“Эсрэг дурлал” хоёр бүрэлдэхүүнээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Эсрэг дурлал” хоёр бүрэлдэхүүнээр тоглоно

Дэлхийн анхны роман хэмээгддэг Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бичсэн зохиолоор бүтээж буй “Эсрэг дурлал” драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа тавих гэж байна. “Гэнжийн дурлал” буюу “Эсрэг дурлал” жүжгийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон талаараа театрын уран сайхны зөвлөл, уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийхэнд мэдэгдлээ.

Дэлхийн анхны роман гэдэг уг зохиолыг монгол хэлнээ О.Жаргалсайхан орчуулсан. Харин Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, зохиолч Б.Галаарид эл зохиолыг жүжгийн хэлбэрт оруулан бичжээ.Тэрбээр 2006 онд “Суудал” түүхэн жүжиг, 2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг хүргэж байсан бол энэ онд ийнхүү  “Эсрэг дурлал” жүжгийг үзэгчдэдээ хүргэж байгаа юм. Зохиолч Б.Галаарид энэхүү жүжигтээ мөн продюсерийн үүргийг давхар гүйцэтгэжээ.

“Гэнжийн туульс” роман нь Япондоо “Монголын нууц товчоо”-той  дүүцэхүйц бүтээл аж. Япон хүн бүр энэхүү туульсаа мэддэг, маш их хайрладаг бөгөөд дэлхийн 30 орнод орчуулагдсан дэлхйи даяар хайр дурлалын романы хамгийн ахнынх гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бүтээл нь аж. Япондоо мюзикл хэлбэрээр болон уран сайхны кино, хүүхэлдэйн кино зэрэг олон төрлөөр бүтээл туурвил хийж байжээ. Харин манай уран бүтээлчид үүнийг эх орондоо драмын жүжиг хэлбэрээр амилуулахаар болсон нь энэ төрлийн хувьд анхдагч нь болж байгаа аж. Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэхүү жүжгийг тавьж байгаа юм. Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ.

Өрнийн болоод дорнын сонгодог бүтээлийг хийх хувьтай найруулагч хэмээн өөрийгөө тоох болсон хэмээн эл жүжгийн найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж эл хэвлэлийн хурлын үеэр яриагаа эхэлсэн юм. Учир нь тэрбээр Уильям Шекспирын жүжгийг, Ардын уран зохиопч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэгийн жүжгийг, Хятадын зохиолчийн жүжиг болон Японы жүжгийг найруулах хувь тохиол олдсонд баяртай байгаа гэнэ.

Тэрбээр “Монголын урлаг бол өрнө дорнын уулзвар дээр хөгжиж ирсэн их онцлогтой. Дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа тавин үзэгчдийн хүртээл болгосон 80 жилийн  уламжлалтай. Харин Япон улс бол театрын олон зуун жилийн уламжлалтай үндэсний бахархал нь болтлоо хөгжсөн театртай улс. XXI зуунд Японы театр дэлхийн театрын урлагтай мөр зэрэгцэн хөгжиж яваа том үндэстэн. Японы энэ жүжгийг Монголын театрт тавина гэдэг бол их нарийн эмзэг, хариуцлагтай зүйл хэмээн уран бүтээлчид бид бодсон. Яг Японы өөрийнх нь дэг жаягаар тавина гэвэл бид барахгүй. Бид дэлхийн сонгодог жүжгүүдийг толилуулж байсан тэр 80 жилийн уламжлал, туршлага, дэг жаяг дээрээ түшиглэж энэхүү жүжиг дээр ажилласан. Японы элчин сайдын яамнаас бидэнд зөвлөх ажилласан. Тэр зөвлөх маань “Монголчууд Япон жүжгийг ингэж Монгол үндэстний өнцгөөс харж хийнэ гэдэг бол маш сонирхолтой ажил боллоо. Үүнийг Японы ард түмэнд үзүүлэхэд маш сонирхолтой бүтээл бол чадсан хэмээн хэлсэн. Юмыг яаж мэдэхэд манай уран бүтээлчид Японд очиж тоглохыг үгүйсгэхгүй” гэлээ.

“Эсрэг дурлал” жүжгийн хоёр бүрэлдэхүүн тайзнаа тоглож үзэгчдийн хүртээл болгох нь ээ. Энэ сарын 27-нд 19.00 цагт эхний бүрэлдэхүүн жүжигчид “Эсрэг дурлал” жүжгийн нээлтээ хийх бол 28-нд нөгөө жүжигчдийн бүрэлдэхүүн нээлтээ хийх гэж буйгаараа их онцлог гэнэ. Уг жүжгийн  хяналтыг үзсэн мэргэжлийн экспертүүд, найруулагч, судлаачид уг хоёр бүрэлдэхүүнийг аль аль нь сонирхолтой, жүжигчний ур ажиллагааг шингээж чадсан бүрэлдэхүүнүүд болж чаджээ хэмээн тэмдэглэсэн учраас ийнхүү хоёр бүрэлдэхүүнээр “Эсрэг дурлал” жүжиг үзэгчдийн хүртэх юм байна. Маш богино хугацаанд буюу гурван сарын турш бэлтгэл сургуулилт хийн тайзнаа амилж буй уг жүжгээр дамжуулан үзэгчдийн өмнө дахин нэг шинэ ертөнц нээгдэнэ хэмээн УДЭТ-ын уран бүтээлчид баяртай байгаагаа дуулгалаа.

“Эсрэг дурлал” жүжгийн Гэрэлт Гэнжид жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир, хаанд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүнйи ажилтан М.Түвшинхүү, Фүжицүбо хатанд Соёлын тэгүүний аижлтан С.Отгонцэцэг, залуу жүжигчин Д.Ганцэцэг, их хатанд гавьяат жүжигчин Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, нэгдүгээр шивэгчинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, хоёрдугаар шивэгчинд жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, үзэсгэлэнт бүсгүйд Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тогложээ.

Уг жүжиг хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлдэг байна. Техник технологи бүх зүйл хувьсан өөрчлөгдөж хөгжлийнхөө оргилд хүрэхэд ойрхон байна гэгдэж байхад хайр сэтгэл харин мянган жилийн өмнөх яг тэр л хэвээрээ ажээ.

Нээтийн тоглолт энэ сарын 27-28-нд 19.00 цагт хоёр өдөр болох бөгөөд 29-нд, болон ирэх тавдугаар сарын 4, 5, 6, 11, 13-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа “Эсрэг дурлал” амилах нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж