Байгуулагдсанаасаа хойш 40 гаруй жил болсон тус музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт хамгаалалтыг хяналтын хуудсаар шалгахад 37.7 хувь дунд эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Соёлын өвийг хамгаалах тухай Монгол Улсын стандартын хэрэгжилт 62.1 хувь буюу өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн музейн сан хөмрөгийг хулгайд алдаж цагдаагийн байгууллагаар шалгаруулсан ч хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгож байжээ. Энэ мэтээр музей зориулалтын байргүй, харуул хамгаалалт сул зэргээс үүдэн сан хөмрөг устаж үгүй болох аюул нүүрлэж байна хэмээн үзжээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Түүх соёлын түүхийн дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавина” гэж заасан. Мөн Монгол Улсын стандартын 7 дугаар зүйлд “Сан хөмрөгийг даатгалд хамруулна” гэсэн заалтуудын хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон байна. Цаашид тус музей сан хөмрөгөө даатгалд хамруулахад шаардагдах эх үүсвэрийг шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргажээ.