УИХ-ын сонгуулийн тухай хуулинд автоматаар санал хурааж зохион байгуулна гэсэн байгаа учраас мэдээллийн технологийн 26 баг, 1950 даамал, 2080 энэ чиглэлийн ажилчин байхаар тусгаж нийт 16 тэрбум 824 сая төгрөг зарцуулах тооцоог гаргаад байгаа юм байна. СЕХ саналаа УИХ-д өргөн барьсан байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх учиртай. Гэтэл УИХ сонгуулийн тухай хуулийг хэрхэн явуулах тал дээр одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа учраас Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн саналыг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм.
Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө УИХ-ын сонгуулийн товыг зарлана гэсэн байдаг. Зургадугаар сарын сүүлийн өдөр буюу мөн сарын 29-ний өдрөөр тооцоод үзвэл энэ сарын 29-ний өдөр сонгуулийн товыг зарлах ёстой юм байна. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар СЕХ-ны саналыг хэлэлцэх учиртай.
Мөн УИХ-ын сонгуульд оролцох намууд сонгуульд нэр дэвших мөрийн хөтөлбөр болон гишүүдийн нэрсээ тодруулах ёстой. МАН-ын хувьд Бага хурлаа ирэх тавдугаар сарын 1-нд хийхээр товложээ. Бага хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна. Гэхдээ тус намынхан 2012 оны УИХ-ын сонгуульд дэлгэх гол хөзрүүдээ бэлэн болгосон гэж хэлж болно. Энэ нь өнгөрсөн өвөл МАН-ынхан Бага хурлаа хийхдээ Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөсөн бүхэл бүтэн 20 жилийн хөтөлбөрийг баталсан юм. Түүгээр бол Монгол Улс уул уурхайг түшиглэн хөгжинө, уул уурхайгаас олсон орлогоо аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд зарцуулна. Мөн хүний хөгжилд онцгой анхаарал тавина гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд зарлаж байлаа. Мөн 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн судалгааг энэхүү хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шатанд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн баталгаажуулсан гэдгээ мэдэгдсэн билээ.
Харин Ардчилсан намын хувьд ҮЗХ-ны хурлаа хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.