“УИХ, ИТХ-ын сонгуулийг хамт хийнэ”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“УИХ, ИТХ-ын сонгуулийг хамт хийнэ”

МАН-ын  Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын  талаар тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодрууллаа. 

-МАН-ын  Удирдах зөв­лөлийн хурал боллоо.  Ямар ямар асуудал хэлэлцэв? 

Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон зарим нь дотоод асуудал  хэлэлцлээ. 

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар Ажлын хэсгийн саналыг  дэмжсэн үү? 

-Ер МАН сонгуулийн шинэчлэлийг Монгол Улсад хий­хийн төлөө байгаа. Энэ удаагийн парламентад олонхийн суудлыг эзэлж байгаагийнхаа хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуульд олон өөрчлөлт хийж, тогтолцооноосоо эхлүүлээд явуулах үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, ялангуяа сон­гогчдын саналд шууд нөлөөлдөг бэлэн мөнгө амлах зэр­гийг таслах чиглэлээр маш олон заалтууд оруулсан. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах асуудлаар хоёр намын бүлэг  ярилцсан. Хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол хүний болоод техникийн хүчин чадал, эрх зүйн талаасаа шахалт орж ирж байна. Хоёр нам хичнээн зөвшилцөж шийд­вэр гаргах ч тэр нь заавал Үндсэн хуулийн хүрээнд байх ёстой. Мөн амьдралд бодитоор хэрэгжих хууль гарах ёстой. Энэ утгаараа хоёр сонгуулийг  хамт зохион байгуулах нь орон нутагт зохион байгуулалт,  хүний нөөц, төсөв хөрөнгө, байр савтай холбоотой том хүндрэл  гарах  нь гэдгийг  авч үзсэн. Ингээд УИХ-д суудалтай хоёр  намаас Ажлын хэсэг гаргаад парламентын  үйл  ажиллагааг  цаашид төгөлдөршүүлэх хэд хэдэн саналуудаар зөвшилцсөн  байна. Энэ дүгнэлтийг Удирдах зөвлөлийн хурал дээр сонсголоо. Удирдах зөвлөл хэлэлцээд Аж­лын хэсгийн саналыг дэмжсэн. 

-Тэгэхээр УИХ-ын сонгуультай цуг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуу­лийг хийхээр  болсон  гэсэн үг  үү? 

-Тэгсэн.  Харин аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуулийг  намар аравдугаар сард хийдгээр нь хийе гэсэн. Удирдах зөвлөл асуудлыг намын бүлэг рүү шилжүүлсэн  байгаа.

-Сонгуулийн товыг энэ долоо хоногт зарлах ёстой. Яг хэзээ гэдгийг нь Удирдах зөвлөлөөр  ярив уу? 

-Хуулиараа энэ долоо хоногт зарлах ёстой. Ирэх пүрэв, баасан гаригийн аль нэгэнд нь зарлах  байх. Ер нь пүрэв гаригийн нэгд­сэн чуулганаар зарлах болов уу. 

-МАН-ын  Бага хурал ойрын  үед болно гэсэн. Тов  нь  гарсан  уу? 

-Тавдугаар сарын 1-нд  болно. Энэ удаагийн  Сонгуулийн ту­хай хуульд  “сонгууль товлон зарласнаас хойш” гэж хугацаа зааж өгөөд СЕХ-нд улс төрийн нам, эвслүүд сонгуульд оролцох эрхээ нээлгэх  ёстой. Сонгуульд оролцож байгаа субьектууд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө хамт өгөх  ёстой юм. Тэгэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр нь  аудитоор баталгаажсан  байна. Яг  энэ горимын дагуу МАН тавдугаар сарын 1-ний өдөр Бага хурлаа хийж, 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Энэ өдөр мөн дашнямтай өдөр  таарч байгаа. 

Б.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж