АХБ-наас авах зээлийг нягтлахаар болов

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

АХБ-наас авах зээлийг нягтлахаар болов

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Улаанбаатар хотод өнөөдөр 1.5 сая иргэн амьдарч байгаагаас 600 мянга гаруй нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Мөн тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөх болсон. Нэг үгээр хэлбэл хүн амын нягтаршил, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор авто замын сүлжээг сайжруулж шинэ дэд бүтэц төлөвлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна.  Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банк/АХБ/-тай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгаад байна.

Энэхүү хөрөнгөөр Энхтайвны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км замд нэвтрүүлэн, тусгай замын автобус 146 ширхэгийг худалдан авах аж. Басхүү цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэн, нийт 12.3 км замыг засч өргөтгөн, троллейбусны 45.2 км замын дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Нийтийн тээврийн автобусны маршрут тодорхойгүй, дуртай газраараа зам товчлон явдаг. Замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, хаагуур ч хамаагүй дайрч ордог энэ хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохын тулд Нийслэлийн нийтийн тээврийн газар хэрхэн ажиллаж арга хэмжээ авдаг талаар тодруулсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгийн  хэлснээр бол Улаанбаатар хотын хэмжээнд 130-аад чиглэлд том оврын автобус үйлчилгээ үзүүлж байгаагаас 70 хувь нь хотын төв зам дагуу зорчдог. Хөдөлгөөний ачааллаас болоод автобус нь нийт эргэлтийн хугацааныхаа 40 хувийг түгжрэлд алддаг. Ийм үед зарим жолооч цагт баригдан зам товчлох зэргээр маршрут зөрчдөг. Аль болох ийм зөрчил гаргахгүй байхыг автобус компаниудад мэдэгддэг” гэсэн хариулт өгч байв.  Мөн хэлэлцүүлгийн үеэр гишүүд Монгол Улсын гадаад өр нэмэгдсээр байхад дахин зээл авах нь эрсдэлтэй. Тэр тусмаа АХБ-наас авах гэж байгаа энэ удаагийн зээл арилжааны нөхцөлтэй. Ингэснээр өмнө нь авч байсан зээлээс нөхцлийн хувьд хатуу. Тодруулж хэлбэл, өмнөх зээлийг 40 жилийн хугацаатай авч байсан бол энэ удаагийнх 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн хүүгээс чөлөөлөгдөх хугацаа урьд өмнөхөөс хоёр дахин бага буюу 4 жилийн хугацаатай байна гэж анхааруулж байлаа.

Эцэст нь эл асуудлыг хоёр байнгын хорооноос ажлын хэсэг томилон асуудлыг нухацтай судлуулаад дахин хуралдаж, хамтарсан дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж