодорхойгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт “даагаа нэхэх” хүсэл түүнд байгааг үгүйсгэхгүй.
Б.Болор
Архангай аймгийн Чулуут сумын унаган нэгэн. НИК компанид гадаад харилцааны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Бельгид НИК-ийн зардлаар суралцсан азтай залуу. 2008 оноос 2012 оны хоёрдугаар сар хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Түүнийг ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц Англи улсад баривчлагдсан нь олны анхаарлын төвд орж, түүнийг суллах ажлын хэсгийг дэд сайд Б.Болор тэргүүлэн ажилласан нь олон нийтэд танигдахад хүргэсэн юм. Төрсөн нутаг Архангай аймгаас УИХ-д нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Ц.Жадамбаа
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1983 онд төрж өссөн тэрээр хожим Их засаг Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. Өөрийгөө жинхэнэ Монголын боловсролын бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай тэрээр анх УТБА-ын захирал Д.Ганбатаар улс төрийн “А”үсэг заалган, сонгуулийн сурталчилгаанд оролцон улмаар тус академид багшилж байжээ. 2006 оноос хэдэн залуусын хамт лекц унших, олон нийтийн ажил зохион байгуулж эхэлснээр улс төрийн гараагаа эхлүүлсэн гэдэг. Түүнийг АН-ынхаа залуусын дунд нэр хүндтэй гэх юм билээ. Энэ удаагийн сонгуулиар АН-аас Хэнтий аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож байна.
Б.Пүрэвдорж
Б.Пүрэвдорж 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр аймгийн АН-ын дарга болж байв. Аймгийн АН-ын даргын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд аймгийнхаа хоёр мандатын төлөө нэр дэвшин өрсөлдөхөөр зэхэж байна. 1995-2008 онуудад гаалийн байгууллагад ажиллаж байв. Тэрээр “Ховддоо сайхан амьдаръя” уриа дэвшүүлэн, ингэж амьдрах бололцоо Ховдчуудад бий хэмээн ухуулж яваа сурагтай. Ямартай ч Ховдчууд Б.Пүрэвдоржид итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонговол Ховдчуудыг нутагт нь сайхан амьдруулах юм байна гэсэн бодол хүмүүст төрж байгаа бололтой.
Б.Отгонбат
“Глобал Удирдагч” дээд сургуулийн үүсгэн байгуулагч, сургуулийн ерөнхий захирал Б.Отгонбат. 2008 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялагдсан хэдий ч энэ удаа “даагаа нэхэн” дахин Дорнод аймагт өрсөлдөхөөр шийдсэн гэх мэдээлэл бий. Дорнодчууд түүнд итгэл үзүүлэн гишүүний мандат өгвөл сурсан мэдлэг, эзэмшсэн боловсролоо төрөлх нутгийнхаа төлөө харамгүй зориулна гэж ярих түүнийг энэ удаа Дорнодчууд дэмжих магадлал өндөр байгаа аж. АНУ-д сурч, мэргэжил эзэмшсэн гэх энэ залуу заримдаа Монголынхоо “амьдралыг мартчих” гээд байдаг муу талтай.
Н.Мөнхдаш
“Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш гэхлээр хүмүүс түүнийг анддаггүй. Дархан-Уул аймгийн уугуул хүү тэрээр 2008 онд Дархан-Уул аймагт АН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан ч өрсөлдөгчдийнхөө овт мэхэнд “ойчиж”, хүн зодсон хэргээр аавын хаалга татахдаа тулж, сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдаж байсан гэнэ. Дархан-Уул аймагт хийж бүтээсэн зүйлтэй, хэлэх ярих үгтэй түүнийг энэ удаа АН, дахин итгэл үзүүлж нэр дэвшүүлвэл хоёр мандатын нэгийг намдаа авч чадах хүмүүсийн нэг гэж ярх юм билээ. Монголчууд түүнийг манлай уяач гэдгээр нь илүү сайн мэддэг.
Т.Хасбаатар
АТГ-ын “Ардчилсан намын ээлжит бус их хурал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч. Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар. Түүнийг З.Энхболдын дохио зангаагаар тус тойрогт нэр дэвших магадлалтай хүмүүсийг нэгээр нь намнах ажлыг хийж байгаа гэх таамгийг дэвшүүлдэг. Өвөрхангай аймагт намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын нэр хүндийг бэхжүүлэх гэхээсээ илүү түүнийг хуйвалдаан зохион байгуулж, хор найруулахдаа гаршиж яваа гэдгээр нь хүмүүс анддаггүй юм билээ. Томоохон “акул”-уудын завсар зайгаар ирэх сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөх сураг бий. Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, түүнтэй “дайн” зарлаж, өөрийнхөө PR-ийг эхэлсэн тэрбээр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн сурагтай. Харин АН түүний нэрийг орон нутагт өрсөлдүүлэх үү, нэрсийн жагсаалтад оруулах уу гэдэг нь одоогоор тодорхой биш байна.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат
Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дэд даргаар ажиллаж байсан тэрээр 2012 онд Улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч төд удалгүй Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албанд сонгогдон ажиллаж байна. Өвөрхангай аймгаас АН-ын ҮЗХ-г төлөөлдөг тэрээр, төрсөн нутгаасаа ирэх сонгуульд хүч үзэхээ зарласан ч мандат авах магадлал тун цөөн юм. Учир нь Өвөрхангайн 10 дугаар тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт нарын эрхэмүүд залуу улс төрчид зайгаа тавьж өгөх нь юу бол. Мөн түүнтэй нам дотроо өрсөлдөх нэгэн бол “Ардчилсан намын ээлжит бус их хурал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар юм.
Б.Ариунсан
Хамтарсан Засгийн газарт ЭБЭХ-ний сайдаар Б.Ариунсан ажиллаж байв. Дэд сайдын ажлаа өгөхдөө шатахууны үнийг нэмсэн “хэрэгт” холбогдож байсныг эс тооцвол АН-даа нэр цэвэр улс төрчдийн тоонд ордог. Ирэх сонгуульд намаасаа Говь-Алтай аймагт нэр дэвшихээр сонгуулийн ажлаа эхлүүлсэн мэдээлэл байна.
Б.Гантогтох
Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн хүү, Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн төрөлд өндөр амжилт үзүүлснээр нь МУ-ын гарьд Б.Гантогтохыг бөх сонирхогчид төдийгүй Монголчууд түүнийг андахгүй. Түүний улс төр, уул уурхайн бизнес нь амжилттай яваа нэгэн. Увс аймгийн АН-ын ҮЗХ-ны ротацийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван хүнээс 90 гаруй хувийн санал авч ҮЗХ-ны гишүүн сонгогдсон байдаг. Ирэх УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвших магадлал өндөртэй улс төрчийн нэг. Аймагтаа ч нэр хүндтэй рейтинг өндөртэй яваа гэнэ.
Э.Галбадрал
Монголын хувьцаа эзэмшигчдийн ассиоцацийн дэд ерөнхийлөгч Э.Галбадрал улс төрийн туршлага нимгэнтэй, овсгоотой нэгэн. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгчөөр ажиллаж анх улс төрийн амьдралд хөл тавьсан гэдэг. Ардчилсан хүчний холбооны дэргэдэх залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. ХАОЗНХ-ны тэргүүнээр ажиллан Ховд аймгийн оюутан залуучууд руу чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлдэг хэмээн Ховдчууд түүнийг үнэлдэг аж. Нутаг усныхаа хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэл өвөрлөн ажиллахын зэрэгцээ “Дэвжих гүүр” ХХК-ийг байгуулан, бизнесийн үйл хэргээ амжилттай явуулж байгаа нэгэн. Энэ жилийн сонгуульд АН-аас Ховд аймагт нэр дэвших сонирхолоо илэрхийлээд буй ч, намаас нь түүнд “виз” олгох эсэх нь эргэлцээтэй юм. Ан-аас “виз” өгөхгүй бол тэрээр бие даан нэр дэвшинэ гэдгээ ил далд илэрхийлж байгаа гэнэ. Хэрэв Э.Галбадрал энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл, 26 настай гэдгээрээ хамгийн залуу нэр дэвшигч болох юм байна.