Ядуу хүнтэйгээ мэдэж, нөөцийн махыг нэмэхээр болов

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ядуу хүнтэйгээ мэдэж, нөөцийн махыг нэмэхээр болов

Сар бүр хуралддаг нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Хангарьд ордонд боллоо. Энэхүү хурлаар яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн ядуу иргэдийн тоо 283 мянгад хүрчээ

Нийслэлийн статистикийн газраас 283 мянган ядуу хүнтэй гэж мэдээлэв. Удирдах ажилтнууд өнгөрсөн жилүүдийн хурал бүрээр зөвхөн ядуурлын тухай ярилцаж, мэтгэлцэж байсан ч яг таг тоог нь өнөөдөр сонсч, мэдэв. “Улаанбаатар хотод амьдарч буй нэг хүний амьжиргааны доод төвшин 126 мянган төгрөг гэж тогтоосон байдаг. Гэтэл 98 гаруй мянган төгрөгөөс доогуур амьдралтай 283 мянган ядуу хүн амьдарч байна” гэж Нийслэлийн статистикийн газрын дарга Ч.Баянчимэг хэлэв. Энэ мэдээллийг сонсоод танхимын ар хэсгээр суусан зарим нэг дарга толгой сэгсэрч байхад, зарим нь тоосон ч шинжгүй утсаа оролдож суух.

Үүнтэй зэрэгцэн өгсөн бас нэгэн мэдээлэл нь ядуурал буурсан тухай тоо. Албаныхны хэлж буйгаар ядуурал 6,3 хувиар буурчээ. “Хүн ам өсөхийн зэрэгцээ нэг өрхийн сарын дундаж орлого 697500 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд ядуурал 29,8 хувь байсан бол 23,5 хувь болж буурсан гэсэн үг. Гэхдээ ямар ч нийгэмд ядуурал байх нь хэвийн үзэгдэл” гэж Ч.Баянчимэг ярив.

Өдөрт 100 тонн нөөцийн мах нийлүүлнэ

Энэ онд нийслэлд 12 мянган тонн нөөцийн махыг 40 гаруй тэрбум гарган байж бэлтгэсэн билээ. Харин үүнээс 6000 гаруй тонныг борлуулаад байгаа аж. Үлдсэн 6000 тонныг хуваарийн дагуу зарахаар төлөвлөөд байсан ч сүүлийн өдрүүдэд махны үнэ огцом өсч, нийлүүлэлт багасч байгааг албаны хүмүүс хэлж байсан юм. “Өнөөдрийн байдлаар нөөцийн мах кг нь 2800-3700 төгрөгийн хооронд зарагдаж байна. Цаашид үнэ өсөх магадлалтай. Хамгийн санаа зовоосон асуудал гэвэл махны нийлүүлэлт хомс байна. Тиймээс нөөцийн махны үнэ болон нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс хоногт 100 тонн махыг борлуулалтын цэгүүдэд тараахаар болсон” гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер Ч.Бат ярив. Нөөцийн махыг дүүргүүдийн хороо бүрт ажиллаж байгаа хоёр борлуулах цэгээр тараах аж. Ингэж 100 тонн мах гаргаж байгаа нь тухайн хорооны иргэн л авдаг байхаар зохицуулжээ. Өмнө нь тараалт бүрээр нэг хүн өөр, өөр дүүргүүдэд очиж нөөцийн мах авах тохиолдол гарсан болохоор ийм зохицуулалтыг хийхээр болсон аж.

Хэдийгээр иймэрхүү зохицуулалт хийсэн ч нөөцийн махыг их хэмжээгээр давхар авах тохиолдол гарсаар байхыг одоохондоо хэлж мэдэхгүй. “Нөөцийн махыг уг нь өөр зарчмаар тараах учиртай юм. Тухайн хороонд судалгаа явуулж хоногийн хоолоо дийлэхгүй байгаа хүмүүсийг яг таг гаргаад, нарийн зохион байгуулалттайгаар тараах ёстой. Энэ зохион байгуулалт буруу л зүйл. Цаашдаа нөөцийн махыг тараагаад ч хэрэггүй. Хэдэн жилийн дараа Улаанбаатар хот махны хэрэгцээгээ дийлэхгүй” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Б.Дамдинсүрэн ярьж байсан юм.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар нийслэлд нийлүүлэх махны нийлүүлт муу байгаа нь эх орны хишигтэй холбоотой аж. Хүмүүсийн сарын орлого дунджаар 69500 төгрөгөөр нэмэгдэж, хөдөөгийн иргэд мах нийлүүлэх шаардлагагүй болж байгаа ажээ. “Бэлэн мөнгө гар дээр нь байгаа малчид махаа тэр болгон нийлүүлээд байхыг бодохгүй. Нийлүүлсэн ч өндөр үнээр нийлүүлэхийг бодно шүү дээ” гэж Б.Дамдинсүрэн ярьж байсан юм.

Хогоо цэвэрлээгүй 92 байгууллагыг торгоно

Өнгөрсөн 21-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй 92 байгууллагыг торгохоор болжээ. “Эдгээр байгууллагуудыг торгох нь зөв. Бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 109 мянган иргэн оролцсон. Тиймээс энэ сарын 26-нд дахин бүх нийтийн цэвэрлэгээг өрнүүлэхээр боллоо” гэж Ч.Бат ярьсан юм. Өнгөрсөн бямба гаригийн цэвэрлэгээний үеэр өдөр Нарангийн энгэрийн хогийн цэг дээр 2600 гаруй тонн хог асгасан нь жирийн өдрүүдийнхээс гурав дахин их байсан аж.

Мөн бүх нийтийн мод тарих өдрийг угтаж бүх сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад мод тарих уриалгыг тараахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч мод тарих ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж