Хамгийн бахархууштай хүүхэд багачууд маань өөрсдөдөө тулгараад байгаа хүнд асуудлаа тодорхойлж, хамтдаа шийдэл хайхаар санал боловсруулсан байна. Гэхдээ багачууд маань юун түрүүнд оюутан ах эгч нар шигээ үнэгүй автобусаар зорчъё гэсэнгүй, одоо байдал ямар байгаа талаар судалгаа хийж, байж болох хувилбаруудаар саналаа нэгтгэж “Иргэн” төсөлд ирүүлжээ. Энэхүү төслийг Соросын сангийн дэмжлэгтэйгээр 1996 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Сүүлийн хоёр жилд сурагчдын боловсруулсан төслөөс шилдгийг нь танилцуулж байгаа. Энэ жилийн хувьд нйислэлийн 53 дугаар сургуулийн 7,8 дугаар ангийн сурагчдын бэлтгэсэн “Орлогогүй сурагч-Төлбөртэй нийтийн тээвэр” төсөл судалгаа олны анхаарлыг татжээ. Тэд энэ сэдвийг хөндөхийн чиглэлийн автобус болгонд сууж, судалгаа хийж, кондуктор ах эгч нараасаа ярилцлага авч, бүр тооцоо хийж үзжээ. Тэдний хийсэн судалгаагаар бол нийт автобусаар зорчигчдын ердөө 25 хувь нь л дунд сургуулийн хүүхдүүд. Гэхдээ бага ангийн хүүхдүүдээс бусад нь 200 төгрөг төлдөг. Нэгэнт хөнгөлөлттэй үнээр зорчдог учраас үнэгүй зорчих болоход автобусны компаниудын орлогод төдийлөн нөлөөлөхгүй. Гэхдээ хүүхдүүд үнэгүй зорчих хүслээ л эн тэргүүнд тавьсангүй. Томчуудаас яавал хүүхдүүд кондукторуудад загнуулан нүд үзүүрлэгдэхгүйгээр сургуульдаа ирж очих боломжтой байж болох талаар санаа тавиач ээ гэж хүсч байгаа аж. Тэд асуудлыг тал бүрээс нь нарийвчлан боломжтой хувилбар, эерэг болон сөрөг талуудыг дүгнэн гаргасан байна лээ. Тухайлбал, дунд сургуулиудыг өөрсдийн гэсэн автобустай болгох нь аюулгүй байдал талаасаа давуу талтай ч бензин шатахуун, жолоочийн цалин хөлс гэх мэтээр зардал ихтэй. Нөгөө талаасаа нь хүүхдүүд зөвхөн сургуульдаа ирж очихоос гадна хотын захын хорооллын хүүхдүүд төвийн хүүхдүүдтэй л адил мэдээлэл авч, төвд зохиогдож буй уралдаан тэмцээн, сургалт л дугуйланд оролцох боломжоор хангагдах ёстой гэхчилэн бүх сайн муу талуудыг дүгнэж, цэгнэж үзжээ. Ердөө л арваадхан настай хүүхдүүдийн боловсруулсан энэ төсөл, асуудалд дүн шинжилгээ зэрэг нь анхаарал татам чамбай болж. Бүр бид бусдад ямар нэгэн санхүүгийн дарамт үзүүлэхгүй, төрөөс мөнгө гуйхгүй байхыг хичээж, бүх үйл ажиллагаагаа бусдын эрхийг зөрчихгүй, хуульд нийцүүлэн явуулж байгаа гэж подхийтэл тайлбарлаж байгаа юм. Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийн сурагчид энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-аас зохион байгуулдаг “Бид иргэн” нэвтрүүлгээр танилцуулж байгаа юм. Энэхүү нэвтрүүлгийг өнөөдөр Боловсрол суваг телевизээр 22.30 цагаас нэвтрүүлнэ. Та эндээс хүүхдүүд ямар санал дэвшүүлж байгааг сонирхон үзээрэй. Мөн энэ талаар бид дараагийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Мөн нэвтрүүлгээр дээр дурдсан “Иргэн” төсөлд шалгарсан гурван баг өөрсдийн төслөө танилцуулна. Үүнд “Аварга” дунд сургуулийн багачууд тамирчин хүүхдүүд спортын бэлтгэлээ хангахын тулд дунд сургуулийн хичээлийн ерөнхий программын тамирчдын ачаалалд тохируулан уян хатан болгох, 92 дугаар сургуулийнхан өөрсдийнхөө санаачлагаар хоёрдагч түүхий эд цуглуулан сургуулиа хогийн савтай болгож байгаа, цаашдаа өөрсдийнхөө хүчээр ямар ажил хийж болох тухайгаа танилцуулна. Та бүхэн өнөөдөр орой Боловсрол суваг телевизээр хүүхдүүд ямар санал бодолтой, ямар төсөл хэрэгжүүлж байгаа талаар үзэж, бас санал бодлоо нэмэрлээрэй.