Нэг саяыг амжвал энэ сард олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Нэг саяыг амжвал энэ сард олгоно гэв

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөг олгохоор болсоны дагуу Хүний хөгжил сангийн мэдээллийн санд одоогийн байдлаар 108409 хүний мэдээлэл, өргөдөл бүртгэсэн тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлж байна. Үүнээс ахмад настан 72785, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэд 33977, 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 1616 бүртгүүлсэн байгаа ажээ. Нэг сая төгрөг авахын тулд  ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл, хүсэлтээ аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн, сум хорооны нийгмийн ажилтнуудад гаргах юм. Энэ онд нийт 336 тэрбум төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхөөр баталсан байна.  Харин дөрөвдүгээр сарын санхүүжилт болох 110 тэрбум төгрөгийг Сангийн яамны Төрийн сангийн газар аймаг дүүргээр нь хуваарилах юм байна. Ахмадуудад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сая төгрөгийг гурав хуваан, эхний ээлжинд 330 мянга төгрөгийг нийгмийн халамж болон 21 мянган төгрөгийг олгодог арилжааны банкуудаар тараах ба иргэдээс 150 төгрөгийг хураамж авах ажээ. Харин хэзээ олгох тухай Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулахад “Сангийн яам энэ хөрөнгийг нэг мөр шийдчихвэл олгох ажлыг эхлэхэд бэлэн болоод байна. Ер нь дөрөвдүгээр сардаа амжаад шийдчих болов уу гэсэн таамаг бий” хэмээн хэлсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж