”УИХ, нийслэлийн сонгуулийг нэг өдөр явуулна”

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

”УИХ, нийслэлийн сонгуулийг нэг өдөр явуулна”

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригт хуралдаж Сонгуулийн тухай хуулийн асуудлыг ярилцсан байна. Энэ талаараа өчигдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

 Тус бүлэг хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна.  НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах шийдэлд хүрчээ. Ийм шийдлийг гаргаснаараа МАН нь сонгуулийг цаг хугацаанд нь явуулъя гэдэг зорилгын төлөө цөөнхийн бүлэгт бууж өгч байгаа нэг хэлбэр гэж бүлгийн дарга онцоллоо. Энэ асуудлыг сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн гаргасан УИХ, Нийслэлийн ИТХ-ийн сонгуулийг нэг өдөр явуулах саналыг дэмжсэн гэдгээ илэрхийллээ. Мөн энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг тусад нь буюу намар зохион байгуулах нь зөв юм гэж бүлэг үзсэн байна. Түүнчлэн цөөнхийн бүлэг аль нэг асуудал дээр хугацаагүй завсарлага авч байгааг хязгаартай болгох. Эл асуудлыг хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дээд тал нь хэд хоногийн завсарлага авах вэ гэдгийг дараа нь тохирч болно гэж үзжээ. Ямар ч байсан энэ асуудлыг зохицуулах хүрээнд боловсруулагдсан хуулийн төсөлд бол бүлэг завсарлага авах тохиолдолд 14, 10 хоногоор авна гэсэн ялгаатай заалтууд байдаг гэнэ.

Ямар ч байсан УИХ дахь МАН-ын бүлэг дээрх саналуудаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт бичгээр хүргүүлсэн байна. Тиймээс тус бүлэг хуралдаад эргүүлээд УИХ дахь МАН-ын бүлэгт хариу өгөх ёстой болж буй аж.  Харин Ардчилсан нам өнөөдөр бүлгийн хуралдаанаараа энэ саналыг хэлэлцэх юм байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асууд­лыг бүлгээр яагаад хэлэлцэхгүй бай­гааг тодруулахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Хэлэл­цэнэ. Ц.Нямдорж сайдын асуудлаас илүү чухал асуудал Орон нутгийн сонгуулийн тухай хууль болчихоод байна. Тиймээс эхний ээлжинд энэ асуудлаа шийдэх нь чухал. Мөн энэ пүрэв гаригт УИХ-ын сонгуулийн товыг зарлах ёстой. Тэгэхээр нэг сайдын асуудлаас илүүтэй энэ асуудал нь чухал байна шүү” гэсэн юм.

Хэрэв Ардчилсан нам энэ саналыг хүлээн зөвшөөрвөл хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад сонгуулийн тухай хууль дээр зөрүүтэй заалтууд гарч ирнэ.  Нэг нь амралтын өдөр, нөгөө нь ажлын өдөр санал авах, мөн цагийн хувьд зөрүүтэй гээд олон асуудал гарч ирэх ч Ардчилсан нам зөвшөөрвөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг шийдээд хуулийн зөрүүтэй заалтуудыг нэгтгэх боломжтой юм байна.  МАН-ын хувьд  сонгуулийн зөрүүтэй заалтуудыг нэгтгээд УИХ-ын сонгуулиа хийх боломжтой, цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас ингэж буулт хийхээс өөр аргагүй гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин онцолсон. Хоёр нам зөвшилцөж чадвал олон асуудлыг гацаанд оруулаад байсан асуудал урагш явах учиртай. УИХ-ын гишүүд сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээс нааш нэгдсэн чуулганыг явуулахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Хаврын чуулган энэ сарын 5-ний өдөр эхэлсэн ч УИХ-ын чуулган ямар нэг асуудал хэлэлцэж амжихгүй хэвээр байгаа. Бүрэн эрхийн отгон чуулганаар хэлэлцэх асуудлууд ар араасаа жагссаар байгаа энэ үед хэрхэн шийдвэр гаргах эсэх нь өнөөдөр тодорхой болно.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж