мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа
өнгөрлөө.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк, Капитал банкаар дамжуулан иргэдэд
зээл олгож байна. Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд эхлээд барилгын
компанитай гэрээ хийсэн байх шаардлагатай. Дараа нь гэрээгээ Орон сууцны
санхүүжилтийн корпорацид өгнө. Харин корпораци Төрийн банк, Капитал
банк руу шилжүүлснээр иргэн зээл авах боломжтой болно. Гэхдээ банк
өөрийн шаардлагыг тавьж байгаа.
Энэ талаар Төрийн бакны эдийн засагч Н.Нэргүйгээс тодруулсан юм.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд танайд хандаж байна уу?
-Сүүлийн үед ихээр хандах болсон. Гэхдээ манайх одоогоор ганцхан газар
иргэдийг хүлээж авч байгаа. Тодруулбал, Бөмбөгөр худалдааны төвөөс
баруун дөрвөн зам орох замд нэг урсгалтай зам бий. Иргэд бөмбөгөрийн нэг
урсгалтай зам ч гэж ярьдаг. Тэнд манай банкны салбар байрлаж иргэдэд
үйлчилж байна.
-Танайд хандахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Эхлээд Орон сууцны санхүүжилтийн корпорацид гэрээ хийсэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд тус корпорацид өгсөн
байх ёстой. Тэндээс манайд шилжиж ирдэг.
-Орон сууцны санхүүжилтийн корпорацид ямар бичиг баримт бүрдүүлж өгсөн байх ёстой вэ?
-Барилгын компанитайгаа байр авах гэрээ хийсэн байх ёстой. Үүний тулд
барилгын компанид авах байрныхаа үнийн 5-10 хувийг төлсөн байх
шаардлагатай. Тодруулж хэлбэл, 50 сая төгрөгийн байр авч байгаа иргэд
хамгийн багадаа таван сая төгрөг төлж байж гэрээ хийгдэж байгаа. Ингээд
Орон сууцны санхүүжилтийн корпорацид хандана. Гэхдээ барилгын компанитай
хийсэн гэрээнээс гадна урьд өмнө нь орон сууц авч байгаагүй гэсэн
лавлагааг УБЕГ-аас авч байгаа. Тэгээд зээл авах банкаа сонгоод
корпорацид өгнө.
-Тухайн иргэний бичиг баримт корпорациас хэд хоногийн дараа банкинд шилжиж ирж байна?
-Ажлын 3-5 хоногийн дотор ирнэ.
-Банк зээл олгохдоо ямар бичиг баримт шаардах вэ?
-Дээд хэмжээ болох 50 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаагаар авах
гэж байгаа бол хамгийн наанадаж гэр бүлийн орлого 700 мянган төгрөгөөс
дээш байх ёстой. Үүнийг нэг хүний орлого гэж ойлгож болохгүй. Гэр бүл
хэдэн гишүүнтэй гэх мэтээс хамаараад янз бүр байгаа. Тиймээс өрхийн
орлогоо тодорхойлж ирээд эдийн засагчтай уулзаад зөвлөгөө авах хэрэгтэй.
-Энэ зээлд хамрагдахын тулд иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Манайх зээлээ барьцаа хөрөнгөтэй олгож байгаа. Өөрөөр хэлбэл, нэг өрөө
байр авах гэж байгаа бол заавал нэг өрөө байр барьцаалж байж зээл
олгоно. Үүнд иргэд их бухимдаж байгаа. Дээрх төсөл хэрэгжих үед барьцаа
хөрөнгө шаардахгүй гэсэн байгаа. Гэхдээ манай банк эрсдлээ бодоод
барьцаа хөрөнгө шаардаж байгаа. Гэхдээ тухайн иргэний байраа захиалсан
барилгын компани манай компанитай гэрээтэй бол барьцаа хөрөнгө
шаардахгүй.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин