-Сонгууль дөхөж хэвлэлүүд хэдэн улстөрчдийн үгийг хүргэж байгаа энэ үед энгийн нэг Монгол залуу боловсон хүчинтэй ярилцмаар санагдлаа. Ингээд хоёулаа Монголд хуулийн сургуульд суралцах Сингапурт суралцахын гол ялгаа юунд байгаа гэдгээс яриагаа эхлэх үү?
-Юуны түрүүнд сургалтын орчин тэс өөр. Хамгийн наад зах нь ном, эх сурвалжийн олдоц Монголд муу, номын сангийн орчин нь тухгүй. Харин Сингапурт тэр наад захын хангамжийн асуудалд санаа зовох зүйлгүй, ер нь бол хүнээс өөрөөс нь шалтгаална гэсэн үг. Ёстой л өөр зүйлд буруу өгөөд байх боломж өгөхгүй шүү дээ. Би компанийн эрх зүй, санхүүгийн эрх зүйгээр мастерын зэрэг хийж байгаа, ирэх долдугаар сард хоёр мастераа албан ёсоор авна.Сингапурт дэд бүтцийн эрх зүй, эрчим хүч, ашигт малтмал болон төслийн санхүүжилтээр мэргэшиж ажиллаж байгаа. Хаана ч сурсан ялгаа байхгүй болсон өнөө цагт, гадаадын их сургуулиудад заавал очиж өөрийнхөө чадварыг ахиулна гэж ойлгож болохгүй л дээ.
-Тогтолцооны хувьд ялгаатай оронд суралцахаар тухайн улсдаа л ажиллахаас аргагүй болдог, монголд мэдсэн зүйлээрээ ажиллах боломжгүй гэж ярьцгаадаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Тухайн хуульч ямар чиглэлээр ажилладахаас ихээхэн шалтгаална. Эрүүгийн эрх зүй, гэр бүлийн эрх зүйгээр үйлчилгээ үзүүлдэг хуульчийн хувьд бол өөр, компани, гэрээний эрх зүйгээр ажилладаг хуульчид бол бас өөр болж таарна. Үндсэндээ бизнесийн эрх зүйн хуульчид тогтолцооны хувьд ялгаатай оронд суралцах гэдэг нь одоо бол цаг үеэ өнгөрөөсөн ойлголт. Бидний үед оршин тогтнож буй эрх зүйн тогтолцоо нар хоорондоо уусах буюу нэгдэх үйл явц хэдий нь эхэлсэн, хамгийн түрүүнд нь чөлөөт салбарууд болох бизнесийн салбарын зохицуулалт, гэрээний зохицуулалтууд байна. Хамгийн энгийн жишээ татвал, Монгол Улсын Засгийн газрын байгуулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээнүүд Англи Саксоны тогтолцооны хуульчид, Монголын хуульчдын хамтын бүтээл байгаа. Монгол хуульч өөр тогтолцоонуудад хэрэглэдэг гэрээний заалтын цаад санаа, зорилго, үндэслэлийг мэдэж байж тус заалт Монгол Улсад хэрэгжих эсэхийг тодорхойлж, улмаар гэрээндээ оруулахаа шийднэ. Тийм учраас одоо өөр тогтолцоотой улсад сурсан гэх асуудал огт байхгүй болсон.
-Юу сурах гэж очив, тэнд очсоноороо юу сурав?
-Мэргэжлийн хувьд бол өөрийнхөө өмнө нь мэддэг байсан зүйлийг бататгаж, цэгцэлж авлаа. Илүү практик ач холбогдолтойгоор мэдлэгээ ашиглаж сурлаа. Ер нь бол гадаадад суралцана гэдэг суралцахаасаа илүүтэй ”амьдралын том туршлага” юм байна гэж ойлгосон. Амьдралын туршлагын тухайд би сургуулиа төгсөөд хэдий ажил хийж өөрийгөө тэжээгээд явж байсан, ээжтэйгээ амьдарч байсан учраас бүхнийг ээждээ хариуцуулаад ээжийгээ л заавал хийх ёстой юм шиг л бодож явжээ. Энд ирээд нэг жилийн хугацаанд унаа, ус, цахилгаан, байр, хоолны мөнгө гээд бүх зүйлээ өөрөө зохицуулаад ирэхээр хүн мөнгөний үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч амьдралыг их өөрөөр хардаг юм байна. Өлсөж үзлээ, нойргүй тав хоног явж үзлээ, цөхрөнгөө барж үзлээ амьдралын минь том алхам байлаа.
-Тав хоног. Юуг шийдэх хоногууд байв аа, энэ тав хоног?
-Муу зангийн гай юмуу даа. Ажил, хичээлийн цагаа зохицуулаагүйгээс гурав хоногт нь хугацаа нь тулсан курсын ажлаа бичиж дуусгаад, нэг хоногт нь хийх ёстой ажлаа хийгээд, сүүлийн нэг хоногт нь найзуудтайгаа сургууль төгссөн баяраа тэмдэглээд унтсангүй.
-Өдрийн хэдэн цагийг суралцахад зарцуулж байв?
-Өдрийн уншлагын норм 200 гаруй хуудас байсан эхэн үед зүгширч өгөхгүй 14 цаг зарцуулдаг байсан, сүүлдээ хэрэгтэй мэдээллээ түүж уншиж сураад дээд тал нь өдөртөө найман цаг зарцуулдаг болсон.
-Энэ хугацаанд хэдэн ном цааш нь харуулав?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд хичээлийн холбогдолтой 120-иод ном ашиглалаа. Тэхдээ үг үсэггүй бүгдийг нь уншаад дуусгасан гэсэн үг биш шүү. Зүгээр л өөрийнхөө судалж буй сэдэвтэй холбоотой хэсгийг нь л түүгээд уншчихдаг юм. Би 10 ном уншсан гэхээр нь тэгвэл би 11-г уншсан гэж онгирохоос илүүтэй уншсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж чадаж байвал нэг сайн ном уншихад л хуульчийн хувьд хангалттай шүү дээ.
-Хангалттай байсан уу, бусдаас хоцрох тохиолдол байв уу?
-Ер нь бол манай энэ мастерийн хөтөлбөрт 28 орны 40 гаруй хуульч нэг жилийн хугацаанд хамт суралцсан. Ихэнхи нь надаас илүү туршлагатай хуульчид байсан болохоор зарим тусгайлсан сэдвүүд дээр яалт ч үгүй илүү гарч байгаа юм. Хичээл дээр бол зүгээр. Харин ерөнхий дэлхийн эдийн засаг, улс төрийн тухай яриад сууж байхад нь өөрийн эрхгүй мэдэхгүй болохоор таг болчихож байгаа юм.
-Хор шар хөдлөх юм уу?
-Яг энэ үед хор шар их хөдлөнө, гэртээ очоод шөнөжин уншина, маргааш нь харин нөгөө сэдвээр нь ярилцах гэхээр нөгөө сэдэв нь аль хэдийн хоцрогдсон сэдэв байна. Түүнээс хойш зөвхөн мэргэжлийн гээд байхгүй эдийн засаг, улс төрийн нийтлэл унших дуртай болсон. Сүүлд хүмүүстэй ярилцах сэдэвтэй болох гэж тэр шүү дээ.
-Залуус том ном барьж суух нь ховордсон юм шиг ээ. Аль болох жижиг, хөнгөхөн, товчхон зүйлийг сонирхож байна. Үүнийгээ “цаганд хэмнэлттэй” гэх үндэслэлээр тайлбарладаг. Үүнтэй санал нэгдэх үү?
-Том ном, жижиг ном гэдгийг хуудасны тоо гэж ойлголоо. Уран зохиолын номын тухайд бол үнэхээр эвтэйхэн эмхлээд хураангуйлчихсан хувилбар нь байгаад цаг нь давчдаад байвал тэрийг нь уншчихсан нь дээр. Харин мэргэжлийн ном бол тусдаа ойлголт. Физик шинж чанарыг нь биш доторхи агуулгыг нь харж номоо сонгосон нь дээр. Англи хэл дээр бичигдсэн ном болгон сайн гэж байхгүй. 1000 хуудастай зарим ном хэрэггүй мэдээллээр дүүрэн байхад 200 хуудастай хэр нь зөвхөн хэрэгтэй мэдээллээр дүүрэн байх жишээтэй. Тэгэхээр агуулгыг нь харсан нь хамгийн зөв сонголт байх. Ер нь бол манай нэг профессор хэлж байсан юм. Хуульч хүний хэрэглэх хамгийн зөв хариулт бол “It depends” буюу “Тодорхой зүйлээс хамаараад хариулт нь юу ч байж болно” гэж. Жишээ нь, хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хүн Төслийн санхүүжилтийн ном уншаад хэрэггүй.
-Залуу хүний унших ёстой ном гэж халуураад яах вэ, хуульч хүний уншсан байх ёстой номнууд гэвэл юуг санал болгох вэ?
-Залуу хуульч мэргэжлийнхээ амтыг мэдэрье гэвэл John Grisham гээд хуульчдад зориулсан зөгнөлт триллер зохиолууд бичдэг хүн бий. Түүний бичсэн номуудыг авч уншвал мэргэжлээ ямар сонирхолтой, адал явдалтай болохыг илүү гүнзгий ойлгож, ажиллахад илүү урам зоригтой болох байх аа.
-Магистраа хамгаалчихсан юм бол яагаад ирээгүй юм. Гадаадад явсан залуус ирдэггүй гэх гомдол бий шүү дээ?
-Магистраа хамгаалаад харих, эндээ ажиллах гэсэн хоёр сонголт байсан. Гэр бүл, найз нөхөд минь Монголд байгаа учир Монголдоо очиж ажилламаар байв ч залуу хүн мэргэжлийнхээ чадварыг улам дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг хуульч болох амбиц байна. Тэгээд эндээ хэсэг хугацаанд ажиллахаар шийдэж Hogan Lovells International LLP гэдэг хуулийн фирмд саяхнаас ажиллаж эхэллээ. Энэ фирм маань Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн хамгийн анхны олон улсын фирм юм.
-Анхныхаа хэргийн талаар яриач. Эмэгтэй хүн анхныхаа болзоог, эрчүүд анх барьж байсан загасныхаа талаар хэзээ ч мартдаггүй гэдэг үг бий. Хуульч хүний хувьд анхны ажил /хэрэг/ ч мөн адил мартагдамгүй байдаг биз?
-Анх сургуулиа төгсөөд 2009 онд хуулийн фирмд ажиллахдаа хамгийн анх хүлээж авсан ажил бол 300 орчим хуудас материал скайнердаж э-мэйлээр явуулах ажил байлаа. Тухайн үед зургаан цаг ажиллаж байж энэ ажлыг дуусгаж байлаа, одоо бодоход дурсамжтай, сайхан цаг.
-Хариулт чинь бодож байснаас өөр байсан ч таалагдлаа. Нээрээ л ийм л зүйлээс эхлэнэ шүү дээ. Сингапур гэхээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, сургалтын чанар, орон сууцны барилгажилтын гээд тогтолцооны хувьд их туршлага толгойд бууж байна. Сингапурт баялаг байхгүй, манайх шиг өргөн уудам газаргүй. Зөвхөн хүнээ хөгжүүлэх бодлого барьдаг гэж ойлгосон. Ядаж үүнийг нь хуулбарлахсан гэдэг бодол байна уу?
-Их гоё асуулт байна. Сингапур бол газар нутгын хувьд дэндүү жижигхэн нь үнэн. Зүүн хилээс нь баруу нь хил рүү нь автобусаар нэг цаг орчим яваад очих жишээтэй. Гэхдээ энэ газар зүйн байршлын хувьд их давуу талтай улс. Энэ давуу тал дээрээ Сингапурын Засгийн газраас татварын таатай бодлого баримтлахаар гадаадын хөрөнгө оруулагчид яах аргагүй энэ улсад татагдаж байна. Монгол, Энэтхэг, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг эдийн засаг нь огцом өсөж буй улсуудын яг дунд нь байгаа Сингапур байгалийн нөөцгүй ч дээр дурдсан улсуудын нөөцийг ашиглах гэж ирсэн хөрөнгө оруулагчдад бааз нь болж түүгээрээ баялаг бүтээж байна. Өөрөөр хэлбэл, Сингапур бол гадаадын хөрөнгө оруулагчийг улсыг хөгжиж буй улсуудтай холбох гүүр болж байна. Сингапурт олон компанийн толгой компани нь байгаагийн учир нь татварын таатай бодлоготой шууд холбоотой.
Байгалийн баялаг биш, хүний баялаг энэ зуунд маш чухал гэдгийг энэ улс дэлхий нийтэд харуулж байх шиг байна. Хэдий эдийн засагч, нийтийн бодлого тодорхойлогч шиг асуудлыг нарийн харахгүй байгаа ч баялаг бүтээж, улс орон нь хөгжөөд байгааг нүдээрээ хялбархан ажиглаж чадаж байна даа.
-Сингапурын Ерөнхийлөгч Р.С.Натан гуайгаас нэгэн сурвалжлагч “Таны Сингапурын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр юу вэ” гэж асуухад “Сингапурын ард түмнийг орон сууцаар хангасан явдал маань энэ улсын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр” гэж хариулсан гэдэг. Дэд бүтцийн эрх зүйгээр мэргэшиж байгаа хүний хувьд ямар бодлогоор улаанбаатарыг гэр хорооллын бүслэлтээс гаргах вэ?
-Сингапурын хувьд HDB байрууд гэж олон байр бий. Тэр нь одоогийн манай 19-р хороололд байдаг саарал байрууд шиг. HDB нь Housing & Development Board гэдэг үгний товчлол бөгөөд Үндэсний хөгжлийн яамны харъяа Засгийн газрын байгууллага юм. Энэ байгууллага тэдгээр барилгыг барьж иргэддээ хөнгөлттэй үнээр худалдаалдаг юм. Энэ байрууд нь бусад байрыг бодвол зай багатай хэр нь үнэ нь нэг дахин хямд байдаг. Иргэд нь mortgage-р тус байрыг авахад хялбар. Миний мэдэж байгаагаар нийт байрны үнийн 20 хувийг урьдчилж төлөөд зээлээр байр авчихаж байгаа юм, тэгээд сарын төлбөр нь яг түрээсийн төлбөртэй нь тэнцэхүйц мөнгө учир аливаа дарамтгүй зээлээ төлөөд амьдарч байна.
Манай улсын хувьд одоо бүх зүйл эхэлж байна, концессийн гэрээгээр шинэ дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Дээрээс нь яригдаад байгаа 100,000 айлын хөтөлбөр нь байна. Ер нь миний харж байгаагаар бид бүхэн бүх зүйлийг муугаар бодоод, хэтэрхий их яараад байх шиг байх юм. Энэ нь өөрөө нийгмийн бухимдал, хүлээлттэй холбоотой байхыг үгүйсгэхгүй ч хүмүүс улс хөгжихийг хүлээгээд байхаас өөрөө хөгжих явцын нэг байхыг хүсэхгүй байна гэж би боддог.
-Хүсэхгүй биш, боломжгүй байгаа юм биш үү?
-Хүсэхгүй байна, боломжгүй байна гэдэг хариултын цаана гурав дахь нуугдмал хариулт нь “чадваргүй байна” байж болох юм. Ажлын байр, бизнесийн нөхцөл боломж Монголд маш их байхад улстөрчдийг муулах ажил хийгээд сууж байгаа залуучуудыг би хувьдаа ойлгодоггүй. Улс төрд залуусын оролцоо байх хэрэгтэй ч хэтрүүлээд бол хэрэггүй байх, бидэнд тэр хүмүүсийн ший жүжгийг шүүмжлээд суух цаг зав байхгүй шүү дээ. Хөгжих хэрэгтэй.
-Хүн нэг сонголтыг хийхэд нэг боломжийг алдаж байдаг гэдэг. Тэнд суралцах шийд гаргаснаараа юуг золиослов?
-Яах аргагүй үнэн үг. Би суралцахаар явсан, тэгээд энэ хугацаанд олон юм алдлаа, найзуудынхаа хуриманд очиж баяр хүргэж чадсангүй, ээжийгээ "Алтан гадас" олонгоор шагнуулахад нь очиж цэцэг өгч баярыг нь хувцаалцаж чадсангүй гээд амьдралын их гоё дурсамжуудыг алдлаа.
-Бас найз нарынхаа гунигийг нь ч хуваалцаж, мөрийг нь түшээд тайтгаруулах боломжийг алдсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хугацаанд олон зүйл болж өнгөрлөө, тэр болгонд нь найзууд, гэр бүлийнхээ дэргэд байж чадсангүй, гэрээсээ хол байхын ганц хэцүү нь энэ юм даа. Хүмүүс ч гэсэн хол байгаа хүний санааг зовоогоод яах вэ гээд зарим зүйлийг хэлэхгүй өнгөрөх юм, хэлсэн ч юу ч хийж чадахгүй хойно бас их хэцүү юм аа.
-Өөрөөрөө бахархах, Монгол улсаар бахархах зүйл гарч байв уу?
-Би энд суралцах бүх боломжийг ээж, эгч хоёр маань хангаж өгсөн. Ээж маань бага байхаас хойш миний болон эгчийн маань боловсролд бүхнээ зориулсан. Тэгээд энд сүүлийн шалгалтаа өгч дуусчихаад ээж, эгч хоёроороо л бахархаж суулаа. Монгол эмэгтэйчүүд маань ухаалаг, хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй гайхалтай хүмүүс. Монгол улсын хөгжил Монгол эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотойг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй зарим нэг хүмүүс сонин хачин гал асаадаг үйлдэл хийгээд Монгол улсаа хөгжүүлнэ гээд байхыг сонсоод бас их гутарлаа.
-Гадны компани, хөрөнгө оруулагчид монголд орж ирэх зам ямар байна аа. Хууль эрх зүйн хувьд тогтворгүй гээд “тогтвортой байдлын гэрээ” нэхэх нь ч байх юм. Хуулийн орчин чанга байна гэх нь ч байна. Бас гадны компаниуд орж ирээл хамаг юмыг нь хамаад гараад явчих юм. Хууль сул байна гэх нь байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн хуульч үүнд хариулт өгөх байлгүй?
-Үндсэндээ 1992 оноос хойш хууль эрх зүйн орчинг гадаадын хөрөнгө оруулагчдад таатай болгох үүднээс олон ч ажил хийж, олон ч төсөл хэрэгжсэн. Тэр чинээгээр хангалттай тооны хуультай болж, зохицуулалтгүй салбар цөөн үлдлээ. Гэхдээ одоо байгаа эрх зүйн орчин бас сул талтай учир бас л хөрөнгө оруулагч нар түүнийг нь цэгцрэхийг хүлээж буй. Түүнийг нь би харахдаа хууль тогоомжийн уялдаа холбоо муу, хуулийн бичилт ойлгомжгүй, эмх цэгц муутай, хэтэрхий ерөнхий, нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж дүгнэж байгаа.
-Хуульчдыг яаж бэлтгэх нь илүү үр дүнтэй санагдаж байна, манай хууль зүйн боловсрол олгож буй арга барилтай холбож тайлбарлаач?
-Миний харж байгаагаар хууль зүйн боловсролын системд хэд хэдэн сул тал байна. Нэгд, хэт олон чанаргүй сургууль байна. Хоёрт, сургалт хэтэрхий ерөнхий, мэргэшсэн гүнзгий салбаруудын сургалт бараг байхгүй гэсэн үг. Гуравт, амьдралаас бас хол байна. Би 2009 онд сургуулиа төгсөөд Lehman, Lee and Xu гээд хуулийн фирмд орж ажилласан. Ажилд орсоны дараах эхний нэг сард би өмнө нь огт сонсож байгаагүй зүйлүүдээ сонсож эхэлсэн. Жишээ нь, Due Diligence Report гэж бичиг баримт нь Монголын хуулийн фирмүүдийн хийдэг ажлын тал гаруй хувийг эзлэх байх. Гэтэл би үүнийг огт мэдэхгүй төгссөн байлаа. Гэрээнд ашиглагддаг үндсэн заалтуудыг мэдэхгүй төгсөж байлаа. Уучлаарай, багш нараа муулаагүй юм шүү, үнэхээр суурь мэдлэгийг дэлхийн аль ч улсын оюутнаас дутахааргүйгээр гайхалтай олгосон. Гэхдээ хэтэрхий ерөнхий байна гэдэг л миний санаа. Мэргэшсэн салбар бүрээр нь тус тусад нь бэлдэх хэрэгтэй, жишээ нь би одоо Эрүүгийн эрх зүйгээр хэзээ ч зөвлөгөө өгөхгүй, өгье гэсэн ч чадахгүй, чадвар хүрэхгүй тийм байхад би криминалистикийн хичээл үзээд, 90 хувиар онц гараад яах вэ дээ.
-Жишээ нь, компанийн эрх зүй, санхүүгийн эрх зүйгээр ямар байдлаар нарийвчилсан мэдлэг өгөх боломж байна гэж?
-Хамгийн наад зах нь Компанийн эрх зүйд “agency problems” буюу компани доторхи байгууллагуудын зөрчилдөөнийг зохицуулах тал дээр маш нарийвчилсан зохицуулалт, арга, техникүүд бий. Үүнийг судлахгүйгээр компанийн сайн эрх зүйч болох боломжтой ч туршлага, цаг хугацаа их шаардана.
-Компани доторхи байгууллагуудын зөрчилдөөн гэдгээ жаахан тайлбарлаач, болж өгвөл жишээгээр тайлбарлах уу?
-Компани дотор хувь нийлүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэх зэрэг жижиг зохион байгуулалтууд байгаа. “Agency problem”-ийн хамгийн шилдэг жишээ нь жижиг хувь нийлүүлэгчдийн эрхийн асуудал байдаг. Компанийн хувьцааны 60-90%-ийг эзэмшиж буй компани ТУЗ-ийн гишүүдийг томилох зэрэг олон шийдвэрийг бие даан гаргах боломжтой байдаг. Энэ тохиолдолд жижиг хувь нийлүүлэгчийн хамгаалалт нь хараат бус ТУЗ-ийн гишүүд, Компанийн хувьцаагаа буцаан худалдан авах үүрэг, ТУЗ-ийн гишүүдийн компанийн өмнө хүлээсэн үүрэг /fiduciary duty/ зэрэг хэрэгслүүд болдог.
-Монголд өрнөж буй улс төр, хууль хүчнийхний үйл ажиллагааны талаар ямар байдлаар мэдээлэл авч байна. Хуульчийн хувьд мэдээж дүгнэлт хийсэн байх. Сонирхмоор байна?
-Олон зүйл ажиглагдлаа. Өмнө нь илэрсэн байсан тогтолцооны сул талууд олон нийтийн анхаарал татсан хэргүүд дээр дахин давтагдах тэр үед хүмүүс одоо л сүүлийн жилүүдэд юу нь болохгүй байсныг нэгэн зэрэг харах шиг боллоо. Сүүлийн сард, ирж буй сонгуультай холбоотой ч юм уу, эсвэл хавар болоод хүмүүсийн сэтгэл хөдөлсөн үү улс төрд их л олон юм болох шиг боллоо. Улс төртэй холбоотойгоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд олон бэрхшээл тулгарлаа, үүнийг эрх зүйн тогтолцоонд тавьж буй сорилын нэг гэж хэлж болно. Манай эрх зүйн тогтолцоо өөрөө залуухан, хуульчид нь бас залуухан байгаа хойно иймэрхүү саад бэрхшээлүүд тулгарч л таарна, түүнийг нь давж гарж, шийдэж байж шударга тогтолцоо буй болно, хүмүүс жаргалтай, тайван байна.Тэгэхээр эрх зүйн тогтолцоонд тулгараад буй энэ асуудлуудыг эцсийн цэг биш эхлэх цэг гэж харж өөдрөгөөр хөгжлийн төлөө тэмцэх хэрэгтэй байх.
-28 орны 40 гаруй хуульчтай хамт суралцсан гэсэн. Олон орны залуус бие биеэсээ суралцаа л байлгүй. Сургалтын хөтөлбөрөөс гадуур, гадны хуульчдаас сурах зүйл юу байв?
-Бидэнд дунд Герман, АНУ, Австри зэрэг эрх зүйн хөгжил өндөртэй улсын хуульч, бас Нигер, Филиппин, Монгол зэрэг эрх зүйн боловсролын тогтолцоо сул улсын хуульч ч бий. Энэ нь хичээлийн танхимд тэнцвэрт байдлыг буй болгодог, учир нь, өндөр хөгжилтэй улсуудын хуульчид хөрөнгө оруулагчдын талаас үндэслэл гаргадаг бол бусад улсын хуульчид хөгжиж буй улсуудын Засгийн газар, компаниудын талд үндэслэл гаргана. Энэ нөхцөлд хуульч хүн олон өнцгөөс асуудлыг харах боломж бүрддэг юм байна. Гадны хуульчдаас чухалчлах нэг зүйл нь “шүүмжит сэтгэлгээ” юм. Үүнийг “critical thinking” гэж хөрвүүлж болох ба гадаадын их сургуулиудад тусгай хичээл хүртэл орж байгаа харагдлаа. Тодруулбал, шүүхийн шийдвэр уншиж байя гэж бодъё. Би бол “энэ шүүгч зөв л шийдсэн байж таараа, би л тэрийг нь ойлгохгүй байна алив дахиад нэг уншъя, дутуу судлаад байна” гээд сууж байхад манай Мексик найз “өө энэ нөхөр шал худлаа юм бичээд явчихсан байна. Цагийн гарз гээд өөр юм хийгээд явчихаж байгаа юм. Маргааш нь хичээл дээр багш энэ шүүгч энэ асуудал дээр ингэж алдсан гээд тайлбарлах жишээтэй. Миний хувьд энэ сул талаа засахыг хичээж байна. Ном заавал зөв байх ёстой, шүүгч шударга шийдсэн байх ёстой гэх зэрэг хэвшмэл сэтгэлгээг хаях хэрэгтэй.
-Тийм байна шүү. Би ч гэсэн ингэж л бодож унших байх. Ингэхэд хэдий хугацаанд суралцсаныг чинь асуугаагүй юм байна?
-Би 2011-2012 онд нэг жилийн хугацаанд амралтгүй хоёр сургуулийн мастерийг хийлээ. Сая гуравдугаар сард сүүлийн шалгалтаа өгөөд дуусгасан.
-Шалгалтаа яаж авч байна, Шалгах арга барил нь Монголын арга барилтай ялгаатай юм уу, адилхан юм уу? Бодвол хуулна гэх ойлголт байхгүй л биз дээ.
-Ер нь бол шалгалтыг нь сонсоход их амархан санагддаг. Энд шалгалт нь гурван өдөр үргэлжилдэг бөгөөд гэртээ, ном, материалаа чөлөөтэй ашиглаад хийдэг шалгалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч тань танаас эрх зүйн зөвлөгөө асуухад хуульч “за, энэ зүйл нь ийм байна, тэр маргаан нь тийм байна, харин гэрээ нь энэ байна” гээд 30 минутын дотор зөвлөгөө өгдөггүй шүү дээ. Яг тэрэнтэй адилхан, хуульчид асуудалд дүн шинжилгээ хийж, өөрийнхөө жинхэнэ чадварыг харуулах боломжийг гадаадын их сургуулиудын шалгалтууд олгож байна. Монголд бол нэг тийм “шүлэг цээжлээд очиж асуугддаг” шиг л шалгалтууд авдаг байсныг нь одоо өөрчлөөд асуудалд дүн шинжилгээ хийлгэдэг болгосон. Тэгэхдээ бас материал, хууль харуулахгүй цээжээр бичүүлж байгаа нь учир дутагдалтай гэж би боддог.
-Хуульчийн эрх зүйн байдлын хуулиа харсан уу, уншаад гарч ирсэн санаа юу байна?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай танилцаж амжсан. Энэ хууль бол хуульч мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлэх том алхам, энэ хуулийг батлуулахын төлөө ажилласан хүмүүст нь энэ завшаанаар баяр хүргэе, мөн талархъя. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь үндсэндээ хуульчдад өөрсдөд нь биш харин тэдний үйлчлүүлэгчдэд нь зориулсан хууль. Энэ хуулиар хуульчид хариуцлагатай болж, тэдний үзүүлж буй өндөр үнэтэй үйлчилгээ чанаржих ёстой. Үүнийг дагаад хуульчийн нэр хүнд нийгэмд өснө, энэ нь бүр тойм зурагтаа нийгмийн хууль, шударга ёсонд итгэх итгэлийг өндөржүүлэх ёстой байгаа юм.