“Хааны биш харцын дүрд тогломоор санагддаг”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Хааны биш харцын дүрд тогломоор санагддаг”

Чингис хааны дүр бүтээсэн олон жүжигчин байдаг. Тэдний нэг нь БНХАУ-ын нэгдүгээр зэргийн жүжигчин Б.Баасанжав юм. Тус улсад нэгдүгээр зэргийн жүжигчин болно гэдэг манайхаар ардын жүжигчин гэсэн үг аж. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт болсон “Аравт” киноны нээлтэд оролцохоор ирсэн байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр сэтгэл нь их догдолсон бололтой бидний асуултад хариулахдаа нэг их түгдрэлгүй аль болох товчхон хариулж байв. Үүгээрээ өөрийгөө олон таван үггүй хүн гэдгээ ч илтгэх шиг болсон.

Түүнийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол, Хятадын найрамдлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж соёл урлаг болон найрамдлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Алтан гадас одон гардуулсан юм.
 
-Сайхан кино болж. Юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа. Би ч гэсэн анх удаа үзэж байна. Ийм сайхан уран бүтээл бий болгосон нь хамтран ажилласан уран бүтээлчдийн минь ач юм. Энэ кино үзэгч та бүхэнд таалагдсан бол түүнд оролцсон бидний хүсэл биелж байгаа нь тэр.

-Та энэ кинонд тоглох болсон түүхээ сонирхуулаач?

-Кино найруулагч залуу хэн билээ.

-Д.Золбаяр уу?

-Аан тийм. Энэ залуу манай нутагт очиж надад хамтран ажиллах санал тавьсан юм. Хамт тоглох гэж байгаа жүжигчид болон зохиол, найруулга нь түүний ярьсанчлан миний сэтгэлд тодоор төсөөлөгдсөн болохоор дуртай зөвшөөрсөн. Эдгээр уран бүтээлчидтэй анд барилцаж цаашдаа танай нутгийн олон жүжигчинтэй хамтран ажиллахыг хүсч байна. 

-Би таныг “Чингис хаан”-ы дүрд тоглох болсон түүхийг тань сонирхмоор байна. Энэ дүрээр үзэгч бид таныг төсөөлдөг юм?

-Их сонин тохиолдол байсан л даа. Анх Зэвийн дүрд тоглох байсан юм. Тухайн үед Чингисийн дүрд олон хүн шалгуулсан болохоор би ч оногдсон дүрээ л сайн гаргая бусад руу шунаад яах вэ гэсэн бодол өвөрлөж байлаа. Гэтэл нэг өдөр кино группээс намайг энэ дүрд тогло гэсэн шийдвэр гарсан юм. Ингээд л надад том боломж нээгдсэн дээ.

-Тэр үед нэлээд баярласан биз?

-Мэдээж. Гэхдээ дараа нь айсан.

-Яагаад?

-Энэ том дүр авчихаад сайн тоглож чадахгүй бол тэдгээр итгэл хүлээлгэсэн уран бүтээлчид болон үзэгчидийнхээ нүүрийг яаж харна даа л гэж бодсон. Мөн энэ киног олон улсын иргэн үзэх болохоор агуу хааныхаа дүрийг муу гаргавал нэр хүндийг нь гутаана гэж их эмээсэн. Ялангуяа монголчууд хэрхэн хүлээж авах бол гэхээс айж байв. Гэхдээ би өмнө нь Монголын тухай олон ном уншсан болохоор зохиол нь нэг их хүнд санагдаагүй. Тэгээд ч миний хэлэх үг, хаана суух зохиолд байгаа юм чинь.

-Гэхдээ танд жүжиглэх асар том хариуцлага ноогдож байгаа шүү дээ?

-Тийм. Дүрийн агуулга тодорхой байгаа юм чинь би найруулагчийнхаа үгээр тоглоход л болно шүү дээ. 

-Кино гарсны дараа танай улсын үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Сайхан хүлээж явсан. Гэхдээ энэ кино хийгдсэнийхээ дараа дэлгэцээр шууд гараагүй. Эхлээд CD болоод олон хүнд тараагдсан юм. CD авч үзсэн хүмүүс над руу утсаар “Сайхан кино болж. Сайн тоглосон байна. Баяр хүргэе” гэж ярьсан. Тэгэхэд л би тайвширсан даа. 

-Хятадын телевизээр гарахдаа зарим анги нь хасагдсан гэдэг юм билээ. Яагаад тэгсэн юм бол?

-30 ангитайгаас 26 болсон. Тэглээ ч энэ киногоор хятадууд эзэн Чингис хааныг мэдэж авсан нь хамгийн сайхан хэрэг. Монголын түүхийг сайн мэддэггүй хүмүүс Тэмүүжин ийм зорилготой, тийм үйл хэрэг бүтээсэн гэдгийг энэ киногоор харуулж чадсандаа баяртай байдаг.    

-Чингисийн дүрийг олон хүн бүтээсэн. Тэднээс хэнийг нь та онцлох вэ?

-Өнөөдөр Чингис хааныг хасаг хүн хүртэл манай хаан гэж булаацалдаж байна. Хэн нэгэн сайн хүнийг булаалцалдаж, муу нь аль болох өөрөөсөө зайлуулахыг хичээдэг шүү дээ. Тиймээс би энэ хаанаараа маш их бахархаж байна. 

-Танд Чингис хаантай төстэй зүйл бий юу. Таны нүдний харц нэг л ширүүн юм. Миний бодлоор энэ л төстэй юм шиг санагдлаа?

-Би тэр хүний дэргэд дэндүү жижиг. Гэхдээ хувцсыг нь өмсөөд дүрдээ орход өөрийгөө Чингис хаан болчихсон юм шиг санадаг (инээв).

-Таныг телевизээр харж байхад нэлээд том биетэй харагддаг. Дэргэдээс тань харахаар туранхай өндөр юм аа?

-Тийм байна уу. Аргагүй байх л даа. Чингисийн дүрд тоглохдоо өргөн цээжтэй, том дуулгатай зузаан хувцас өмссөн юм чинь. Та үүгээр л хүлээж авсан байх.  
 
-Чингисийн дүрд тоглож байхад хамгийн хэцүү зүйл юу байв?

-Хэн нэгний дүрд тоглож байгаа жүжигчин зогсохоос нь эхлээд л бүх зүйл үнэмшилтэй харагдах ёстой. Би Чингисийн дүрд тоглох гэж байхдаа дүрдээ орохын тулд маш их ажилласан. Есөөс аравдугаар сарын хооронд өдөрт гурван цаг л унтдаг байсан. Миний амьдралын хамгийн том бахархал бол Чингисийн дүрд тоглосон минь юм.  

-Тэр үед та хэдэн настай байсан бэ?

-45 настай байлаа. Гэхдээ 20 гаруйхан настай баатар эрийн дүрийг бүтээхэд амар байгаагүй л дээ. Хамгийн гол нь биеийн байдал нүдний харцнаас дүр хамаардаг.  

-Киногоо үзэж байхдаа аль нэг хэсэгт нь дүрээ дутуу гаргачихсан байна даа гэсэн бодол төрдөг үү?

-Байлгүй яах вэ. Энэ киногоо олон удаа үзсэн. Тэр хэсэгт тэгдэг байж, ингэдэг байж гээд л. 

-Энэ дүрийн дараа “Аравт”-ын толгойлогч боллоо. Ямар санагдаж байна вэ?

-Чингисийн хүлгээс бууж жирийн баатрын хүлгийн жолоо атгалаа. Гэхдээ энэ хоёр хүн адилхан монгол баатар. Бас дэлхийн шилдэг дайчдаас илүү чин шударга, зоригтой эрс. Тиймээс нэг их ялгаатай санагдсангүй. Жүжигчин хүн тухайн дүрээ л сайн гаргавал зохино.

-Та өөр ямар баатрын дүр бүтээсэн бэ?

-“Чингис хаан” кинонд тоглосны дараа Японы “NHK” телевизийн урилгаар 40 ангит “Хубилай” кинонд Хубилайн дүрд тоглосон. Мөн Мөнх хааны дүр байна.

-Чингисийн дүрд тоглосон хүн Хубилай, Мөнх хааны дүрд тоглоход нэг их бэрхшээл тулгараагүй байлгүй?

-Энэ гурван хүн Монголын их хаан. Тиймээс хоорондоо төстэй. Харин ялгаатай тал нь өөр өөрсдийн зан байдал, байлдааны арга барил юм. Тэгээд ч аль алиных нь дүрийг зохиолд нарийн тодорхой гаргасан болохоор нэг их хүндрэл тулгараагүй ээ.  

-Танд яагаад ихэвчлэн хааны дүр оногддог юм бол?

-Энэ бол найруулагчийн л санаа шүү дээ. Тухайн хааны дүр надад тохирно гэж үзсэн болоод л тэд намайг тоглуулдаг байх. Харин би эдгээр дүрийг аль болох сайн тоглохын төлөө хичээж байна.

-Та одоогоор ямар хааны дүрд тоглох хүсэлтэй байна вэ?

-Шууд түүний дүрд гэж хэлж мэдэхгүй юм. Болдогсон бол бүгдийнх нь. Гэхдээ зөвхөн хааны дүр биш жирийн малчин эрийн дүрд тогломоор санагддаг. 

-“Аравт” киног бүтээх гэж та манай улсын уран бүтээлчидтэй хоёр жил хамтран ажиллаа. Ямар санагдав?

-Сайхан байлгүй яах вэ. Хоёр өөр улсад амьдарч байгаа ч гэлээ бид чинь нэг үндэстэн шүү дээ. Тэгэхээр ойлголцоход хялбар  байлаа. Харин зарим ёс заншил нь л өөр юм.

-Та манай улсад хэддэх удаагаа ирж байна вэ?

-Хоёр дахь удаагаа. Анх ирэхдээ танай нийслэлийг ийм олон өндөр байшинтай гэж бодож байгаагүй. Харин газар нутаг, ард түмнийх нь зан байдлын талаар олон номноос мэдсэн болохоор төсөөлөл байсан. Энэ киноны зураг авалтаар Увс аймагт очиж үзсэн. Уул, ус, хад асгатай аргагүй монгол нутаг юм даа гэж бодож байлаа.

-Омогшил төрж байв уу?

-Төрөлгүй яах вэ. Үгээр хэлэхийн аргагүй.

-Манайхны зан байдал ямар санагдаж байна вэ?

-Их сайхан зантай юм. Хэн ч хаана ч намайг сайхан хүлээж авсан. Ялангуяа жирийн малчид нь их энгийн сайхан угтсан. Тэдний аж амьдрал миний бодож байснаас нэг их зөрөөгүй.

-Та малчин гаралтай гэл үү?

-Тийм. Тиймээс танай улсын малчид илүү сайхан санагдлаа. Би аль болох хөдөө нутаг, малтай ойр байхыг хүсдэг. 

-Та монголоор сайн ярих юм аа?

-Бид адилхан Монгол үндэстэн шүү дээ. Тиймээс эх хэлээ мэдэлгүй яах вэ. Гэхдээ өмнө нь би сайн ярьж чаддаггүй байсан юм аа. Танай улсын уран бүтээлчид бидэнтэй байнга харилцаж, ярилцсаар байгаад гайгүй ярьдаг болсон.

-Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Жүжигчин мэргэжилтэй хүн байхгүй. Харин товшуур цохидог, хурим найрт ерөөл хэлдэг хүн байсан. Тэр хүн бол миний аав.  Намайг урлагт элэгтэй болоход нөлөөлсөн хүн дээ. 

-Гэр бүлийнхнийгээ танил­цуулаач?

-Би хожуу гэрлэсэн л дээ. Бага ангийн хоёр охинтой. Чингис хааны дүрд тоглож байхдаа хуримаа хийсэн юм. Эхнэрийг маань Т.Сарангоо гэдэг. Дуучин мэргэжилтэй.

-Та яагаад жүжигчин болсон юм бэ?

-Би 30 хүртлээ цэргийн уран сайханч хийсэн. Гэхдээ багаасаа кино, жүжиг их сонирхдог байсан минь нөлөөлсөн байх. Тиймээс цэргээс гарч киноны мэргэжил эзэмшихээр Өвөр Монгол руу зорьж байлаа. Гэхдээ шууд жүжигчин болоогүй. Арваад жил кино уран бүтээлчидтэй нь ажиллаж, кинонд яаж тоглодог, ажил яаж хийдгийг нь мэдэж авсан.

-Та анх хэний дүрд тоглов?

-Өвөр Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байхдаа нэг ч гэсэн туслах дүрд тоглож үзмээр санагдаад “Баруунаас ирсэн баатрууд” гэдэг кинонд 1991 онд тоглосон.

-Анхны тань дүр бас л баатар юм аа. Бэлгэшээлтэй санагддаг уу?

-Тийм шүү. Сайхан байдаг.

-Одоогоор киноны санал их ирж байна уу?

-Олон ирдэг.

-Та хаана амьдардаг вэ?

-Өвөр Монголын Шин­жан мужид.

У.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж