Туулайхүү: Хүссэн болгон удирдаач болж чаддаггүй юм

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Туулайхүү: Хүссэн болгон удирдаач болж чаддаггүй юм


Сонгодог урлаг бол мөнхийн амьтай. Өнөөдөр “Халуун элгэн нутаг”, “Ус
мөрөн чиг олон”, “Зулай цагаан Алтай шиг” дуунууд хаана байгаа юм бэ.
Алив энэ байна гээд гаргаад ир л дээ

Ийн омгорхох энэ эрийг монголчууд
сайн таних болов уу. Удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү
хэмээн зарлуулж, тайзан дээрээс үзэгч олонтой ёсорхонгуй мэндлэх
түүнтэй ярилцах юмсан гэж боддог байлаа. “Шидэт дохиур” бариад симфони
оркестрийг гарын аясаар залах тэрбээр энгийн бас эрхэмсэг нэгэн юм
билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагналт, Монголын шилдэг удирдаач
“Гоо марал”-ын эзэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач
Н.Туулайхүүтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Та хар багаасаа л урлагийн хүн, тэр тусмаа удирдаач болно хэмээн мөрөөддөг байсан уу?


Миний ээж урлагийн хүн байсан юм. Улсын хоёрдугаар зэргийн дуучин
байлаа л даа. Ардын дууг их сайхан дуулна. Ээжийн маань тэр авьяас
надад өвлөгдсөн юм болов уу. Тавиад онд дуучдад улсын нэг, хоёр,
гуравдугаар зэрэглэл олгодог байсан юм билээ л дээ. Намайг бага байхад
аав маань “Миний хүү бүхэл бүтэн симфони оркестрийг удирдсан том хүн
болно” хэмээн ярьдаг байв. Жаахан халамцахаараа л үеийнхэндээ ингэж
гайхуулдаг байсныг тодхон санаж байна. Би аавын хайртай хүү байсан.
Хаана л бол хаана аав маань намайг дагуулаад явдагсан. Одоо бодоход аав
минь миний хувь заяаг зөн совингоороо мэдэрч байсан юм байлгүй. Би
багадаа удирдаач болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ, үнэндээ.

-Аав тань лам хүн байсан юм уу?

-Үгүй
ээ, аав маань төрийн албан хаагч. П.Нямаа гэдэг байсан юм, миний аавыг.
“АПУ”-гийн даргаар ажиллаж байгаад “Махкомбинат”-ын Намын хорооны
даргаар томилогдсон. Тэгээд дараахан нь Өвөрхангай аймгийн Хархорин
сумын гурилын үйлдвэрийн даргаар томилогдож, тэнд олон жил ажилласан
даа. Ямар ч байсан төвийн аймгийнхны гурилын хэрэгцээг элбэгхэн
хангачихдаг байсан юм билээ. Хархоринд Талын дөрвөлжин гээд их том
тариан талбай байдаг юм. Тэр талбайд Гомбосүрэн гуай тариа тарьж, манай
аав буудайгаар нь гурил хийдэг байж л дээ. Харамсалтай нь ерээд оноос
энэ үйлдвэр хаалгаа барьсан. Одоо тэгээд ямарч үйл ажиллагаа
явуулдаггүй л “балгас” болчихсон газар байх юм. Би нутагтаа очих бүрдээ
л тэр үйлдвэрийг ажиллуулах юмсан гэж боддог доо. Даанч тэгж явах
хөрөнгө нь хаана байна, бас зав нь хаана байна. Завтай болоод
мөнгөтэйсэн бол тэр үйлдвэрийг “амьсгаатай” болгох юмсан гэж хүсдэг
шүү.

– Ингэхэд та яаж яваад урирдаач болчихсон юм?

-Урлагт
огт элэггүй байж байгаад удирдаач болчихсон юм биш шүү дээ. Ээж маань
урлагт элэгтэй нэгэн байсан учраас би хүүхэд байхын л дуу хуур, хөгжимд
дуртай байлаа. Дуулна, хөгжим тоглоно. Хүмүүс намайг ээж шигээ цангисан
хоолойтой сайхан дуулдаг хүү гэж магтдаг байсан юм шүү дээ/ инээв/.
Өвөрхангай аймгийн “Цагаан залаа” пионерийн зусланд нэгдүгээр ангиасаа
долдугаар анги хүртлээ долоон жил амарсан. Амрах амрахдаа бүр тавдугаар
сарын 15-наас наймдугаар сарын 30 хүртэл амардаг байсан юм. Зусланд
болсон урлаг соёлын арга хэмжээнд их идэвхтэй оролцоно. Тэр бүхэн
намайг урлагийн хүн болох гүүр болж өгсөн гэж одоо боддог шүү.
Дөрөвдүгээр ангид байхад минь хотоос хүмүүс ирж, Хөгжим бүжгийн дунд
сургуульд хүүхэд элсүүлэх шалгалт авч билээ. Шалгалтын комисс нь Ардын
жүжигчин Б.Зангад гуай, Угоров гэдэг орос хүн хоёр байсан юм. Жаахан
авъяас байсан юм байгүй, шалгуулсан хүүхдүүдээс би тэнцсэн. Тэгээд
Хөгжим бүжгийн дунд сургуулийн кларнет /үлээвэр/ хөгжмийн ангид
суралцах болов. Долдугаар ангид байхад минь Оросын Чайковскийн
консерваторын удирдаач багш Б.И. Слабаков гэдэг настай орос надад
тусгайлан хичээл зааж билээ. Удирдаач болж чадна гэдгийг минь олоод
харчихсан юм байлгүй дээ. Дөрвөн жил хөгжмийн удирдаач мэргэжлээр
намайг сургасан. 1974 онд оркестрийн хөгжимчин, симфони удирдаач гэсэн
хос мэргэжлээр сургуулиа дүүргэж билээ. Онгирч байна гэж бодох
хэрэггүй. Хөгжим бүжгийн дунд сургуулийг анх удаа би хос мэргэжлээр
дүүргэсэн юм шүү дээ.

-Таныг би удирдаачийн мэргэжлийг Орост эзэмшсэн гэж бодсон юм?

-Хөгжим
бүжгийн дунд сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр
хуваарлигдсан. Манай театрын удирдаачаар ардын жүжигчин, Төрийн
соёрхолт Ж.Чулуун, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамьянжав нар ажиллаж
байв. Би удирдаач мэргэжилтэй гэдгээ их нуудаг байсан. Тэгээд нэг удаа
“Учиртай гурван толгой” дуурийг тавилаа. Гэтэл удирдаач нь ирдэггүй.
Хөгжим ангийн дарга Н.Даржаа, Ардын жүжигчин Л.Хаянхярваа гуайн
зөвшөөрлөөр “Учиртай гурван толгой” дуурийн удирдаачаар ажиллах эрхтэй
болсон. Анх удаа дуурь удирдаж үзсэн маань энэ. Нотоо харах гэсэн нүд
бүрэлзээд л, шууд цээжээрээ удирдаж билээ.

-Түүнээс хойш тэгээд удирдаачаар ажиллах болсон уу?

-1978
онд хойшоо сурахаар явсан. Уралын хөгжмийн дээд сургуульд суралцахаар
явлаа. Кларнет хөгжмийн ангид сурахынхаа хажуугаар гуравдугаар
курсээсээ симфони болон дуурийн удирдаачийн мэргэжлээр суралцах болсон.
М.И. Паверманы удирдлага дор суралцаад 1984 онд кларнет хөгжимчин, 1985
онд дуурийн ба симфонийн удирдаачийн мэргэжлээр тус тус диплом
хамгаалсан. Гурван мэргэжлээр нэг зэрэг сурна гэдэг цаг зав багатай,
бусад оюутнууд шиг хөгжилдөх боломж тэр бүр гардаггүй байсан даа.
Тухайн үед Б.Шарав, Ч.Чинзориг, Х.Билэгжаргал, А.Долгор, Г.Эрдэнэбат
бүгд Свердловскид хамт суралцаж байлаа.

-Ирээд та хаана ажилласан юм бэ?

-Улсын
филармонид. “Алтан намар”, “Морин хуур”, Октябрь, наадмын хүндэтгэлийн
концертийг удирддаг байлаа. Тэр үед хөдөө орон нутгаар хүүхдийн тайлбар
лекц концертийг тавьдаг байсан юм. Тэр бүхнийг удирддаг байв даа.
Сонгодог урлагийг хүүхэд, залууст мэдрүүлэх, тэднийг сонгодог урлагийг
ойлгодог, сонсдог хүн болгохын тулд төрөөс нэлээд анхаарал тавьдаг
байсан юм. Харамсалтай нь одоо л төр сонгодог урлагаа үл тоогоод байгаа
болохоос биш. Тухайн үеийн төрийн удирдлагууд сонгодог урлагт элэгтэй
байж дээ.

-Удирдаач хүн ямар бахй ёстой вэ?

-Хүссэн
хүн болгон удирдаач болж чаддагүй юм. Удирдаач гэдэг нэг ёсондоо
эрдмийн зэрэгтэй хүмүүс гэсэн үг. Симфони найрал хөгжим, дуурь,
балетийн талаар дээд зэргийн боловсрол эзэмшсэн байх ёстой. Хөгжмийн
янз бүрийн зэмсгийн нэг зэрэг дуугаралтаас хэн нь сайн тоглож байгаа,
хэн нь нот алдаж байгаа гээд бүгдийг нь гярхай мэднэ шүү дээ. Энэ
дашрамд нэг зүйлийг хэлэхэд, удирдаачийн найдвартай түнш бол симфони
найрал хөгжимчид байдаг. Тиймээс симфони найрал хөгжимчиддөө удирдаачид
их хайртай байдаг юм ш дээ.

-Удирдаачид их энерги зарцуулдаг байх даа?

-Тийм
шүү, маш их. Бүхэл бүтэн симфони оркестр, дуучин, хоорыг хянаж байна
гээд бод л доо. Удирдаачийн гарын хөдөлгөөнөөс хөгжимчид бүгдийг
ойлгодог. Дохиур дээшээ, доошоо, хажуу тийшээ хөдөлж байгаа зэрэг нь
бүгд өөр өөрийн хэлтэй.

-Нээрэн удирдаачийн шидэт дохирт их учир байдаг байх аа. Дохиур хөдлөнгүүт л хөгжим эгшиглэдэг шүү дээ?

-Тиймээ,
дохиурын хөдөлгөөн бүхнийг хэлдэг. Дохиураар л хөгжимчид, дуучидтай
тайзан дээр, үзэгчдийн өмнө үг хэлээ ололцоно шүү дээ.

-Та их олон дохиуртай юу?

-Янз
бүрийн дохиур бий. Заримыг нь хүмүүс бэлэглэдэг юм. Юм бичдэг хүний
хувьд үзэг хамгийн гол зэвсэг байдаг шүү дээ. Гоё үзгээр бичихийг
хүсдэггүй сэтгүүлч байдаггүй байх. Түүн шиг удирдаачид гоё дохиур барих
дуртай. Миний дүү Энэтхэг улсын нэгэн удирдаачийн дохиурыг надад авчирч
бэлэглэсэн. Бас хөгжмийн зохиолч З.Хатанбаатар надад зааны ясан дохиур
бэлэглэж билээ.

-Та залуу халаагаа бэлтгэж байна уу?

-Би
ч юу байхав. Улсын филармонид хоёр залуу удирдаач байгаа. Ер нь бол
удирдаач болно гэдэг хэцүү шүү дээ. Хэрвээ хүн амархан сурчихдаг байсан
бол Монголд удирдаач олон л байх байсан байлгүй. Ер нь ингэхэд байна
шүү дээ, удирдаач болно гэдэг их хожуу насны мэргэжил гэх үү дээ. 40
настай удирдаач бол хамгийн залууд тооцогдоно шүү. Залуу удирдаачийн
үгэнд нөгөө архаг хөгжимчид чинь орохгүй. Архаг хөгжимчдөөс илүү байж л
удирдаач болдог юм.

-Удирдаачдад ямар нэгэн шалгуур тавьдаг уу?

-Тавилгүй
яахав. Биеийн галбир сайтай. Гар сайхантай, бас нүүрний хөдөлгөөн
хувирал ихтэй байх ёстой. Нүүрнийхээ хөдөлгөөнөөр хөгжимчид, дуучдад
санаагаа ойлгуулна. Тэгэхээр урдаас нь гөлийгөөд байх юм бол нөгөө
симфони найрал хөгжимчид, дуучид чинь миний хэлэх гээд байгааг
ойлгохгүй.

-Тайзан дээр оркестрийг удирдаж байхдаа хэн нэгний сэтгэл санаа тавгүйхэн байгааг хөгжмийнх нь дуугаралтаас мэдэж чадах уу, та?

-Чадалгүй
яахав. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг мэднэ” гэсэн үг байдаг биз
дээ. Хэнийн нь хөгжим яаж дуугарч байгааг, сэтгэл санаа нь ямар байгааг
мэдэхэд төвөггүйхэн байдаг.

-Удирдаачийг хэн нь сайн, хэн нь тааруухан бэ гэдгийг яаж мэдэх вэ. Тийм боломжтой юу?

-Уг
нь боломжтой. Сонгодог урлаг өндөр хөгжсөн орнуудад удирдаачийг хэн нь
хэн бэ гэдгийг ялгаж салгадаг гэсэн. Манайд харин ийм боломжгүй. Энэ
ажлыг хөгжим судлаачид хийх ёстой юм. Манайд хөгжим судлаачид бараг
алга. Байгаа хэд нь ажлаа хийхгүй байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, сайн муу
гэж ялгахаасаа илүү удирдаачид өөр өөрийн өвөрмөц барилтай, шинж
чанартай байдаг гэдгийг орхиж болохгүй. Дуурийг гайхалттай удирддаг хүн
байхад симфони зохиолыг мундаг удирддаг хүн байж болно.

-Танаар тоглолтоо удирдуулах санал хэр их ирдэг вэ?

-Ирдэг юм аа, ирдэг юм. Заримыг нь зөвшөөрч байдаг. Харин заримдаа ажил ихтэй болохоор хүлээж авах боломжгүй байдаг юм.

-Удирдаач болсондоо та харамсдаг уу?

-Удирдаач
болсондоо харамсдаггүй ээ. Гэхдээхарамсах нэг зүйл байдаг юм. Юуг нь
нуух билээ. Сонгодог урлагт зүтгэж яваа хүмүүсийн хөдөлмөрийг төр,
засаг үнэлж чадахгүй байгаад. Гадаадынхыг хар л даа. Сонгодог
урлагийнхан нь үнэхээр хангалуун амьдарч чаддаг. Гэтэл манайхан
болохоор хамгийн бага цалинг нь аваад л зүтгээд байна шүү дээ. Үүнд л
үхэтлээ харамсдаг юм. Монголын сонгодог урлаг хөгжөөсэй, дэлхийн
түвшинд хүрээсэй гээд амьдралынхаа ихэнх он жилүүдийг зориуллаа.
Насаараа зүтгэсэн хүсэл, мөрөөдлөөсөө одоо урвана ч гэж юу байх билээ.

Монголд сонгодог урлагийг
хөгжүүлэхэд драмын театрынхан, дуурийнхан бор зүрхээрээ л зүтгэж байна.
Сонгодог урлагийнхаа үнэлэмжийг, тэнд зүтгэж яваа хүмүүсийг хөдөлмөрийг
өндөр үнэлэх цаг болсон юм бишүү. Алийн болгон ад шоо үзэх билээ.
Сонгодог урлаг чинь нийгмийг төлөвшүүлэхэд, хүнийг бие хүн болгон
хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой. Манай дуурийн театр гэхэд л
Италийн дуурийг итали хэл дээр, Герман дуурийг герман хэл дээр нь тавьж
байна. Ер нь дуурийг эх хэл дээр нь тавьж байж л үзэгчдэд жинхэнэ
таашаал өгч чадна. Би чамд нэг зүйл сонирхуулах уу. Социализмын үед
“Учиртай гурван толгой” дуурийг казак хэл дээр тавих боллоо. Гэсэн чинь
өөх ч биш булчирхай ч биш, дуурь гэхэд хаашаа ч юм. Хачин юм болж
хувирсан. Ямар ч дуурийг яг төрөлх хэл дээр тавих ёстой билээ.

-Монголд дуурь үздэг хүн нэг үеэ бодвол олширсон гээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Дуурийг
үзэх биш сонсоно гэж ярих ёстой юм шүү дээ. Монголд сонгодог урлагийг
ойлгохыг хүсдэг, түүнээс оюуны таашаал авахыг хүсдэг хүн олон болж
байгаа. Энэ бол том алхам.

-Сонгодог урлагийг гэхээсээ илүү нийтийн дууны тоглолтыг хүмүүс их үзэх дуртай болсон байна шүү дээ?

-Энэ
чинь Улаанбаатар хотжих биш хөдөөжсөний илрэл. Гэхдээ үеийн үед
сонгодог урлаг байсаар л байх болно. Хөгжсөөр л байх болно. Харин
завсарын үеийн бүтээлүүд бол өөр л дөө. Сонгодог урлаг бол мөнхийн
амьтай. Тэгээд ч өнөөдөр “Халуун элгэн нутаг”, “Ус мөрөн чиг олон,
“Зулай цагаан Алтай шиг” дуунууд хаана байгаа юм бэ. Алив энэ байна
гээд гаргаад ир л дээ.

-Та ингэхэд чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Снукер
биллиард. Бидэн шиг хүмүүст их хэрэгтэй юм билээ. Байнгын хөгжим дунд
байдаг хүмүүс чимээ аниргүй, нам гүмхэн газар алжаалаа тайлаад ганц
хоёр шаариг өнхрүүлэх сайхан л байдаг юм.

-Та хичнээн жил биллиард тоглож байна?

-Арваад жил. Саяхан болсон ахмадын улсын цомын аварга шалгаруулах биллиардын тэмцээнд оролцоод 

-Хэр зэрэг амижлт үзүүлэв.

-Гайгүй, финалд шалгараад л, хожигдчихгүй юу.

Ж.НЯМСҮРЭН /2008 оны 6 сарын 24/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж