“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг хэзээ гаргах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг хэзээ гаргах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ үеэр эрхэм гишүүд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргах ажил чухам ямар шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй хойшлогдсоор байгаад товч тодорхой хариулт өгөхийг хүссэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы тайлбараар бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын биржид арилжихын тулд нэн тэргүүнд Үнэт цаасны тухай хуулийг заавал баталсан байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэж эрх баригчид тодроод байгаа ч наад зах нь олон улсад IPO гаргахад баримтлах бодлогын хууль нь батлагдаагүйгээс энэ ажлыг зохион байгуулахад бэрхшээл тулж буй.

Дээрх тайлбарыг сонссон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэдгийг 2007 оны үеэс л ярьсан. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д оруулж ирээгүй байна. Тэгэхээр энэ ажлыг хариуцаж буй Санхүүгийн зохицуулах хорооныхон яагаад энэ хугацаанд сэтгэл гаргаад УИХ-ын гишүүдтэй уулзаж, бодит байдлаа хэлсэнгүй вэ. Нэг зам нь болохгүй бол нөгөө замыг нь сонгоод явах ёстой. Яагаад зөвхөн Засгийн газрыг харж цаг алдаж суугаад байна вэ” хэмээн зэмлэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Одхүү стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжина гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгаад хариулт өгөхийг шаардав.

Энэ асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Одоогийн байдлаар стратегийн ордоос зөвхөн “Багануур” компани л дотоодын биржээр хувьцаагаа арилжиж байгаа. Дараагийнх нь “Эрдэнэс Тавантолгой” компани болох учиртай. Одоогоор бэлтгэлээ хангаж байгаа. Бусдад нь бид шахалт үзүүлэхээс цаашгүй байгаа” гэж хариулсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж