Тавантолгойн хувьцааг хэзээ гаргах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг хэзээ гаргах вэ?

Эдийн засгийн байнгын хороо­ны өчигдрийн хуралдаа­наар “Монгол Улсын мэдээлэл, ха­рилцаа холбоо, технологийн та­лаар төрөөс баримтлах бод­лого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэ­лэл­цэх нь зүйтэй гэж үзлээ. Үү­ний дараа Санхүүгийн зохи­цуу­лах хорооны 2011 оны үйл ажил­лагааны тайланг хэлэлцсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан салбарын үзүүлэлт өнгөрсөн онуудаас өссөн гэж гишүүдэд мэдээллээ. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс шинээр батлагдан гарсан Компанийн тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Жолоочийн даатгалын тухай, Зээлийн батлан даалтын тухай зэрэг томоохон бие даасан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд 350 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн, хувьцааны арилжаа л гэхэд 109 тэрбумд хүрсэн аж. 2010 онд 16 компани 30.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2011 онд 28 компани 74.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Даатгалын компаниудын актив 56.7 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан бол 2011 онд 81 тэрбумд хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн ажлын хэсэгт тус хорооныхон багтан ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус хороо Инновацийн тухай хууль, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа хэмээн мэдээлсэн юм. Д.Баярсайхан дарга хяналт, шалгалтын нэгдсэн тогтолцоонд шилжих асуудал, хорооны төсөв, мөнгөний асуудалд хаана хаанаа анхаарал хандуулах цаг болсныг ч мөн онцолсон.

Түүнчлэн гишүүд иргэдэд эзэмшүүлэх 536 ширхэг хувьцааг байршуулан данс нээж байгаа брокерийн компаниуд иргэдээс 5000 төгрөг авч байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх,  Засгийн газрын зүгээс энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн талаар албаны хүнээс тодруулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын хэлснээр хөрөнгийн зах зээлд оролцох гэж буй хэн ч бай данс нээлгэх нь гарцаагүй. Гэхдээ дээрх 536 хувьцаа арилжаанд орох болоогүй болохоор яарах шаардлагагүй юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 5000 төгрөгийн хураамж авч данс нээж буй компаниудад ийм мөнгө авч болно, болохгүй гэсэн шаардлага тавих боломж байхгүй ажээ.

УИХ-ын  гишүүд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргах ажил чухам ямар шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй хойшлогдсоор байгаад

хариулт өгөхийг хүссэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын биржид арилжихын тулд нэн тэргүүнд Үнэт цаасны тухай хуулийг заавал баталсан байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэж эрх баригчид тодроод байгаа ч наад зах нь олон улсад IPO гаргахад баримтлах бодлогын хууль нь батлагдаагүйгээс энэ ажлыг зохион байгуулахад бэрхшээл тулж буй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэдгийг 2007 оны үеэс л ярьсан. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д оруулж ирээгүй байна. Тэгэхээр энэ ажлыг хариуцаж буй Санхүүгийн зохицуулах хорооныхон яагаад энэ хугацаанд сэтгэл гаргаад УИХ-ын гишүүдтэй уулзаж, бодит байдлаа хэлсэнгүй вэ. Нэг зам нь болохгүй бол нөгөө замыг нь сонгоод явах ёстой. Яагаад зөвхөн Засгийн газрыг харж цаг алдаж суугаад байна вэ” гэж шүүмжилсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Одхүү стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжина гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгааг тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга “Одоогийн байдлаар стратегийн ордоос зөвхөн “Багануур” компани л дотоодын биржээр хувьцаагаа арилжиж байгаа. Дараагийнх нь “Эрдэнэс Тавантолгой” компани болох учиртай. Одоогоор бэлтгэлээ хангаж байгаа. Бусдад нь бид шахалт үзүүлэхээс цаашгүй байгаа” гэснээр энэ удаагийн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж