-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байгаа. Үүнийг хэрхэн дүгнэж байна. Манай эмч нартай хамтарч мэс засал хийх үү?
Тан Кай Чан: Монголын элэг шилжүүлэн суулгах баг амжилттай ажиллажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд таван хүнд мэс засал хийсэн байна. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг амаргүй. Анхны мэс заслаа солонгос эмч нартай хамтарч хийсэн нь зөв сонголт болсон гэж бодож байна. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад бэлэн. Энэ тухайгаа Улаанбаатар хотын захирагч болон Эрүүл мэндийн сайдад дуулгасан.
-Та бүхэн өчигдөр /уржигдар/ зарим хүнд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн гэсэн. Монголчуудын элэгний өвчлөлийн талаар ямар бодолтой байна?
Ли Канг Хо: Үзүүлсэн хүний 1/3 нь урьд нь Сингапурт эмчилгээ хийлгэж байсан юм билээ. Тиймээс унааны зардлыг нь хэмнэж, нутагт нь ирж үзлэг хийлээ. Олонх нь элгэний В, С вирустэй байсан. Мөн элгэний хатуурал, хорт хавдартай хүн цөөнгүй байлаа. Тэдний 1/3 нь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай хүмүүс.
Танай улсад элэгний эмгэгийн өвчлөл их, мэс засалд орох шаардлагатай хүн олон байгаа ч төлбөрийн чадваргүйн улмаас орж чадахгүй байгааг эмч нар хэллээ. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороход 50 сая төгрөг хэрэгтэй бөгөөд ийм хэмжээний мөнгөтэй жирийн иргэн хэд байгааг хэлэхэд бэрх. Тиймээс Эрүүл мэндийн даатгалаар хэчнээн хувийг нь төр, хэдийг нь иргэн гаргах боломжтойг шийдвэрлэх хэрэгтэй юм. Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 11 сая төгрөг зарцуулдаг. Үүний найман саяыг төрөөс дааж, үлдсэн хувийг нь өвчтөн өөрийнхөө халааснаас гаргадаг. Мөн элэг шилжүүлэн суулгахад тулгарч байгаа асуудал нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж, мэс заслын өмнө болон дараах үед хэрэглэх эм тариа дутмаг байгаа аж. Элэгний өвчлөлийн эмгэгийн талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн зөвлөх эмч Э.Туулаас тодрууллаа.
-Элэгний өвчлөл буурахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?
-Хоол боловсруулах эрхтний өвчлөлийг элэгний эмгэг тэргүүлж байна. Элэгний эмгэгийн өвчлөл буюу вирусийн гаралтай элэгний үрэвсэл, цирроз нь нас баралтын эхний шалтгаан болж байгаа. Жил бүр элэгний цочмог өвчлөл буурахгүй, B, C вирусийн халдвар хүн амд нэлээд тархсан нь элэгний хорт хавдраар нас барах гол шалтгаан болж байна. Улсын клиникийн төв эмнэлгийн 2011 оны судалгаагаар нас барсан хүмүүсийн олонх нь элэгний хорт хавдраар өвчилсөн байсан.
-Амьгүй донороос эд, эрхтэн авах эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнд ямар бодолтой байна вэ?
-Дэлхийн ихэнх орон амьд бус донороос эд эрхтэн авах нь тохиромжтой гэж үздэг. Гэтэл манай улсад энэ нь хязгаарлагдмал. Цусан төрлийн ах дүү нар л эд, эрхтнээ бие биедээ бэлэглэж болохоос гэр бүлийн хоёр хүн нэг нэгэндээ эд, эрхтнээ өгөхийг хуулиар зөвшөөрөхгүй байна шүү дээ.
-Донор болсон хүний элэг хэдий хугацаанд нөхөн төлжих боломжтой байдаг вэ?
-Тухайн хүний наснаас шалтгаална. Залуу хүний элэг богино хугацаанд нөхөн төлждөг. Эхний нэг сараас төлжиж эхлээд жилийн дотор хэвийн хэмжээнд хүрдэг.
-Элэгний өөхлөлт нэмэгдэж байгаа гэх юм. Шалтгаан нь юу юм бэ?
-Манай улсад вирусээс үүсдэг бол хөгжилтэй оронд архи, хэт таргалалтаас болж элэг өөхөлж, хавдар болж хүндэрдэг. Манай хүн амын дунд таргалалт, бодисын солилцооны эмгэг, элэгний өөхлөлтийн шалтгаантай хавдар нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн чухал.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин