борлуулж буй махны үнийг өнөөдрийн 12:20 цагийн байдлаар сонирхуулж
байна.
Мах үйлдвэрлэгчдийн холбооноос махны ханш сүүлийн өдрүүдэд кг тутамд
200-300 төгрөгөөр хямдрах хандлагатай байна гэж мэдээлж байна. Гэхдээ
хямдраад хямдраад хамгийн үнэтэйд тооцогдож байгаа үхрийн шинэ махны үнэ
нэг кг нь 6500 төгрөгөөс доош орохгүй байх гэсэн таамгийг тус холбооны
гүйцэтгэх захирал М.Лхачинбал хэллээ.
Өнөөдөр махны үнэ арай л дэндэж байгааг хэн хүнгүй ярьж буй. Үүнийг
эдийн засагчид, улстөрчид янз бүрээр тайлбарлаж байгаа. Инфляцийн
галзуурлыг гааруулахад гол нөлөөтэй махны үнийн өсөлтөд төрийн зүгээс
зөв зохицуулалт хийнэ гэж горьдож, найдах хэрэггүй. Ийм үед иргэн бид л
өөрсдөө ямар нэгэн арга саам хэрэглээд үзэх шаардлагатай тулгарч байх
шиг.
Тиймээс урин дулааны улирал айлчилж, шинэ махтай залгасантай уялдуулан
“Mongolian Economy” сэтгүүлийн редакциас дараах уриалгыг гаргаж байна.
Эдийн засгийн ухаанд эрэлт багасвал үнэ буурдаг жамтай. Энэ л зарчмын
дагуу бид ялангуяа хонь, үхрийн мах идэх эрэлтээ багасгавал махны үнэ
шалдаа бууна гэж үзэж байна. Тэгээд ч махны үнэ дээр шат дамжлага
дагасан мах худалдан борлуулагчдын зохиомол үнийн өсөлт их бий гэж
манайхан ярьдаг.
Тэгвэл хэрэглэгчид бидэнд үүнийг шалгах боломж бас байгаа юм. Ганц сар
малын мах идэхгүй гүрийгээд үзье л дээ. Тахиа, шувууны мах, өндөг, шар
буурцаг гээд малын махыг орлох харьцангуй хямд үнэтэй хүнсний
бүтээгдэхүүн цөөнгүй бий учраас хэд хоног махнаас татгалзахад болохгүй
зүйлгүй. Адаглаад бие хөнгөрөөд, эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Өвлийн
улиралд бол махны борлуулалт гэнэт "царцанги" байдалд орчихвол наймаачид
байдлыг ажиглаж, долоо хоног үнээ буулгахгүй гүрийж үзэх л байх. Ямар
мах нь муудчих нь гэх юм биш. Харин урин дулааны улиралд нойтон махны
борлуулалт хоёр хоног зогсонги байдалд ороход эвгүйднэ шүү дээ. Махаа
зүгээр хараад өмхийрүүлэхийг хүсэх худалдагч гэж хаана байх билээ.
Бид махны үнээс нэг зүйлийг ажих хэрэгтэй байх. Үхэр, хонины мах үнийн
өсөлтийг байнга тэргүүлж буй. Энэ төрлийн махны эрэлт хэрэгцээ
харьцангуй өндөр байдгийг илтгэх статистик ч байдаг. Өөрөөр хэлбэл, их
эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт яваад байгаа гэсэн үг. Үхэр, хонийг өвсөөр
биш талхаар тэжээж, сүүтэй цайгаар ундаалаагүй л байлтай. Гэтэл үхэр,
хонины мах л бусдаасаа өндөр үнэтэй байна шүү дээ.
Тиймээс монголчуудаа тэнгэрт гарсан махны үнийг бууруултал хэдэн сар биш
юм аа гэхэд хэд хоног махнаас гарцгаая гэж уриалъя. Нөгөө талаар үүнийг
далд эсэргүүцэл ч гэж нэрлэж болох юм. Эцсийн эцэст эдийн засгийг
бүрдүүлж буй олон нийтийн сэтгэл зүй, эд хөрөнгө, эрэлт, нийлүүлэлт дээр
тоглосон махны ченж гэх хэсэг этгээдийг бид хөөрхөн дөнгөх арга бол
ердөө л худалдан авах үйл ажиллагаагаа "царцаагаад" үзэх.
Хэдийгээр олон улсын туршлагад ийм зүйл байхгүй ч бидэнд ийм нэг
тэмцлийн арга л байна. Бензиний үнэ шат дараатай хямдраад хэдэн сарын
өмнөх үнэдээ очсон ч махны үнэд өчүүхэн ч өөрчлөлт орсонгүй. Хэрвээ
иргэд энэ аргыг амжилттай хэрэгжүүлбэл бензиний үнийг дагаж өсчихөөд
буурдаггүй "муухай зантай" өргөн хэрэглээний олон барааны үнийг
"ногт"-лох гарцтай болох юм.