Архангайд юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Архангайд юу болох вэ?

Удахгүй товлогдох УИХ-ын сонгуульд улс төрийн нам, хүчнүүдээс нэр дэвших магадлалтай байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг “Ардын эрх” сонин өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ дугаараас сонгуулийн тойргуудын тулааны өнгө төрхийг тодорхойлсон тоймыг хүргэж байна.

 

Тойрог

Мандатын тоо

АН

МАН

Бусад

1

Архангай

2

Р.Гончигдорж

Н.Батбаяр

С.Ламбаа

Б.Болор
/ГХ-ны дэд сайд асан/

Т.Бадамжунай

Б.Тэрбишдагва

Б.Жаргалсайхан
(2008 онд нэр
дэвшсэн
)

Г.Тэмүүлэн

Н.Удвал
/МАХН/

Ц.Цолмон
/МҮАН/

 


Арын сайхан хангай ард нь дүнхийж байхад АТГ-т баригдчихдаг нь таагүй хэрэг боллоо, гурав дахь Ерөнхийлөгч. Түүнийг Архангайгаас нэр дэвшинэ гэсэн яриа хүчтэй явж  байсан ч нэгэнтээ тэндээс дэвшихгүй нь тодорхой болсон билээ. Тэрбээр Архангайд нэр дэвшсэн бол гарцаагүй сонгогдох байсан ч арай хүч тэнцүүхэн өрсөлдөгчтэй, өөрөөр хэлбэл, хурц тулаант тойрогт өрсөлдөх тухай яриа гараад байсан билээ.

Ямартай ч энэ удаагийн сонгуулиар Архангайд нэр дэвших улстөрчдийн багцаа эхнээсээ тодорч байна. Энэ удаагийн сонгууль ямар онцлогтой болох талаар хангалттай бичиж буй болохоор үүнийг энэ удаад алгасаад хэн, хэн нэр дэвшихийг бүдүүн багцаагаар тоймлоё.

Үүнийг ярихаас урьдаж өнгөрсөн сонгуулиуд Архангайд хэрхэн болсон бэ гэдгийг эргэн нэг сануулъя.

1996 он. Энэ сонгуулийн дүнг ч, дараа дараагийнх нь давамгайллыг нь харсан ч архангайчууд аль нэг хүчнийг тууштай дэмждэг гэж хэлэх аргагүй. Энэ тойрогт Ардчилсан нам, МАХН /Өнөөгийн МАН/ ээлж дараалан сонгогдож байсан гэхэд болно. Гэхдээ нийт сонгуулийн дүнг бодолцвол Ардчилсан намд илүү олон удаа итгэл үзүүлж байв. Тухайн онд гурван мандатын төлөөх “тулаан”-д Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигч Р.Гончигдорж 11 мянга 653 санал, С.Ламбаа 8878 санал МАХН-аас нэр дэвшигч С.Төмөр-Очир 5538 сонгогчийн саналтайгаар УИХ-ын гишүүнээр сонгогдов. С.Төмөр-Очир өөрийн намаас нэр дэвшигч М.Далайхүүгээс ердөө 445-аар илүү  санал авснаар ялалт байгуулж байна. Хэдийгээр М.Далайхүү 5093 санал авсан ч тойргоос гадуур хоцорч байлаа.  Мажоритари тогтолцооны сөрөг тал нь энэ. Нийт сонгогчдын 10 гаруйхан хувийнх нь саналыг авсан хүн сонгогдож байхад түүнээс 0,1 хувийн саналаар бага хүн сонгогдохгүй байх жишээтэй. Ямартай ч Архангайд Ардчилсан нам МАХН-аас нэр дэвшигчид 2:1 харьцаатай сонгогдсон юм.

2000 он. Архангайн хүн ам ч өсчээ. Нийт хүн амынх нь тоо 54170-д хүрсэн байв. Ардчилсан хүчнийхэнд итгэх итгэл сулрав. Харин энэ үеэр МАХН-ыг Н.Энхбаяр удирдан сонгуульд орж тухайн тойрогт ялалт байгуулав. Хэдийгээр Ардчилсан хүчний эвсэл энэ сонгуульд өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Ламбаа нарыг илгээсэн ч амжилт эс олов. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчнүүд саналаа хуваасан нь сонгуулийн дүнг МАХН-д ашигтайгаар эргүүлэв. Сонгогчдын 32 хувийнх нь дэмжлэгийг авсан С.Төмөр-Очирт УИХ-д дахин суух боломж олдов. Харин өмнөх сонгуулиар 400-хан саналаар ялагдаж байсан М.Далайхүүд УИХ-ын гишүүний суудалд сандайлах боломж олдов. Дээр нь, МАХН-аас нэр дэвшсэн Б.Чадраа шинээр сонгогдов. Ингээд АН 2:1 МАХН гэсэн харьцаа АН 0:3 МАХН хувилбарт шилжив.

2004 он. Салхи дахин эргэв. Дөрвөн жилийн хугацаанд үнэмлэхүй олонхиор эрх барьсан МАХН-аас архангайчууд дахин нүүр бууруулав. Тойрогтоо эргэн ирсэн Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Гончигдоржид Архангай аймгийн нийт сонгогчдын 62 хувь нь итгэл үзүүлсэн бол “Фортуна” хэмээх Н.Батбаярт 57 хувь нь, С.Ламбаад 52 хувь нь саналаа өгөв. Архангайчуудын санал 360 градус өөрчлөгдөн Ардчилсан намд гурван суудал өгч МАХН-ыг “хөөгөөд” явуулав.

2008 онд ч энэ харьцаа өөрчлөгдсөнгүй. Өмнөх сонгуулийн дүнг давтав.

2012 он. Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулаагүй байгаа ч өрсөлдөх хүмүүсийн нэрс хэдийнэ дуулдаад эхэлжээ. Зарим нь тойрогтоо сурталчилгаагаа эхлүүлж, байдлыг тандсан байдалтай байгаа аж.

МАН-аас л гэхэд диспетчерээс ажлын гараагаа эхэлсэн Т.Бадамжунай нутагтаа очиж сонгуульд оролцохоор болжээ. Нийслэлийн нийтийн тээврийг элгээр нь хэвтүүлсэн гэгддэг тэрээр төрсөн нутагтаа очих болсон нь учиртай. Өөрийнхөө нүүрээс хэв авахуулан бурхан бүтээлгэсэн түүнийг нутгийнхан нь сонгох эсэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хүнс, хөдөө, аж ахуйн сайд хийхдээ тэрбээр нутгийнхнаа мартаагүй нь дамжиггүй.

МАН-аас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нэр дэвшинэ гэж байсан ч энэ удаад өнжихөөр шийдсэн бололтой. Тэрээр өөрийнхөө оронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Ч.Тэмүүлэн хүүгээ дэвшүүлэхээр болоод байгаа аж. Ч.Ганзориг нь Архангайд багагүй бүтээн байгуулалт хийсэн бөгөөд тэр нэр хүндийг нь бодсон ч, монголчуудад газрын баялгийн шимийг хүртээх төрийн өмчийн томоохон компанийн захирлыг нь бодсон ч хүүгээ нэр дэвшүүлэхэд гэмгүй гэж үзэж байгаа бололтой. Гэсэн ч Т.Бадамжунай мэтийн “хорч”-доос эмээж, хүүгийнхээ зүрхийг үхүүлчих вий гэж болгоомжилж байгаа сурагтай.

МАН-аас дэвших магадлалтай бас нэгэн хүн нь Б.Тэрбишдагва. Гэхдээ,

-Ноёнтой сөргөөцөлдвөл толгойгүй

Нохойтой сөргөвөл хормойгүй гэгчээр У.Хүрэлсүх түүнийг дэвшүүлэх эсэх нь нэр дэвшигчдээ тодруулах эцсийн өдөр л тодорхой болно. Түүний МАХН руу гүйчих вий гэж болгоомжилсон У.Хүрэлсүх нэр дэвшигчдийг тодруулах эцсийн өдөрт түүнийг унагааж, аль ч амаас дэвших боломжгүй болгохоор шийдсэн гэх яриа байна. Магадгүй түүнээс урьдаж Б.Тэрбишдагва МАХН-д орвол МАН-ын хувьд Архангайгаас суудал авах боломж бараг л байхгүй болно. Учир нь, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тус тойрогт нэр дэвших нь тодорхой болчихсон. Н.Энхбаярыг барьж хорьсон тэр мөчөөс хойш МАХН-ын рейтинг хөдөө орон нутагт хүчээ авч байгаа зэргээс харсан ч МАН-ын гол өрсөлдөгч нь Ардчилсан нам бус МАХН болоод буй билээ. Ялангуяа Архангайн хувьд Н.Удвал болох нь гарцаагүй. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд МАН-аас нэр дэвшсэн Н.Удвал С.Ламбаад 200-хан хүний саналаар “тахимаа” өгч байсан аж. Тэр үед “ардын засаг ч юу байлаа” гэгчээр МАН-ыг Архангайд далаар нь дарах хүмүүс нэг нь яахын аргагүй энэ эмэгтэй. 

МАН-аас нэр дэвших магадлалтай бас нэгэн нөхөр бол гурван ч сонгуулиар Архангайгаас нэр дэвшиж буй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жаргалсайхан. Архангайчууд түүнийг сонгууль дарааллан унагааж чадсан шигээ сонгочихож бас дөнгөх л байх.

Тэгвэл Ардчилсан намаас өмнө нь илгээж, ялалт байгуулсан гурваасаа энэ удаад С.Ламбааг өнжөөхөөр болсон бололтой. С.Ламбаагийн оронд Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорын нэр дуулдана. Харин нэр дэвших тоолондоо мандат өвөртөлсөөр ирсэн Р.Гончигдорж, “Фортуна” Н.Батбаяр нарыг найдвартай тойрогт нь дахин илгээх нь нэгэнтэй тодорхой болсон сурагтай. Мэдээж өнгөрсөн хугацаанд голлох хуулиудын төсөлд гар, бие оролцож, сөрөг хүчний байр суурийг шаггүй хамгаалсан энэ хоёр гишүүнд архангайчууд бүгдээрээ тааламжтай байхгүй ч цөөнгүй хэсэг нь найр тавих буй за.

Дээр нь сүүлийн үед нэр хүнд нь өсч буй МҮАН-аас Ц.Цолмон нэр дэвшинэ. Архангайчуудын хувь бол тэрээр танил хүн. Өнгөрсөн сонгуулиар бас л багагүй санал авч байсан түүнийг энэ удаад сонгохыг хэн байг гэх вэ.

Иймэрхүү байдлаар тойргийн төлөөх гэхээсээ илүүтэй намын “дайн” Архангайд болно. Харин алийг нь сонгох вэ гэдэг нь тухайн сонгогчдын бүрэн эрхийн асуудал учраас энэ, тэр гэж илүү хошуулаад яах вэ. Харин улстөрчдийн хуурамч царай гаргаж байгаад инээх нь холгүй хэлдэг нэгэн үгээр өндөрлөе,

Сонголт тань мэргэн байж, шударга сонголт хийгээрэй… гэж.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж