Энэхүү нууцлаг өвчин анх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажиглагджээ. Тэгсхийгээд намжсан ч өнгөрсөн сараас эхлэн Куанг Нгай мужийн уулархаг, ядуу бүс нутагт дахин дэлгэрч эхэлсэн байна. Нутгийн оршин суугчид халдвар авсан хүнтэй байшингийн зам дээр мөчир тавьж, өвчний голомтыг тусгаарлах оролдлого хийж байгаа ч амжилт олохгүй байгаа аж.
"Бид өвчтэй хүн байгаа байшингийн замыг хааж, тэднийг гаргалгүйгээр өвчний тархалтыг зогсоохыг оролдож байна. Ямар өвчин гэдгийг мэдэхгүй байгаа болохоор залбирал, зан үйлээрээ л өвчнийг зайлуулах найдлага тавьж байна" хэмээн тосгоны оршин суугч ВВС-д ярилаа. Вьетнамын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, ямар нэг химийн бодисын улмаас уг халдвар тархаж байгаа бололтой. Хөрш Бинх Динх мужид, олон арван хүн уяман өвчин тусч эмнэлэгт тусгаарлагдаад байна. Вьетнамын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс тусламж хүсчээ.
Энэ хоёр байгууллагаас одоогоор Вьетнамд гарсан учир битүүлэг өвчний талаар мэдэгдэл хийгээгүй байна. Вьетнамд 2005-2009 онд шувууны ханиад өвчин хүчээ авч олон арван хүний аминд хүрсэн юм. Халдварт өвчний хамгийн их голомттой улсын нэг нь Вьетнам юм.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин