Донор болох эрхзүйн орчин хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Донор болох эрхзүйн орчин хэрэгтэй байна

Хотын дарга Г.Мөнхбаярын урилгаар Сингапур Азийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төвийн эмч нар манай улсад айлчиллаа. Тэд өчигдөр болсон Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд олон улсын онол практикийн II бага хуралд оролцов. Манай улсын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн ахлагч О.Сэргэлэн тэргүүтэй мэргэшсэн эмч нар, Эрүүл мэндийн сайд болон удирдах ажилтнууд  хуралд оролцож, санал бодлоо солилцсон юм. Манай улс өнөөдрийн байдлаар таван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн бөгөөд цаана нь 50 гаруй хүн хагалгаа хийлгэхээр хүлээж байгаа. Эдгээр хүний олонх нь донороо олоогүй байгаа юм байна. Донорын тухай хуулийн 3.9.2-т Шилжүүлэн суулгах эд эрхтэнг аль болох амьгүй донороос авбал зохино. Амьд донороос эрхтнийг авахдаа ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн бусад эрүүл хүнийг сонгоно гэж заасан байдаг. Энэ нь эхнэр нөхөр , найз нөхөд нэг нэгэндээ эд эрхтнээ өгөхийг үгүйсгэж байгаа юм. Тиймээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсныг хуралд оролцогчид онцолж байлаа. Хэрвээ энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал эд эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэв. ДЭМБ-аас бөөр, элэг шилжүүлэн суулгах донорыг цогцосноос буюу нас барсан хүний эд эрхтнээс авах үндсэн чиглэл барьж ажилладаг. Гэхдээ Азийн орнуудад Сингапурт ч гэсэн амьд хүнээс эрхтэн шилжүүлэн суулгах нь түгээмэл байдаг байна. Сингапур улсын элэгний мэс засалч Тан Кай Чан, Салле Ибратим, амьсгалын физикч Ли Канг Хо нар  Монголд хорт хавдраар нас барагсдын тэргүүлэх шалтгаан нь элэгний хорт хавдар байгааг сонсоод гайхснаа нуугаагүй. Учир нь тус улсад элэгний хорт хавдар нас баралтын дөрөв дэх шалтгаан болдог бай­на. Тиймээс дархлаажуулалт, урьд­чилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг аминчлан захив. Мөн манай улсыг В вирусийн эсрэг вакцинжуулалт хийж эхэлснийг сайшаагаад “Манай улс В вирусийн эсрэг вакцинжуулалт хийж эхэлснээр өвчлөл гурван хувь болтлоо буурсан” гэв. Мөн Монголын эмч мэргэжилтнүүд дэлхийн бусад нэр хүнд бүхий эмчилгээний төвүүдтэй  хамтран ажиллах шаардлагатайг хэлэв. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байгаа. Үүнийг хэрхэн дүгнэж байна. Манай эмч нартай хамтарч мэс засал хийх үү?

Тан Кай Чан: Монголын элэг шилжүүлэн суулгах баг амжилттай ажиллажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд таван хүнд мэс засал хийсэн байна. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг амаргүй.  Анхны мэс заслаа солонгос эмч нартай хамтарч хийсэн нь зөв сонголт болсон гэж бодож байна. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад бэлэн. Энэ тухайгаа Улаанбаатар хотын захирагч болон Эрүүл мэндийн сайдад дуулгасан.

-Та бүхэн өчигдөр /ур­жигдар/ зарим хүнд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн гэсэн. Монголчуудын элэгний өвчлөлийн талаар ямар бодолтой байна?

Ли Канг Хо: Үзүүлсэн хүний  1/3 нь урьд нь Сингапурт эмчилгээ хийлгэж байсан юм билээ. Тиймээс унааны зардлыг нь хэмнэж, нутагт нь ирж үзлэг хийлээ. Олонх нь элгэний  В, С вирустэй байсан. Мөн элгэний хатуурал, хорт хавдартай хүн цөөнгүй байлаа. Тэдний 1/3 нь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай хүмүүс.

Танай улсад элэгний эмгэ­гийн өвчлөл их, мэс засалд орох шаардлагатай хүн олон байгаа ч төлбөрийн чадваргүйн улмаас орж чадахгүй байгааг эмч нар хэллээ. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороход 50 сая төгрөг хэрэгтэй бөгөөд ийм хэмжээний мөнгөтэй жирийн иргэн хэд байгааг хэлэхэд бэрх. Тиймээс Эрүүл мэндийн даатгалаар хэчнээн хувийг нь төр, хэдийг нь иргэн гаргах боломжтойг шийдвэрлэх хэрэгтэй юм. Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 11 сая төгрөг зарцуулдаг. Үүний найман саяыг төрөөс дааж, үлдсэн хувийг нь өвчтөн өөрийнхөө халааснаас гаргадаг. Мөн элэг шилжүүлэн суулгахад тулгарч байгаа асуудал нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж, мэс заслын өмнө болон дараах үед хэрэглэх эм тариа дутмаг байгаа аж. Элэгний өвчлөлийн эмгэгийн талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн зөвлөх эмч Э.Туулаас тодрууллаа.

Э.ТУУЛ:ЗАЛУУ ХҮНИЙ ЭЛЭГ ЖИЛИЙН ДОТОР ХЭВИЙН ХЭМЖЭЭТЭЙ БОЛДОГ

-Элэгний өвчлөл буурахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Хоол боловсруулах эрхтний өвчлөлийг элэгний эмгэг тэргүүлж байна. Элэгний эмгэгийн өвчлөл буюу вирусийн гаралтай элэгний үрэвсэл, цирроз нь нас баралтын эхний шалтгаан болж байгаа. Жил бүр элэгний цочмог өвчлөл буурахгүй, B, C вирусийн халдвар хүн амд нэлээд тархсан нь  элэгний хорт хавдраар  нас барах гол шалтгаан болж байна.  Улсын клиникийн төв эмнэлгийн 2011 оны судалгаагаар нас барсан хүмүүсийн олонх нь элэгний хорт хавдраар өвчилсөн байсан. 

-Амьгүй донороос эд, эрхтэн авах эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн ихэнх орон амьд бус донороос эд эрхтэн авах нь тохиромжтой гэж үздэг. Гэтэл манай улсад энэ нь хязгаарлагдмал. Цусан төрлийн ах дүү нар л эд, эрхтнээ бие биедээ бэлэглэж болохоос гэр бүлийн хоёр хүн нэг нэгэндээ эд, эрхтнээ өгөхийг хуулиар зөвшөөрөхгүй байна шүү дээ.

-Донор болсон хүний элэг хэдий хугацаанд нөхөн төлжих боломжтой байдаг вэ?

-Тухайн хүний наснаас шалтгаална. Залуу хүний элэг богино хугацаанд нөхөн төлждөг. Эхний нэг сараас төлжиж эхлээд жилийн дотор хэвийн хэмжээнд хүрдэг.

-Элэгний өөхлөлт нэмэгдэж байгаа гэх юм. Шалтгаан нь юу юм бэ?

-Манай улсад вирусээс үүсдэг бол хөгжилтэй оронд архи, хэт таргалалтаас болж элэг өөхөлж, хавдар болж хүндэрдэг. Манай хүн амын дунд таргалалт, бодисын солилцооны эмгэг, элэгний өөхлөлтийн шалтгаантай хавдар нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн чухал.

Ч.БОЛОРТУЯА
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж