-Хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Одоогоор тариалалт хийхийн тулд машин тоног, төхөөрөмжийн техникийн засвар 76 орчим хувьтай байна. Өмнөх жилтэй харьцуулахад техникийн засвар харьцангуй бага байгаа.
Энэ нь сүүлийн гурав, дөрвөн жил техникийн шинэчлэл хийсэнтэй холбоотой. Сэлбэгийн хангамжийн тухайд хангалттай гэж хэлж болохоор. Эхний ээлжийн сэлбэгийн нийлүүлэлт дууссан. Дараагийн шатны сэлбэгийг татан оруулж, борлуулж байна.
-Тариалалтын үрийн нөөц бэлэн болсон уу?
-Жил жилийн хаврын тариалалтын үндсэн асуудал бол үрийн болон түлшний асуудал юм. Эдгээр нь хэвийн бэлтгэлтэй бол тариалалт амжилттай болдог. Үр тарианы, улаан буудайны нөөц энэ жил 50 орчим мянга тонн шаардлагатай байсан.
Үүнийг бүрдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд 42 орчим мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Үүн дээр нэмээд бид Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын үрийн нөөцөөсөө хангана гэсэн төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл энэ жил гаднаас үр авах шаардлагагүйгээр дотоодын үрийн нөөцөөрөө хангах чадах нь. Өнгөрсөн жил ч бид 100 хувь дотоодынхоо үрээр тариалалтаа хийж байсан.
Шатахууны асуудлын тухайд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад тариалалтад зарцуулах шатахууны 50 хувийг урьдчилан нийлүүлж байгаа.
Үлдсэн 50 хувийг намар ургац хураасны дараа нөхөж олгодог. Энэ нь тариаланчид төрөөс томоохон дэмжлэг авч чадаж байгаа хэрэг юм.
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил тариалалт хэр өгөөжтэй байх бол?
– Хаврын тариалалт өнгөрсөн жил цаг агаар болон шатахууны хомсдолоос үүдэн зургадугаар сарыг гартал сунжирсан. Харин энэ жилийн тухайд үр тариа болон шатахууныхаа асуудлыг цэгцэлсэн учир цагтаа дуусах байх гэсэн хандлагатай байна.
Энэ жилийн хаврын тариалалтыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эерэг тал байна. Хур тунадасны хувьд нийт тариалангийн бүс нутгаар орох төлөв ажиглагдсан. Ерөнхийдөө цаг уурын таатай нөхцөл байна.