Монголын өр улаан гэрлийн шугамд тулсан байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Монголын өр улаан гэрлийн шугамд тулсан байгаа гэв

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, Мон­гол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын ний­тийн тээврийг хөгжүү­лэх хөрөнгө оруулалтын хөтөл­бөр”-ийн Санхүүжилтийн ерөн­хий хэлэлцээрийн төслийг зөв­шилцлөө. Уг хэлэлцээрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Хү­рэл­баатар танилцуулсан юм.

Манай улсын нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрч, нийт иргэдийн 60 хувь, жилд 220 сая зорчигч, өдөрт 600 гаруй мянган хүн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байдаг юм байна. Харин хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр шинэ бүтээн байгуулалт, оновчтой зохион байгуулалт бүхий авто замын сүлжээ, дэд бүтэц шаардагдах болжээ.

Тиймээс Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөг­жүү­лэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хуга­цаанд гурван үе шаттай хэрэг­жүүлэхээр төлөвлөжээ. Хө­төлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгажээ. Энэхүү хөрөнгөөр Энх­тайв­ны гүүрийг өргөтгөн, тус­гай замын автобусны үйл­чил­гээг 64.5 км замд нэвт­рүүлэн, тусгай замын автобус 146 ширхэгийг худалдан авах юм байна. Түүнчлэн цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох удирдлагын системийг нэвтрүү­лэн, нийт 12.3 км замыг засч өргөтгөн, троллейбусны 45.2 км замын дэд бүтцийг сайж­руулахаар төлөвлөсөн аж.

УИХ-ын гишүүн Ж.Бат­суурь, ний­тийн тээв­рийн авто­бусны маршрут тодорхойгүй, ШТС гэх мэт дуртай газ­раар зам товчлон явдаг, замын хө­дөлгөөний дүрэм баримтал­даггүй, хаагуур ч хамаагүй дайрч орж байдаг хэмээн шүүмжилж байсан. Уг нь хөгжилтэй оронд иргэд автобус гурван минутын дараа ирнэ гэдгийг мэдэж тоо­цоолон гэрээсээ гардаг бол манайд нийтийн тээврийн авто­бус зогсоол дээр хэдийд ирэх нь тодорхойгүй байдаг гээд дээрх төслийг хэрэгжүүлснээр энэ мэт замбараагүй байдал үгүй болох эсэхийг тодруулсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгийн хэлснээр хотод 130-аад чиглэлд автобус нийтэд үйлчилж байгаагийн 70 хувь нь хотын төвөөр зорчдог аж. Хөдөлгөөний ачааллаас болоод автобуснууд нийт эргэлтийн хугацааныхаа 40 хувийг түгжрэлд зогсон алддаг байна. Ийм үед зарим жолооч нар зам товчлох гэх мэтээр маршрут зөрчдөгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Нийтийн тээврийн газраас бүртгэл хяналтыг чангатгасаар ирсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хөдөлгөөн тогтоогч GPS-ийг суулгаснаар жолооч нарын маршрут, цагийн хуваарийг бүрэн хянаад байх бололцоотой болох ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэн автобусны тусгай замтай болсноор түгжрэл буурч, автобус тогтсон цагтаа буудал дээр ирдэг болно гэж тэрбээр тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, гадныхан хөнгөлөлттэй зээл олгочихоод төслөө хэрэгжүүлэн өөрийн тоног төхөөрөмжөө шахчихдаг хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байсан. Харин ажлын хэсгийнхний тайлбарласнаар Монгол Улсын Засгийн газраас дээрх төслийг хэрэгжүүлэх тендерийг зарлах бөгөөд уг тендерт АХБ-ны гишүүн бүх орнууд оролцох эрхтэй юм байна.

Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын гадаад өр нэмэгдсээр байхад дахин зээл авах гэж байна, АХБ-наас энэ удаад авах гэж байгаа зээл арилжааны нөхцөлтэй, өмнө нь авч байсан зээл 40 жилийн хугацаатай байсан бол энэ удаа­гийнх 20 жилийн хуга­цаа­тай, зээлийн үндсэн хүүгээс чөлөө­лөгдөх хугацаа урьд өмнөхөөс хоёр дахин бага буюу дөрвөн жилийн хугацаатай байна гэсэн шүүмжлэлүүд гарч байлаа. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ гишүүдийн хэлж байгаа, Засгийн газрын тайлбарлаж байгаатай ч нэлээд зөрж байсан учир Монгол Улсын гадаад өрийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх хүртэл асуудлыг түр хойшлуулья гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасан.  Ц.Даваасүрэн “Монгол Улс өрийн хэмжээ улаан гэрэл асахад хүрсэн байгаа. Ер нь бол өрийн асуудлыг шалгах ажлын хэсэг гарган ажиллаж танилцаад дараагийн зээл ярих ёстой. Одоогоор хэдэн зээл төлөгдөөгүй байгаа, хэд нь төлсөн зэрэг асуудлыг зайлшгүй шалгасны дараа бид дахи зээл авах талаар ярилцах нь зүйтэй” гэв. ”Хоёр байнгын хорооноос ажлын хэсэг томилон асуудлыг нухацтай хэлэлцээд дахин хуралдаж хамтарсан дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж