Ц.Нямдоржийг огцруулах фракци ”гомдоллов”

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг огцруулах фракци ”гомдоллов”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийг огцруулах саналаа өр­гөн бариад байгаа УИХ-ын гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон МАН-ын дарга С.Батболд нартай өчиг­дөр уулзлаа. Тэд Ц.Нямдоржийг огц­руулах асуудлыг яаралтай шийдэж, ан­хаа­рал тавихыг хүссэн  бөгөөд УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэхийг хүслээ. Харин УИХ-ын дарга тэдний сана­лыг хүлээж аваад, “Та бүхний тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ бидэнд хэ­лэлцэж шийдэх асуудал олон байна. Юуны өмнө хуулийн хугацаа нь тулчихаад байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн асуудлыг нэг мөр шийдэх, УИХ-ын ээлжит сонгуулийн товыг зарлах гээд нэн даруй шийдэх асуудал байна.

Нөгөө талаар та бүхний тавьсан асуудлын тухайд намын Удирдах зөв­лөлөөр ярилцаж, намын бүлэг шийдлээ гаргах ёстой. Намын бүлгийн шийдвэр гараагүй байгаа учраас Байнгын хороо хуралдаж чадахгүй хүлээзнэж байгааг та бүхэн өөрсдөө ойлгож байгаа. Иймээс асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдэл гаргуулахад адилхан нэг бүлгийн гишүүдийн хувьд та бүхэн өөрсдөө ажиллах хэрэгтэй, саналаа хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Р.Раш, Ц.Даваасүрэн нар энэ сарын 13-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед хүний эрх зөрчигдөж, УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдалд халдсан үйл  явдал гарсан гэж үзсэн учраас Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй гэж УИХ-ын даргад хүсэлт гаргасан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг хуулиараа бол Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор шийдвэрлэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх учиртай. УИХ-ын чуул­га­ны хуралдааны дэгийн тухай хуулийн 38-р зүйлд зааснаар Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журмын 1 дэхь заалтад “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгин газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Мөн хуулийн 2-т зааснаар байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор Нэгдсэн хуралдаанаар  санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно гэж заасан байдаг.

Хууль зүйн байнгын хороо долоо хоног, УИХ долоо хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг өгснөөс хойш долоо хоног өнгөрч байхад Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж эхлээгүй байгаад санал хүргүүлсэн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хууль зүйн байнгын хороо ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Хуулийн дагуу бол ирцээ бүрдүүлээд хуралдуулах ёстой. Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг намын дарга болон УИХ-ын даргад хүсэлт гаргалаа. Хуулиар УИХ-ын байнгын хороогоор долоо хоногийн хугацаанд хэлэлцэж УИХ-д шилжүүлэх ёстой. Байнгын хороо хэлэлцэх хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусч байна” гэлээ.

 Хууль зүйн байнгын хороо хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад огцруулах санал гаргасан гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа учраас ийнхүү УИХ-ын дарга болон МАН-ын даргадаа хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга “нэг сайдын асуудлаас илүү хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн хууль гээд олон асуудал байгааг сануулаад, ямар ч гэсэн энэ асуудлыг шийднэ” гэдгээ илэрхийлэв. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа эсэхийг одоогоор шийдвэрлэх хүн байхгүй ч Хууль зүйн байнгын хороо хууль зөрчөөгүй гэсэн тайлбарийг өгч байгаа ч хуулинд зааснаар бол Хууль зүйн байнгын хороо  хууль зөрчиж байна гэх хүмүүс байна.  Ц.Нямдорж сайд огцрох эсэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Д.ОДБАЯР: ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ


Энэ талаар  Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.

-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ. Санаатайгаар хэлэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл байна л даа?

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гаригт хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй учраас хуралдаж чадаагүй. Ямар нэг санаатайгаар хэлэлцэхгүй байна гэж ойлгож болохгүй. Хууль зүйн байнгын хороо удахгүй энэ асуудлыг хэлэлцэнэ.

-Нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэнэ гэж байгаа. Гэтэл энэ хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусч байхад хэлэлцэж эхлээгүй байна. Тэгэхээр Хууль зүйн байнгын хороо хууль зөрчиж байгаа юм биш үү?

-Хууль зөрчөөгүй. Энэ асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Даваа гаригт гишүүдийн ирц бүрдээгүй учраас хойшлуулсан байгаа.

Ш.Оюунчимэг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж