“Үйлдвэрлэлийн осол сүүлийн жилүүдэд буурч байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Үйлдвэрлэлийн осол сүүлийн жилүүдэд буурч байгаа”

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, сарын аяны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мэргэжлээс шалтгаалах өвчин, эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний удирдамжийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийн хугацаа, үзүүлэлтийг тогтоогоод 40 гаруй жил болж байгаа ажээ. Энэ хугацаанд нийт 8877 мэргэжлээс шалтгаалсан өвчин гарсанаас хамгийн өндөр болох 60 гаруй хувийг уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс эзэлж  байна. Тэр дундаа өнгөтийн буюу жонш, алтны уурхайд ажиллаж буй хүмүүс өвчлөлийн өндөр тохиолдол байдаг гэнэ. Түүний дараа  барилга, зам ,тээвэр салбарууд ордог байна. Насжилтын тухайд 50-аас дээш насныхан байдаг. Харин өвчний ангиллын тухайд, тоосны шалтгаант өвчин, амьсгалын замын болон мэдрэлийн, гэмтэл, хордлого, харшлын өвючнүүд эхний таван байрыг эзэлж байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд химийн гаралтай хордлогууд ихсэж байгаа нь энэ талаарх хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын өдрийг тэмдэглэж эхэлсэний дагуу Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д нэмэлт оруулж, ийнхүү тэмдэглэдэг болжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд олон хэлбэрийн үр нөлөөтэй ажлыг зохиох боломж нэмэгдэж байгаа ажээ.  

“2011 онд үйлдвэрлэлийн осол өмнөх онынхоос 10 орчим хувиар өссөн байна. Өнгөрсөн онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 18,8 хувийг уул уурхай, 16 хувийг барилгын салбар эзэлж байгаа нь эрсдэл өндөртэйг харуулж байна. Харин 2012 оны эхний байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, идэвхтэй хяналтанд орсон 5241 иргэн байгаагийн 4301 буюу 82 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байсан гэсэн судалгааг МХЕГ-аас гаргасан бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотой” хэмээн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Алимаа хурлын үеэр мэдээлж байсан.

Манай улс 1997 оноос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг тасралтгүй 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын ажлын үеэр ХАБЭА-н үндэсний 4 дэх хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан бөгөөд хөтөлбөр 2012-2016 оныг хамарч хэрэгжих гэнэ. Хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангах, салбарын яамдын түвшинд үйл ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэг асуудлыг  түлхүү анхаарч байгаа ажээ.  

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэнгээс үйлдвэрлэлийн ослын тухай тодрууллаа.

-Үйлдвэрлэлийн осол гэмтлийн дийлэнхийг аль салбар эзэлж байна вэ?

-Үйлдвэрлэлийн осол сүүлийн таван жилээр авч үзэхэд, 2008 онд 491 удаа гарсан хамгийн өндөр тохиолдол байна. Үүнээс хойш буурч байгаад, 2011 онд 403 үйлдвэрлэлийн ослын тохиолдол гарсан. Үүнд 75 хүн амиа алдсан гэсэн тоо бий. Уул уурхай дагаж олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Нийт салбарын хувь хэмжээгээр, нийт 403 осолд, 431 хүн өртсөн. Энэ нь уул уурхайн болон барилгын салбар юм. Мөн эрчим хүч, зам, тээврийн салбарын үйлдвэрлэлийн осол дийлэнх байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулахад ямар ажил цаашид хийх вэ?

-Жил бүрийн 28-ны өдрийг дэлхий нийтээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг 1999 оноос Монгол Улс тэмдэглэж байсан. Энэ жил анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан юм. Тиймээс энэ хүрээнд сарын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн талаар аймаг, нийслэл, дүүргийн салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ-ны орон нутгийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, төлөөлөгч нарын улсын хэмжээний сургалтыг энэ сарын 25-26-нд анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж