Өнгөрсөн бямба гарагт МСБХ-ны 17 дахь удаагийн дээд лигийн тэмцээний “Бүх одод”-ын тоглолт явагдсан нь плей-офф эхлэх цаг ирсний дохио болж өгсөн. Энэ шатанд багуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрдэг учраас үзэгчдийн тоо ч асар их байдаг. Харин өчигдөр Спортын төв ордонд плей-оффын тоглолт эхэлсэн байна. Эхний тоглолт “Харцага” болон “Хасын хүлгүүд” багийн хооронд болж, төвийн тоглогч хүчний довтлогчдоо түлхүү ашигладаг “Харцага”-ын эсрэг “Хүлгүүд”-ийн хийх хамгаалалт тун сонирхол татаж байсан юм. Ялангуяа лигийн тэргүүн тоглогч Г.Одбаяр дээр хийсэн Кимарли Уилльямсын хамгаалалт тун үр дүнтэй болж байсан юм. Улмаар тоглолтын хувь заяа дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдсэн бөгөөд “Хүлгүүд”-ийн М.Отгонмөнх шийдвэрлэх үед холын зайн шидэлт хийж, туршлагатай довтлогч Ш.Сэдбазар оновчтой оролт, дамжуулалтуудыг хийснээр “Хүлгүүд” үндсэн цагт 75:69 харьцаатай “Харцага”-ыг буулган авч, цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэлсэн байна.
Дараагийн тоглолт “Офицерүүд” болон “Баянзүрх Буллс” багийн хооронд өрнөлөө. Харамсалтай нь, тоглолт дөнгөж эхэлмэгц “Офицерүүд” багийн гол тоглогч Батбямба өвдгөндөө гэмтэл авч тоглолтыг орхисон юм. “Буллс”-ын хувьд Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал төвийн тоглогч н.Болортулгыг гараанд гаргасан нь маш зөв шийдвэр байсан гэхэд болно. Түүний нэгдүгээр үед авсан ээлж дараалсан оноонууд багтаа 10 гаруй онооны давуу байдлыг авчирсан байна. Эхний хагасын төгсгөлд “Офицерүүд”-ийн бас нэг тоглогч тоглолтыг орхисон нь М.Бадрах байлаа. Тэрбээр хоёрдугаар үеийн төгсгөл хувийн алдаа тав болж, тоглолтоос гарсан юм. Улмаар Дэн Хадлэй, Рафаэл Харрис нар энэ үед амжилттай довтлож тооны харьцааг холдуулж байсан юм. Гэхдээ “Офицерүүд” сүүлийн хагаст эргэн ирэлт хийсэн. Ялангуяа н.Өсөхбаяр, А.Од , Күэнтин Пэтин нарын тоглолт орж, тооны зөрүүг арилгаснаар барахгүй тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Харин тоглолтын төгсгөлд “Булсс”-ын Ц.Азбаяр сайн байж багтаа чухал оноонуудыг авчирсан байна. Ингээд тоглолтын үндсэн цагт 75:69 харьцаатай “Баянзүрх Буллс” ялалт байгуулсан байна. Цувралын дараагийн тоглолтууд лхагва гарагт 18.00 цагт Спортын төв ордонд эхэлнэ.