Францын дараагийн ерөнхийлөгч хэн бэ? | News.MN

Францын дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Францын дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар Ерөнхийлөгч Николя Саркози 27,08 хувийн санал авсан бол социалист Франсуа Олланд 28,61 хувийн саналаар тэргүүлсэн талаар дэлхийн хэвлэл мэдээлэл мэдээлж байна.

Франц улс 1965 оноос хойш ерөнхийлөгчөө бүх нийтийн сонгуулиар сонгодог болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр үе шаттай байдаг бөгөөд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч нь 14 хоногийн дараа ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө. Францын ерөнхийлөгч маш хүчтэй эрх мэдэлтэй байдаг  нь тус улс ерөнхийлөгчийн засаглалтай гэдгийг гэрчилдэг юм.

Төрийн эрх барьж байгаа ерөнхийлөгч анх удаа зүүний сөрөг хүчний нэр дэвшигчээс бага санал авсанд шинжээчид магадгүй Н.Саркозийн даруу байдал Ф.Олландын саналын хувийг нэмэхэд нөлөөлсөн байх үзэж байна.

Ирэх тавдугаар сарын 6-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Николя Саркози болон Франсуа Олланд нар “хүч” –ээ үзнэ. Харин тэр хүртэл Ерөнхийлөгч Саркози  “Үндэсний Фронт” намын тэргүүн Марин Ле Пенийг сонгосон сонгогчдын саналыг авах талаар ажиллаж чадах уу гэдэг асуудал тавигдаад байна.

Марин Ле Пен ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны өмнөх сурталчилгааны үеэр сонгогчдод сюрприз барина хэмээн амласан билээ. Өмнө нь парламентад нэг суудал авч байгаагүй “Үндэсний Фронт” намаас нэр дэвшсэн тэрээр 18,05 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн юм.

Түүнчлэн зарим шинжээчдийн үзэж байгаагаар Ф.Олланд сонгуульд ялж магадгүй гэж хүмүүс бодож байгаа ч Н.Саркози ялах магадлал их байгаа гэнэ. Учир нь барууны “Үндэсний Фронт”  намаас нэр дэвшсэн Марин Ле Пенд саналаа өгсөн хүмүүс одоо Ерөнхийлөгч Саркозид саналаа өгөх нь дамжиггүй гэжээ. Учир нь Саркози одоо үндэсний үзэл болон цагаачдын эсрэг байр сууриа илэрхийлж байгаа юм.

Харин ямар нэгэн гайхамшиг тохиолдож, Ф.Олланд сонгуульд ялсан тохиолдолд француудад өөрсдөд нь болон Франц улстай харилцах Европын орнуудын харилцаанд илүү тааламжтай нөхцөл байдал бий болно гэжээ. Мөн Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн эдийн засгийн байдалд нөлөөлсөн бөгөөд Олландыг дэмжсэн хүчин эдийн засаг өснө гэж тооцож байгаа учир хөрөнгө оруулагчдын дунд Олландыг дэмжих хандлага байгаа гэнэ.

Дашрамд Францад ерөнхийлөгчөө улираан сонгож байсан бөгөөд 1995 онд сонгогдсон Ерөнхийлөгч Жак Ширак 2002 оны сонгуулиар дахин сонгогдож, 2007 оны сонгуулиар сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Н.Саркозид албан тушаалаа өгсөн билээ. 1995 оны парламентын сонгуулийн дүнгээс болж Жак Ширак  өөрийн гол өрсөлдөгч Социалист намын тэргүүн Л.Жомпиныг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн томилж байжээ.

Ер нь парламентын олонх суудлыг нь ерөнхийлөгчийн нам эзэлж байх юм бол  ерөнхийлөгчид  санаа зовох зүйл байдаггүй гэнэ. Харин ерөнхийлөгчийн сөрөг хүчин нь парламентад олонх болох тохиолдол байдаг. Энэ үед ерөнхийлөгч парламентаас дэмжлэг авахын тулд сөрөг хүчнийхээ  лидерийг ерөнхий сайдад нэр дэвшүүлж томилох нь байдаг ажээ. Ерөнхийлөгч  ерөнхий сайдыг томилох үүрэгтэй  байдаг юм байна. Хэдийгээр ерөнхийлөгч хэнийг ч дэвшүүлэх эрхтэй ч гэсэн  ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Үндэсний Ассамблейн (Францын парламент) гишүүдийн олонх нь дэмжсэн байх ёстой. Тиймээс ерөнхийлөгч парламентаас дэмжлэг авч чадна гэсэн тооцоотойгоор ерөнхий сайдын нэрийг  дэвшүүлдэг байна.

Н.Тунгалаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Vive la France, Vive la République! 2012-04-24 182.160.59.176

Vive la France, Vive la République!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж