Эрч хүчний тэсрэлт “Спрайт” брэндээр овоглосон Спрайт супер лигийн 2012 оны улирлын плей-оффын хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, аваргын цомын төлөө тоглох багуудын нэр тодорлоо. Энэ жилийн лигийн аваргын цомын төлөө 2009 оны буюу анхны Спрайт хөгжлийн лигийн аварга “ОТИС”, 2011 Спрайт хөгжлийн лигийн аварга, энэ жилийн Спрайт супер лигт нэг ч хожигдол хүлээгээгүй байгаа “Танан Импекс” багууд тоглох эрхтэй боллоо.
2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс” баг хагас шигшээд 2010 оны Спрайт супер лигийн аварга “Хасу мега старс” багийг 3:0 харьцаатайгаар илт давуу хожиж аваргын төлөө тоглох эрхээ авсан. Цувралын гурав дахь тоглолтод “Хасу мега старс” баг хожил авах гэж хичээсэн байсан хэдий ч эцсийн мөчид 91:82 харьцаатайгаар “Танан Импекс” хожлоо. Тус тоглолтод “Танан Импекс” багаас онооны лидер О.Ууганбаяр 27 оноо, +4 самбар, +2 блок хийж, шилдгээ дахин баталсан. О.Ууганбаяраас гадна М.Дорждавга 15 оноо, +11 самбар авч дабль дабль хийсэн бол Очирбат 14 оноо, +9 самбар, Г.Ихбаяр 13 оноо, +5 самбар, + 5 оновчтой дамжуулалт хийж багаасаа шилдэг тоглолт үзүүлэн багаа хожилд хүргэсэн. Харин “Хасу мега старс” багаас гарааны таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан хэдий ч баг нь 3 дахь хожигдлоо хүртэн, энэ жилийн Спрайт супер лигийг орхиж байна.
2009 оны буюу анхны Спрайт хөгжлийн лигийн аварга “ОТИС” болон 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн “Эрдэнэдрийлинг RIGS” багууд хагас шигшээн цувралын гуравдахь болон дөрөвдэх тоглолтоо хийсэн. Цувралын эхний тоглолтонд “Эрдэнэдрийлинг RIGS” баг үе бүрт илүүрхэж байсан хэдий “ОТИС” баг цувралын хоёр болон гуравдахь тоглолтонд дараалан ялалт байгуулснаар цувралыг тэргүүлж эхэлсэн. Энэ нь тэднийг тийм хялбар өрсөлдөгч биш гэдгийг харуулж байна. Цувралын гуравдахь тоглолтонд эцсийн мөчид “ОТИС багийн Эрдэнэбаяр торгуулын хоёр шидэлтээ амжилттай болгосноор 85:83 харьцаатайгаар “ОТИС” баг хожсон. Тус тоглолтонд “ОТИС” багаас Б.Билгүүн 26 оноо, +8 самбар, +4 бөмбөг таслалт хийж багийнхаа тоглогчдоос оноо авалтаар тэргүүлсэн. Харин түүний дараа багтаа хожил авчирсан Эрдэнэбаяр 20 оноо, Нямдорж 14 оноо, +11 самбар авч дабль дабль хийж багаа хожилд хөтөллөө. Харин “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Оюунбаатар 16 оноо, Мөнхнасан 13 оноо, Гантулга 12 оноо, Батмөнх 11 оноо аван шилдгүүд байсан ч баг нь хожигдлоо. Цувралын дөрөвдэхь тоглолтонд “ОТИС” баг мөн хожил авч энэ жил лигийн аваргын төлөө тоглох эрхээ авсан.
Тус хоёр багийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын 28-ны 18.00 цагт болох бол хариу тоглолт 29-ний 19.30 цагт Тэмүүжин спорт зааланд болно. Тэдний хувьд Спрайт супер лигийн шилдэг багууд бөгөөд энэ жилийн аваргын цомыг өргөсөн нь Спрайт хөгжлийн болон Спрайт супер лигийн аварга болох юм.
Эмэгтэй “Говь81” баг “ХХБ” багийг цуврал тоглолтонд 2:0 харьцаатайгаар буулган авснаар энэ жилийн аваргын төлөө тоглох эрхтэй болж байна. Харин “МУИС” болон “Хөвсгөл нэг үе” багуудын цуврал тэнцсэн учир нэмэлт тоглолтонд ялалт байгуулсан нь “Говь81” багтай аваргын төлөө тоглоно. Нэмэлт тоглолт сарын 29-ны 18 цагт “Тэмүүжин спорт зааланд болно.