Зургаан хувийн хүүтэй зээл хэнийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн хүүтэй зээл хэнийг баярлуулав

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно хэмээн  Засгийн газар хаваржингаа л хошгирууллаа. Энэ ч худлаа даа гэсэн хэрнээ  иргэд эрхбаригчдын шоунд харин жинхэнээсээ итгэчихэв. Уг нь энэ  зээл бүтэхгүй гэдгийг бүгд л мэдэж байсан  хэрэг л дээ. Бүтэл муутайхан зээл  гэдгийг ч  бүгдээс илүү Засгийн газар  сайн мэдэж байсан биз. Гэхдээ үүнийгээ нуухын тулд ямарч бодлогогүй, бэлтгэлгүйгээр асуудлыг хүчээр шийдэхээр тэд зүтгэж байна.

Бүтэн жилийн турш амны уншлага төдийхөн байсан  хөтөлбөрийг ганцхан сарын дотор хэрэгжүүлэхээр зүтгэх нь үнэндээ бодлогогүй хүнээс л гарах ааш болов уу. Ядаж байхад эдийн засаг нь ийм өндөр инфляцитай байхад яагаад ч иргэд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр 50 сая төгрөгөөр хоёр өрөө байртай болж чадахгүй  нь тодорхой.  Төв банк нь мөнгөний бодлогоо чангалаад байхад зээлийнхээ хүүг хямруулж, эрсдэл үүрэх тэнэг хүн олдохгүй л болов уу. Өнөөдөр арижлааны банкуудын зээлийн хүү жилийн хүү хамгийн багадаа 18 хувьтай байхад шүү дээ.

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард бага, дунд орлоготой иргэдийг байртай болгохоор жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа зарласан. Иргэд ч энэ зээлэнд хамрагдахаар идэвхтэй гүйцгээсэн дээ. Нэг хэсэг нь Үл хөдлөх хөрөнгийн газрын үүдийг сахиж, нөгөө хэсэг нь Орон сууц санхүүжилтийн корпорациар эргэлдэх болсон юм. Үнэндээ жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн буянаар  Үл хөдлөх хөрөнгийн газар л  багагүй мөнгө олсон байх. Өдөртөө 200 хүнд үйлчилдэг байсан тус газрын үүдийг сахих хүмүүсийн тоо 800-д хүрч, нэг хүнээс 5500 төгрөг авдаг байсан гэхээр чамгүй ашиг олсон байгаа биз.

Анхнаасаа л энэ зээлд хамрагдах боломжтой хүн тун цөөхөн гэдэг нь тодорхой байсан. Зээл олгох журамд тусгасан нөхцөлүүдийг нь хараад л хэр баргийн хүн жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болж чадахгүй юм байна гэсэн ойлголттой  болчихсон юм.   Анх удаа байр авч байсан гэдэг тодорхойлтоор аав ээжийнхээ байранд толгой хорогдож байсан мянга, мянган залуусын “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”, зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болох боломж ийнхүү хязгаарлагдчихсан. Харин дараагийнх хаалт нь байртай болох гэсэн  бага, дунд орлоготой иргэдийн сарын орлого нь 790 мянган төгрөг байх ёстой гэсэн заалт.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 140 мянган төгрөг байгаа шүү дээ. Цаашлаад байрныхаа үнийн зөрүүг иргэдээ өөрөө төлнө гэсэн албаны хүмүүсийн ярицлагаас харахад Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр хэнд бэлэг бариад байгааг нь ойлгомжгүй болсон доо. Өнөөдөр орон сууцны метр квадрат нь хамгийн багадаа нэг сая 400 мянган төгрөг гээд тооцвол бага, дунд орлоготой иргэдэд дор хаяж 20-30 сая төгрөгийн урьдчилгаа мөнгөтэй  байх шаардлагатай болох юм. Тэгэхээр  энэ зээлээр иргэд байртай болох нь бараг л худлаа гэдэг нь  тодорхой болчихоод байна. Энэ мэт ойлгомжгүй, боломжгүй олон асуудлаас болоод иргэд энэ зээлэнд эргэлзээх болоод буй.

Өнөөдөр байрны үнэ өнгөрсөн жилээс бараг нэг дахин өсгөсөн буруутан нь төр. Ахмадын, төрийн албан хаагчдын, “100 мянган айлын орон сууц” гэх элдэв хөтөлбөрийн хүрээнд барилгынхан байрныхаа үнийг хөөрөгдсөөр ирсэн, хөөрөгдсөөр ч байгаа. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох сургаар барилгын компаниуд сарын дотор байрныхаа үнийг метр квадрат тутамдаа 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Төрийн ордонд болсон барилгачдын зөвлөгөөнөөр Ерөнхий сайд өөрөө баталсан шүү дээ. Тэрчлэн уг зээлтэй холбоотой олон шийдвэрлэгдээгүй асуудал байна.

Тухайлбал, 50 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгаас захиалбал зээл өгөхөө Засгийн газар амлаад байгаа. Гэтэл зээлийг нь одоо урьдчилж өгөх юм уу, эсвэл  ашиглалтад орсоны дараа өгөх үү гэдэг нэг асуудал байна. Хэрэвзээ урьдчилж зээл өгнө гэвэл захиалагчийн авсан зээлийн хүүг барилгын компаниуд төлөх хэрэг гарна. Мөн  захиалагч зээлээ урьдчилж аваад барилгын компанидаа өгчихсөн хойно барилга нь хугацаандаа ашиглалтад орохгүй байвал яах вэ. Үүнийг  хэн хариуцаж, яаж шийдвэрлэх вэ. Эцэст баахан зээлийн хүү төлсөн захиалагч нар л хохироход хүрвэл яана. Энэ мэтээр олон асуудлыг Засгийн газар яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа.

Саяхан даа,  жилийн зургаан хувийн хүүтэй зээлд иргэд эхнээсээ хамрагдаж эхэллээ гээд л Засгийн газрын тэргүүн зарим хүмүүст батламж гардуулаад байсан нь бас нэгэн хошгируулалт бололтой. Төрийн банкаар олгож байгаа гэх уг зээлд хамрагдахыг хүссэн бага, дунд орлоготой иргэдээс барьцаа хөрөнгө шаардаж байгаагаа ч тус банкны эдийн засагч нь ярьсан байна лээ. Нэг өрөө байх авах хүн нэг өрөө байр барьцаанд тавих ёстой гэнэ. Тэгэхээр анх удаа байр авч байгаа бага дунд орлоготой иргэдэд барьцаанд тавих байр хаанаас байх билээ. Ах, дүү хамаатан садан нь хэн нэгний насан туршийн өрөнд өөрийнхөө гэрийг барьцаалахыг зөвшөөрнө гэж үү. Тэгэхээр  “100 мянган айлын орон сууц”, зургаан хувийн хүүтэй зээл Засгийн газрын молиго байжээ.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж