Сонгуулийн хууль ”уначихаагүй” байна

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль ”уначихаагүй” байна

Сонгуулийн хууль ”уначихаагүй” байна
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны тов өчигдөр гарлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг үүгээр эцсийн байдлаар шийднэ  гэсэн үг. Энэ шийдвэрлэх хуралдааныг 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 9.30 цагаас хийхээр болж.
Гэтэл эцсийн шийд гарахаас өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг “уначихсан”, хүчингүй болчихсон гэх бодол, хандлага нийгэмд хэдийнэ бий болжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаснаас илүүтэй энэ шийдвэрийг парламентын гишүүдийн хүлээн авч буй хандлагаас нь “сонгуулийн хууль унажээ” гэх бодол олон нийтэд төрсөн гэхэд болно. УИХ-ын гишүүд нь өөрсдийн баталсан хуулиа үгүйсгэн “Цэц нь Үндсэн хуулийн манаачийнхаа үүргийн сайн гүйцэтгэлээ” “Би анхнаасаа энэ заалтын эсрэг байсан хүн” гэлцсээр Сонгуулийн хуулийн тухайн заалтууд хүчингүй болох нь гэдэг итгэл үнэмшил улам батжив. Бүр гараагүй шийдвэрийг баталгаатай болсон гэж УИХ дахь МАН-ын бүлгийнхэн зарлаж “Бид хичнээн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Цэц их суудлын хуралдаанаараа мөн адил шийдвэр гаргана. Иймд цаг хожих үүднээс дунд суудлынх нь шийдвэрийг хүлээгээд авчихья” хэмээн мэдэгдэх болов. Гэвч Сонгуулийн хуулийн “гулсалт унаагүй” байгаа шүү гэдгийг дахин сануулья. Угтаа бол гулсалт гэх үг хуулинд байхгүй ч ойлгомжтой байх үүднээс энэ нэршлийг ашиглая. Намуудаас нэр дэвшигч нь тойрогт өрсөлдөөд нийт сонгогчдын 28-аас дээш хувьд санал авсан бол ийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээнийхээ харьцаагаар намын жагсаалтанд орно гэсэн ойлголтыг манайхан товчхон бөгөөд энгийнээр “гулсах” гэж нэрлээд байгаа.

Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өмнөх шатныхаа шийдвэрийг үгүйсгэх шийдвэр гарч болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй. УИХ-ын гишүүдийн эхний зорилго нь сонгогчдод таалагдах тул магадгүй Их суудлаас Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж шийдсэний дараа “Анхнаасаа УИХ-ын хууль Үндсэн хуультай харшлаагүй шүү дээ” гээд л ярих биз.

Гол нь Үндсэн хуулийн тухайн заалтыг хүчингүй болгох  эсэх нь Их суудлын хуралдааны санал хураалтаар шийднэ. Гэхдээ Их суудлын хуралдааны санал хураалтаар шийдэх процесс, тодруулбал Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаар бол УИХ-ын сонгуулийн хуулийг байгаа хэвээр нь үлдээх боломж илүү ээлтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тухайн заалтууд хэвээр үлдэх нь боломж нь илүү өндөр байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулинд “Цэцийн дүгнэлтийг дахин
хянаж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ” гэдгээс харвал ийм л дүгнэлтэд хүрнэ.  Иймд Цэцийн гишүүдээс хэд нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн тохиолдолд уг заалт хүчингүй болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Асуулт дараагийнхаа асуултыг ч гаргаж байна. Энэ нь “Цэцийн Их суудлын хуралдаанд хэдэн гишүүн оролцох вэ” гэх асуулт.

ЕС ҮҮ, ДОЛОО ЮУ, ЭСВЭЛ НАЙМ УУ?

Дахиад л олон нийтийн дунд тархсан андуурал. Энэ нь Цэцийн Их суудлын хуралдаан зөвхөн есөн хүний бүрэлдэхүүнтэй хуралддаг гэдэг ойлголт. Ийм ойлголттой байх үед, түүнчлэн Цэцийн гишүүд есөн хүний бүрэлдэхүүнгүй байгаа үед дараах дүгнэлт гарна. Тэр нь “УИХ-ын сонгуулийн хуулийг Цэц Их суудлаараа хэлэлцэж чадахгүй юм байна” гэх бодол. Үүн дээрээс “зарим гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан” гэх мэдээлэл бодлыг нь лавшруулна. Угтаа Цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Болдбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан нь үнэн. Гэхдээ Цэцийн гишүүний хугацаа дууссан ч дараагийн гишүүн томилогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байж болдог хуультай. Ж.Бямбадорж дарга бүрэн эрхийн хугацаа дууссан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье гээд ажлаа өгчихсөн. Ингээд 9-1 /есөөс хасах нь нэг/ гэхээр өнөөдрийн байдлаар цэцийн найман гишүүн үлдэж байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиас нь харвал их суудал 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заажээ. Ж.Бямбацогтын оронд хүн томилогдож амжаагүй тул цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралд оролцох боломж байхгүй. Харин долоон гишүүн оролцсон тохиолдолд таваас дээш гишүүн, найман гишүүн оролцсон тохиолдолд дөрвөөс дээш гишүүн нь Үндсэн хууль зөрчсөн гэж саналаа нэгтгэж байж л УИХ-ын сонгуулийн хуулийг “унагах” боломжтой. Үүнийг нь нөгөө талаас нь харвал гурван гишүүн л Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн санал гаргахад л хуулийн “гулсалт”- хийх заалт урдын адил хүчин төгөлдөр хэвээр үлдэх аж.

ХУУЛИЙН ЭДГЭЭР ЗААЛТ ХЭВЭЭР ҮЛДЭХ НЬ ХЭНД АШИГГҮЙ ВЭ?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрөгч гуравдугаар сарын өглөөнөөс үд хүртэл үргэлжилсэн. Цэцийн шийдвэр гарах хүртэл ямар шийд гаргахыг таамаглах боломжгүй байлаа. Үнэндээ энэ мэтгэлцээн Үндсэн хууль зөрчсөн гэх тал руу хазайлгах боломж олгоогүй юм. Үүнийг бодсон ч Үндсэн Хуулийн Цэц л шийдсэн бол туйлын үнэн гэсэн үг биш юм. Иймд дунд суудлын хуралдааны шийдвэрийг Их суудал нь хэрхэн шийдэхийг хэн ч тодорхойлох боломжгүй байна.

Унагах гээд буй заалтын ач холбогдлыг бодож үзвэл уг нь унагаад байх зүйл биш байлтай. Хуулийн эдгээр заалтыг унагах шийдвэр гаргах нь өнөө хэдэн намын нэрний ард нуугдаж сонгогдох гэсэн хэдэн нөхдөд л ашигтай.

Анх УИХ-ын сонгуулийн хууль батлагдсаны дараа хэн сандарч байсан бэ гэвэл, тойрогт очиж ард түмнээр үнэлүүлэхээс айсан, тэндээс санал авч чадахааргүй, намдаа ч хийж гийгүүлсэн зүйлгүй хүмүүс л байлаа.

Тэдний хүсэхгүй байгаа заалтын агуулгыг харвал харин яагаад  энэ заалтыг унагах гээд байгаад эргэлзэхэд хүрнэ. Тодруулья. Нам бүр 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар гаргана. Эдгээрийн нэг хэсэг нь тойрог дээр сонгогдоно. Нөгөө хэсэгт нь цуглуулсан саналаараа сонгогдох эрхээ олж авах л зүйл. Үүнд, ямар нэг жагсаалтаас нөгөө жагсаалт руу гулгаад байгаа зүйл үгүй. Сонгогчдоос 28 буюу түүнээс дээш хувийн санал авсан бол сонгогдох анхан шатны болзлыг хангаж байгаа хэрэг. Энэ хэмжээний сонгогчдын санал авсан нь намын жагсаалтан дээр байраа эзлээд л сонгогдох гээд байгаа юм. Түүнээс биш хоёр удаа сонгогдох гээд байгаа зүйлгүй. Ингэж л сонгогчдын өгсөн саналаар нь эрэмбэлэх гэдэг нь дэвшилтэт заалтыг оруулж ирэх гэсэн хэрэг. Ингээд нам мэддэг жагсаалтаас илүү сонгогч мэддэг жагсаалт руу шилжүүлчихвэл намынхаа жагсаалтны дээгүүр бичигдээд санаа зовохгүй сонгогдох гэсэн санаатай хүмүүст л сөрөг нөлөөтэй. Түүнээс биш сонгогчдод ямар нэгэн алдаад байх зүйл даанч байхгүй.  Мөн адлагдаад байгаа энэ заалтын ачаар санал хаягддаг зүйл үгүй болох, санал хуваах зорилгоор хуурамчаар нэр дэвшүүлдэг луйврын аргуудыг хаах боломж бүрдэнэ. Одоо энэ боломжийг бүрдүүлэх эсэхийг Цэцийн Их суудлын хуралдаанаас хүлээх л үлдлээ.

Б.МАНД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж