Асашёорюү Болгарт чөлөөт бөхийн арга хэмжээнд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Асашёорюү Болгарт чөлөөт бөхийн арга хэмжээнд оролцов

Монголын чөлөөт бөхийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Болгар улсын чөлөөт бөхийн холбооны урилгаар Софи хотноо дөрөвдүгээр сарын 18-нд болсон чөлөөт бөхийн холбооны 80 жилийн ойн арга хэмжээнд  оролцжээ.

Арга хэмжээний үеэр их аварга Д.Дагвадорж тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн холбооны төлөөлөгчид Болгарын Засгийн газрын гишүүн, Биеийн тамир спорт, залуучуудын сайд Свилен Нейков, Дэлхийн бөхийн холбооны Ерөнхийлөгч Рафиаел Мартинети, Болгарын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Валентин Йорданов зэрэг хүмүүстэй уулзсан байна. Мөн Болгарын чөлөөт бөхийн холбоог үүсгэн байгуулагч, манай улсад чөлөөт бөхийн спортыг үүсгэн хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гавьяат үйлстэн Райко Петровын хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцож, хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Болгарын спортын шинэ төв ордонд эхэлсэн Европын 37 орны 350 гаруй бөхчүүд оролцсон олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцов.

Д.Дагвадорж Болгарын чөлөөт бөхийн холбооны удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үеэр Лондонгийн олимпод оролцох Монголын чөлөөт бөхийн багийн тамирчдыг Софи хотноо ирүүлж, болгарын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэхээр тохиролцжээ.  

Түүнчлэн манай чөлөөт бөхийн багийн тамирчдын бэлтгэл, Лондонгийн олимпид оролцох асуудлаар Софи дахь манай улсын ЭСЯ-тай хамтран ажиллах талаар тус яаманд зочлох үеэрээ харилцан ярилцсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж